Шууд Chart

К.Косачев ярьснаа хоосон орхихгүй, заавал ажил хэрэг болгоно гэж амлалаа

2020-01-17 11:26:48

Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга Константин Косачевтай уулзах үеэрээ сайн хөршийн найрсаг харилцаагаа худалдаа, эдийн засгийн өргөн агуулгаар баяжуулах, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болсныг тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн онд 80 жилийн ойг нь тэмдэглэсэн Халхын голын ялалт бол хоёр орны ард түмнүүдийн хамтын ялалт, найрамдал нөхөрлөлийн бат илэрхийлэл болохыг онцлон дурдлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны хооронд хийж буй худалдааны эргэлтэд тэнцвэрийг хангах нь чухал гэж үзэж байгаагаа хэллээ. Өөрөөр хэлбэл Монголоос Орост экспортолж буй бараа, бүтээгдэхүүний хэмжээ Оросоос Монголд оруулж буй бүтээгдэхүүний нийт хэмжээнээс хэдэн арав дахин бага байгааг өөрчлөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 

Мөн манай экспортын бараа бүтээгдэхүүний татварыг багасгах буюу нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах, хийн хоолой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хойшлуулалгүй ажил хэрэг болгоход Холбооны Зөвлөл онцгойлон анхаарна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглэв.

Ноён К.Косачев “Би Монголд хайртай. Олон удаа танай сайхан оронд очиж байсан. Ах дүү ёсны хамтын ажиллагаа, дайны талбар, энх цагийн аль алинд гүн бат нөхөрлөлөөр гагнагдсан харилцаагаа шинэ үед шинээр баяжуулан, хөгжүүлэх нь Та бидний үүрэг юм” гэлээ.

Тэрбээр “Евразийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн коридор зэрэг үр ашиг нь тодорхой, өгөөж нь их төслүүдэд Монгол Улс идэвхтэй оролцох нь чухал юм. Бидний хувьд ярьснаа хоосон орхихгүй гэдэгт итгэж болно. Дэвшүүлсэн, тохиролцсон асуудлуудаа заавал ажил хэрэг болгоно” хэмээн амлалаа.


К.Косачев ярьснаа хоосон орхихгүй, заавал ажил хэрэг болгоно гэж амлалаа  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй