Шууд Chart

Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн “ХААН” галерейд нээгдлээ

2020-01-17 11:27:34

Далны ясан сийлбэрээр хэдийнэ олоны танил болсон Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн “ХААН” галерейд нээгдлээ.

Тэрбээр сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа тууштай, хөдөлмөрч уран бүтээлч билээ.

Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог нь Монголд анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр хэмжээтэй “Далай” хэмээх өвөрмөц бүтээл үзэгчдэд хүрээд буй. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг бэлгэдэж “Далай” хэмээн нэрийджээ. Гэхдээ далны ясны онцлог хэлбэрийг тодорхой шингээн хуурай модоор сийлсэн байна.

Сийлбэрч “Далай” бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат баатар мэт тодрон харагдах нь сүрлэг.

Үзэсгэлэнд нэн шинэ орчин үеийн урлагийг эртний домгийн урлагтай хослуулсан “Өрөг” нэртэй бүтээлээ танилцуулаад буй. Тэрбээр мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж бог малын далны ясыг хөх өнгөөр будаж, эртний Монголчууд далны ясаар мэргэ төлөг буулгадаг байсан түүхэн уламжлалаас санаа авчээ. Уран бүтээлч Т.Баттогтох далны сийлбэрүүдээс гадна далны ясны хэлбэртэй хүрэл баримал бүтээсэн нь мөн үзэсгэлэнд тавигджээ.

Эртний олдворыг ашиглан баатрын дүрийг бүтээхдээ хүрэл цутгамал далны ясыг малгайн орой дээрх чимэг болгон босгосон нь шинэлэг хийгээд тус үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг, тод өнгө нь болж буй юм.

Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Баттогтохын “Далны симфони” үзэсгэлэн “ХААН” галерейд нээгдлээ  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй