Шууд Chart

Японы “Skydrive” компанийн дрон 30 кг ачааг зөөвөрлөнө

2020-01-19 12:01:32

Японы SkyDrive компани зураг дүрс авах бус харин ачаа барааг тээвэрлэх зориулалтын дроныг хөгжүүлэхийг зорьж байна. Тус компанийн бүтээгээд байгаа нисдэг төхөөрөмжүүд дээд тал нь 30 кг ачааг тээвэрлэх чадалтай. Мөн Японы засгийн газраас дронын технологийг хөгжүүлдэг компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Энэхүү дрон нь өөрөө газардахгүйгээр ачаагаа бэхэлгээний оосроор агаараас доош буулгах чадвартай юм. SkyDrive компанийн албаныхан бартаа ихтэй, автомашин явах боломж хязгаарлагдмал газар нутагт эдгээр нисдэг төхөөрөмж нь бараа хүргэлтийг хийх боломжтой аж. Тус компанийн шинэ төрлийн дронын туршилтын нислэгийг өнгөрсөн сарын эхнээс явуулж байна. Ер нь хүнд жинтэй бараа материаллаг зөөвөрлөх чадвартай дронууд олон байдаг хэдий ч SkyDrive компанийн нисдэг төхөөрөмжүүд ачаа тээвэрлэлтэд зориулан бүтээгдсэн, бусад дроноос илүү хүнд ачааг өргөх чадвартай гэдгийг онцолжээ.

Тус компани цаашид энэхүү дроноо улам боловсронгуй болгож, 100 кг ачааг зөөвөрлөдөг болгохоор зорьж байна. Үүнээс гадна Олон улсын дрон үйлдвэрлэлийн зах зээлийн 70 хувийг Хятадын компаниуд эзэлж байгаа учраас Япон улс дотоодын дрон үйлдвэрлэгчдээ дэмжихэд онцгой анхаарал хандуулж эхэлжээ. Японы засгийн газраас дотоодын дрон үйлдвэрлэгчдээ дэмжих хөтөлбөрийн хүрээнд бага хүүтэй зээлийг олгох талаар төлөвлөж байна. Мөн дрон үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэхээс гадна төрөөс татаас олгох бодлогыг хүртэл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа талаар Эн Эйч Ки агентлаг уламжилжээ.

Гэхдээ компаниуд Японы засгийн газрын энэхүү санхүүгийн дэмжлэг хөтөлбөрт хамрагдахыг тулд тодорхой шалгууруудыг давах ёстой болж байна. Үүний нэг нь Японы дрон үйлдвэрлэгчид нисдэг төхөөрөмжийнхөө авсан зураг, дүрсийг хакердуулах, хулгайд алдахаас сэргийлэх технологийг хөгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Японы тээвэр, зууч болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын нисдэг төхөөрөмж болон дронын хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы “Skydrive” компанийн дрон 30 кг ачааг зөөвөрлөнө  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй