Шууд Chart

Фашизмын эсрэг жагсаалын үеэр зарим иргэн Владимир Путиныг эсэргүүцэж байгааг илэрхийлжээ

2020-01-20 16:23:36

ОХУ-д Фашизм, дарангуйллыг эсэргүүцсэн жагсаал жил бүр болдог. Тэгвэл энэ жилийн фашизмын эсрэг жагсаалын үеэр зарим иргэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэж байгааг илэрхийлжээ.

Улс төрийн жагсаал, тэмцлийг ажиглагч Вайт Каунтер гэр группын мэдээлснээр ням гарагт Оросын нийслэл Москва хотод болсон фашизмын эсрэг жагсаалд 1400 гаруй хүн оролцсон байна. Жагсаалд  оролцогчдын зарим нь Орос улсын өнөөгийн удирдагчдыг эсэргүүцэж байгаагаа мөн давхар илэрхийлжээ. Тодруулбал, Оросын ерөнхийлөгч Владимир Путин үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, манай хойд хөршийн улс төрийн тогтолцоонд томоохон шинэчлэлт явуулах саналыг гаргасны дараагаар ийнхүү түүнийг зарим иргэн эсэргүүцэж байгаа юм. Энэхүү үндсэн хуулийн өөрчлөн шинэчлэлт нь Владимир Путинд  Оросын төрийн эрх мэдлийг хугацаагүйгээр атгах боломжийг олгоно гэж барууны зарим хэвлэл мэдээлж байгаа юм. Түүний 4 дэх удаагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах юм. 

Владимир Путиний парламентын болон засгийн газрын эрх мэдлийг өргөжүүлэх үндсэн хуулийн өөрчлөлтийн эсэргүүцсэн иргэдийн ихэнх нь залуучууд байж. Жагсагчид “Хувьсгал”, “Дарангуйллын  эсрэг” гэсэн уриа лоозонг барьсан байжээ. 

Мөн Москва хотын төв талбайд цугласан иргэд 2009 онд буудуулан амь насаа алдсан Оросын сэтгүүлч Анастасиа Бабурова болон хуульч Станислав Маркелов нарын эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ. Жагсагсагчдын зарим нь Оросын үндсэн хуулийн хуулбарыг барьсан байсан төдийгүй Путиныг албан тушаалаасаа буухыг уриалж байжээ. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 10 хүн баривчлагдсан талаар мэдээлэл гарчээ. Өнгөрсөн долоо хоногт Оросын ерөнхийлөгч Путин үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналыг тавьж, удалгүй Димитрий Медведевийн тэргүүлж байсан засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Оросын өнөөгийн үндсэн хуулийг 1993 онд буюу Борис Ельцинийн үед баталснаас хойш анх удаагаа томоохон өөрчлөлт оруулах асуудал  яригдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фашизмын эсрэг жагсаалын үеэр зарим иргэн Владимир Путиныг эсэргүүцэж байгааг илэрхийлжээ  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-20 16:57
Нэг намын засаг гэж тодорхой тэмцээч

Бидэнтэй нэгдээрэй