Шууд Chart

Горимын санал дэмжигдэж, Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдахаар болов

2020-01-21 16:12:46

Улсын  Их Хурлын Ёс зүйн дэд хорооны энэ оны анхны хуралдаан өнөөдөр (2020.01.21) 14 цаг 55 минутад 9 гишүүний 7 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хуралдааныг дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалав. Дэд хорооны энэ удаагийн хуралдаанаар Улсын Их Хурлын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан тухай асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.

“Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах тухай хүсэлтийг тус дэд хороонд ирүүлсэн. Мөн Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн байна.

Харин Ёс зүйн дэд хорооны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцээд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар, мэдээллийг авах, судалж дүгнэх нь зүйтэй хэмээн үзэж, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм.

Дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан гишүүний нэр төртэй холбоотой асуудал яригдахаар болж буй учраас асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Горимын санал дэмжигдэж, Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдахаар болов  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй