Шууд Chart

ШӨХТГ зарим худалдааны төвүүдэд шаардлага хүргүүлжээ

2020-01-22 17:02:13

Агентлагийн даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/32, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот удирдамжуудын дагуу худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “УИД-Номин”, “Наадам” салбар, “XI хороолол” салбарууд, “Скайхайпермаркет” ХХК-ийн ХУД “И-март”, БГД “И-март” хайпермаркет салбарууд, “ТТЕМ” ХХК “Ханбүргэдэй” төв салбар, “Алтан жолоо” групп “УБ-Сансар” салбар, СБД-т байрлах “Гэжо” ХХК-ийн “Уулзвар” ресторан-бар, БГД “БСБ” ХХК-ийн “Life style” тавилгын их дэлгүүр зэрэг газрууд тус тус хамрагдлаа.

Тус хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчид худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй, хаяг, шошгын зөрчилтэй, бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодол гэмтсэн хадгалалтын горимыг зөрчсөн, бараа бүтээгдэхүүнийг буцаах, солих журамд заасны дагуу хэрэглэгчдийн гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй хэрэглэгчийг чирэгдүүлдэг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд зөрчил гаргасан “Номин тав трейд” ХХК-ийн УИД “Номин” худалдааны төв, “Скайхайпермаркет” ХХК-ийн ХУД “И-Март” худалдааны төв, СБД-т байрлах “Уулзвар” лоунж зэрэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардаж улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэв.

Мөн бусад томоохон худалдааны төв, супермаркетууд, сүлжээ дэлгүүрүүдэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган зөрчил, дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөсөн ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүллээ.

Тус агентлагаас хүргүүлсэн улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА-аар өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй буюу зөрчил давтан илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээг авах болно.

Эх сурвалж: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар


ШӨХТГ зарим худалдааны төвүүдэд шаардлага хүргүүлжээ   
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй