Шууд Chart

Хошууч генерал Д.Ганзориг зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө

2020-01-25 10:14:25

ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтыг энэ жил уламжлал ёсоор амжилттай зохион байгуулав. Цугларалтаар Зэвсэгт хүчний хөгжил болон үндсэн үүрэгтэй холбоотой олон чухал асуудлын талаар хэлэлцэж, төгсгөлд нь ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг хэд хэдэн чиглэлээр үүрэг өгөв.

Тэрбээр "Нэгдүгээрт, хууль тогтоомжийг ягштал мөрд. Цэргийн албаны бүх хууль, дүрэм, тогтоомж, заавар, тушаал шийдвэр нь та бидний дагаж мөрдөх ёстой хоёрдугаар Үндсэн хууль гэдгийг ухамсарлаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хоёрдугаарт, эх орноо батлан хамгаалж, аюулгүй байдлыг сахин хамгаалахад цэрэг хүний эзэмшсэн байх ёстой ур чадвар, мэдлэгийг цогцоор нь эзэмшиж, бие бялдар, сэтгэл зүйгээ бэлтгэх нь бидний эрхэм зорилго. Сайн цэрэг гэдэг бол тавигдсан үүргийг гүйцэтгэхэд бие бялдар болоод сэтгэл зүйн байнгын бэлтгэлтэй байхыг хэлнэ. Гуравдугаарт, цэргийн бэлтгэл сургалтаа улам төгөлдөржүүл. Сайжруул. Цэрэг хүний үндсэн хөдөлмөр бол бэлтгэл сургалт бөгөөд энэ хөдөлмөр цэргийн алба хаагчийн хөгжих, мэргэших хэрэгцээг хангахад чиглэгдэх ёстой. Дөрөвдүгээрт, ажлын байран дээрх цаг ашиглалтыг дээшлүүлж, хувийн сахилга бат, зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй байна. Зэвсэгт хүчний хөгжлийн амин сүнс нь бие бүрэлдэхүүний хөгжил, тэдний төлөвлөлт, байгууллагын тогтсон зөв соёлоос шууд хамааралтайг санаж, үгээрээ биш үйлдлээрээ манлайл. Түүнчлэн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн сэтгэлгээний хувьд өөрчлөгдөж ажиллах шаардлагатай байна. Жишээлбэл, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэл гэхээр л зөвхөн дуулж, бүжиглэхийг хэлээгүй. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч, бие бүрэлдэхүүнээ соён гэгээрүүлэх талд онцгой анхаарч олон талт арга хэмжээ явуулах хэрэгтэй. Би та нарт итгэж байна, гагцхүү хичээл, зүтгэлээ бүрэн дайчилж ажиллаарай" гэсэн юм.

Үүний дараа тэрбээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нарын 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг нь баталсан юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин 


Хошууч генерал Д.Ганзориг зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө   
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй