Шууд Chart

Японы дуучин Кон Ёоко Монголд “Зуурдын сэтгэл” тоглолтоо хийнэ

2020-01-25 15:19:10

Нэгэн цагт Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан Японы "Зуурдын сэтгэл" киноны дууг дуулсан дуучин Кон Ёоко Монголд тоглолтоо хийх гэж байна. Дуучны 50 жилийн дараа гадаадад хийх тоглолт нь Монгол Улсын Соёлын төв өргөөнд 2020 оны гуравдугаар сарын 4-нд товлогдож, тоглолтынх нь билет зарагдаж эхлээд байна.   

1970-аад оны эхээр Монголд хит болж байсан “Зуурдын сэтгэл” киноны цомог 1968 онд Японд худалдаанд гарснаасаа хойш маш олон хүнд хүрч, гурван сая орчим зарагдсан байдаг. Тухайн үед монгол бүсгүйчүүд "Зуурдын сэтгэл" киноны гол дүрийн бүсгүй шиг үсээ засуулж, хувцасладаг байсан төдийгүй киноны дууны аянд өөрсдөө монгол үг оруулан "Япон голын эрэг дээр янаг хоёр зугаална аа..." хэмээн дуулцгаадаг байсан гэдэг.

"Пинки" хамтлаг буюу дуучин Кон Ёоко одоо ч урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг дархалсан хэвээр байгаа уран бүтээлч юм. Тэрбээр одоо Японд хамгийн алдартай “Хорипро” дуу бичлэгийн компанид харьяалагддаг бөгөөд Япон даяар жилд дөч гаруй аялан тоглолт хийдэг байна.

Дуучин Кон Ёоко найман хүний баг бүрэлдэхүүнтэйгээр Японоос ирэх аж. “Зуурдын сэтгэл” тоглолтоор дамжуулж хоёр орны хоорондох дуу, хөгжимд үндэслэсэн сайхан харилцааг олон түмэнд таниулахыг зорьсон гэж тоглолтыг зохион байгуулагчид ярьж байна.

"Зуурдын сэтгэл" тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт хоёр орны харилцааг харуулсан уран бүтээлүүдийг хүргэнэ. Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт Кон Ёоко дуучны урын санд бүртгэлтэй дуунууд эгшиглэх юм байна. Тоглолтыг Япон найруулагч, хамт олон зохион байгуулах ажээ.

Сонирхуулахад, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизү "Зуурдын сэтгэл" тоглолтын Ерөнхий продюсерээр ажиллаж буй юм байна.


Японы дуучин Кон Ёоко Монголд “Зуурдын сэтгэл” тоглолтоо хийнэ   
Үзсэн: 3939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ч.Туяа\Хэнтий\ [127.0.0.xxx] 2020-01-29 15:40
Хөдөөний мань мэт нь коронавирусээс айгаад хот орж чадахгүй болохоор үзэж чадахгүй байхдаа. Үнэхээр гоё дуу, дуучин.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-30 06:38
Uneheer goyo duu shvv!❤️❤️❤️
Зочин [127.0.0.xxx] 2020-01-29 08:34
Маш их догдлон хүлээж байна. 1970-аад оны хүүхэд залуучуудын үзэх дуртай кино, сонсож дагаж дуулж бүжиглэдэг дуу байлаа . Жил бүр Хавар хаврын цагт кино театруудаар гардаг, хэд үзээд уйддаггүй кино .

Бидэнтэй нэгдээрэй