Шууд Chart

Хэт халуунаас үүдэн эртний хүний уураг тархи "шил" болжээ

2020-01-25 17:55:14

Италийн "Везувий" гэх галт уул олон мянган жилийн тэртээ дэлбэрч байсан юм. Галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн үеэр амиа алдсан эртний хүний уураг тархи хайлж, шил болсон талаарх судалгааг эрдэмтэд танилцуулжээ. "Везувий" галт уулыг Манай Эриний 79 онд дэлбэрсэн гэж судлаачид үздэг байна.

Галт уулын хүчтэй дэлбэрэлтийн үеэр өнөөгийн Неаполь хотын ойролцоо байсан Эртний ромын суурин газар бүхэлдээ устаж, олон мянган хүн амиа алдаж байжээ. Геркуланум нэртэй эртний хот галт уулын дэлбэрэлтээр сүйрэх үед амиа алдсан нэгэн хүний олдворыг эрдэмтэд судалсан байна.

1960 оны үед анх олдсон эртний хүний гавлын яснаас хар өнгийн шилэрхэг материал олдсон юм. Судлаачид хайлж, шил болсон материалыг энэ хүний уураг тархи гэж үзэж байгаа юм. Судлаачид галт уулын дэлбэрэлт асар хүчтэй байсан учраас хэт халуунаас үүдэн хүний уураг тархи хайлж, удалгүй эргэн царцаж шилэрхүү материал болон хувирсан гэж үзжээ. 

Хэт халуунаас үүдэн эртний хүний уураг тархи шил болсон тохиолдол анх удаагаа бүртгэгдэж байгаа юм. Судлаачдын тодорхойлж байгаагаар 20 гаруй настай, эрэгтэй хүний цогцсыг галт уулын үнсэнд булагдсан Геркуланум хотын эртний сууцан дотроос олсон юм.

Дэлбэрэлтийн үеэрх халууны хэм 520 цельст хүрсэн гэж судлаачид үзэж байна. Археологчид Геркуланум төдийгүй Помпей зэрэг галт уулын дэлбэрэлтийн үеэр устсан Ромын түүхэн хотууд, тэндээс олдсон хүний олдворуудыг судлах ажлаа үргэлжлүүлсээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт халуунаас үүдэн эртний хүний уураг тархи "шил" болжээ   
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй