Шууд Chart

Хахууль авч, өгөхийг завдсан иргэдийг шүүх хурал хойшлов

2020-01-27 17:40:11

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хахууль авах”, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахуул өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулав. Мөн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 22.4 Хахууль авах.
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Улсын дээд шүүх


Хахууль авч, өгөхийг завдсан иргэдийг шүүх хурал хойшлов   
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй