Шууд Chart

У.Уянга: Кинонд гардаг манай гэр маш гоё. Миний өрөө яг л гүнжийнх шиг

2020-01-29 12:07:05

"37-р точка" телевизийн олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Энэ цаг үед Сувдаагийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин У.Уянгатай ярилцлаа.

-"37-р точка" кинонд тоглосны хамгийн тод дурсамж аль хэсгийнх нь вэ. Сувдаагийн дүрийг бүтээхэд ямар санагдав?

-Хэцүү үе мэдээж байсан л даа. Гэхдээ тэр бүхнийг яримааргүй байна. Яагаад вэ гэвэл жүжигчин хүн зураг авалтад орсон л бол кинондоо сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй байдаг. Хувь хүнтэй холбоотой жаахан л асуудал байвал анхаарал төвлөрөхгүй. Дээр нь би мэргэжлийн бус хүн болохоор ар гэртээ санаа зовох ч юмуу бага сага асуудлаас болж найруулагчдаа загнуулах үе олон гарч байсан. Хамгийн гоё нь гэвэл Дарамын гэрт зураг авалтад орсон мөчүүд. Яг л нэг гэр бүлийнхэн юм шиг үнэхээр сайхан байсан. Бас Идэртэй анх танилцаад гудамжаар хамт алхдаг хэсэг. Яг л нөхөртэйгөө хамт алхаж байсан дурсамж санаанд буусан шүү.

-Хүмүүс танай киноны нэрийг сонсоод л төмөр замын тухай гарах нь гэж ойлгосон байх шүү ...

-Киноны гол дүрүүд нь бага насандаа төмөр замын тосгонд байсан гэдэг агуулгаар нь ингэж нэрлэсэн юм билээ. Эмээ маань төмөр замд нягтлангаар ажилладаг байсан болохоор зохиолоо анх уншхад гоё санагдсан. Багадаа энергийн төв рүү гэр бүлийнхэнтэйгээ анх галт тэргэнд суугаад явж байсан гоё дурсамж сэргэх шиг болсон.

-Энэ кинонд гол дүр бүтээх болсноо хэзээ мэдсэн бэ?

-Би өмнө нь “Фантастик” продакшны "18 нас би чамд хайртай" кинонд тоглож байсан. Миний хувьд хамгийн анхны бүрэн хэмжээний кино л доо. Түүнээс хойш би хүүхэд гаргаад нэг хэсэгтээ гэртээ байсан. Тэр үедээ фэйсбүүктээ тайрмал үстэй зургаа оруулаад "Үсээ тайруулчихдаг юм бил үү" гэсэн пост оруултал Б.Тамир ах над руу яриад "Чи үсээ тайруулахгүй шүү. Чамайг нэг кинонд тоглуулахаар ярьж байгаа. Студид ирээд уулзаарай" гэсэн. Тэгээд л зохиолоо уншаад орохоор шийдсэн дээ.

-Зохиолыг нь уншихад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би аливаа зүйлийг тухайн үед нь анзаараагүй мөртлөө болоод өнгөрснийх нь дараа л ухаардаг юм шиг байна. Эхэндээ "Өө, гоё кино байна" л гэж бодсон. Дараа нь харин зохиолынхоо гүнд ороод уйлаад, шөнө зүүдлээд л /инээв.сурв/.

-Хувь хүний хувьд энэ дүрийг бүтээхдээ хэр хэмжээний шалгуур давав. Зарим жүжигчин бүтээж буй дүрдээ орчихоод нэг хэсэгтээ нерветдэг гэдэг юм билээ ...

-Тийм зүйл болсон шүү. Надад нэлээн хүнд санагдсан. Олон ангит кино гэдгээрээ ч тэр байх. Энэ дүрийг бүтээхэд гэр бүлийнхэн маань маш их дэмжсэн. Кино группийнхан маань ч бүхий л талаараа дэмжиж тусалсан болохоор зураг авалтаа амжилттай дуусгасан даа. Кинонд гардаг манай гэр маш гоё. Анх очоод л дуу алдсан. Миний өрөө яг л гүнжийн өрөө шиг санагдсан. "Дээр үед ингэж амьдардаг айл байсан юм уу. Нээрээ гэж үү" л гэж бодсон.

-Хоёрдугаар бүлэг нь үзэгчдэд хүрээд нэлээн хугацаа өнгөрлөө. Гэхдээ цаашид яах бол ...

-Миний тоглосон үзэгдлүүдээс хамгийн гоё хэсэг нь энэ бүлэгт л гарна даа /инээв.сурв/. Гэхдээ хоёрдугаар бүлгийн хоёрдугаар ангид гардаг хэсэгт тоглох надад маш хэцүү байсан. Цаашид яахыг нь та киноноос үзээд л мэднэ дээ.

-Кинонд бүтээсэн дүр өөртэй чинь хэр ойр байсан бэ?

-Сувдаа бол гэнэн, аз жаргалтай, дэврүүн охин шүү дээ. Энэ ч утгаараа эмэгтэй хүн бүрийн дотор л Сувдаа байдаг болов уу.

-Цаашид кино урлагаар тууштай ажиллах уу?

-Ямартай ч урлагийн салбараас би угаасаа холдохгүй хүн юм байна. Яагаад вэ гэвэл би багадаа циркт уран нугардаг байлаа. Дараа нь бүжиглэдэг болсон. Энэ бүхний үндсэнд урлагийн хүмүүсийн хүрээлэлтэй болж, кинонд тоглож байна. Тэгэхээр миний амьдралын бүхий л цаг хугацаа урлагтай холбоотой болж таарлаа.

-Бага насныхаа дурсамжаас хуваалцвал ...

-Миний бага нас Налайхад өнгөрсөн. Өглөө эрт босоод гэрийн даалгавраа хийнэ. Гуравдугаар ангийн хүүхэд мөртлөө өөрөө микронд суугаад циркд ирж бэлтгэл сургуулилтаа давтана. Тэгж явахдаа их ядардаг байсан. Магадгүй багаасаа тэгж явсан болохоор ачаалал даах чадвартай, илүү бие дааж сурсан ч юм болов уу.

-Танай гэр бүлийнхэн кино гарсны дараа хэрхэн хүлээж авсан бэ?

-Манайхан миний уран бүтээлийг маш их дэмждэг. Гэхдээ ээж маань намайг тэр бүр магтдаггүй. Гэхдээ найзууддаа манай киног магтаад сууж байхыг нь сонссон. Би гэрийнхэнтэйгээ киногоо үзэхээр ичээд байдаг юм. Өөр өрөө рүү орчихдог /инээв.сурв/.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

У.Уянга: Кинонд гардаг манай гэр маш гоё. Миний өрөө яг л гүнжийнх шиг   
Үзсэн: 3913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй