Шууд Chart

ТБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

2020-01-29 15:53:34

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.09) хуралдаанаар  Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.  

Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж* хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг" төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн.

 “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод буй. Эргэн төлөгдөх хугацааг 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг эхний 5 жил зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1,25 хувь байх аж. 

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу “...олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ" тул Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. 

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Б.Чойжилсүрэн нар  асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс төслийн үр нөлөөг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн вакцины үйлдвэрлэл, хүрэлцээ хангамж хэр байгааг тодруулав. Мөн 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хариултдаа, 2020 оны хувьд графикийн дагуу хийдэг дотооддоо үйлдвэрлэдэг вакцины  нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Ноднин жил вакцин үйлдвэрлэлтэд хугацааг алдсан тал бий. Цаашдаа Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд шүлхий, мялзангийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Биокомбинат дотоод нөөц бололцоогоо ашиглаад шүлхийн вакцин үйлдвэрлэх шугамыг нээхээр ажиллаж байгааг дурдав. 

Мөн тэрбээр, Засгийн газрын зүгээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд нь  тааруулж түүхий эдийг бэлтгээд, илүү гарсныг экспортлох бүх талын боломжийг нээж өгөх бодлогыг барьж байна гэж байлаа. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хэлэлцэж байгаа төсөл шийдвэрлэх ач холбогдолтой. 14 аймгийн 150 суманд мал эмнэлгийн лабораторийг сайжруулах томоохон арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь малчдын үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын байгууллагын шаардлага, стандартад нийцэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, цаашлаад халдварт өвчнөөс ангид бүс нутгийг баталгаажуулахад чиглэж байгааг Ч.Улаан сайд хариултдаа онцолсон. 

Ингээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.  Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулахаар  боллоо. 


ТБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй