Шууд Chart

Г.Нандин-Эрдэнэ: Өмнөд Солонгосын уран бүтээлчид анхандаа олон ангит кино, К-поп урсгалаа дэлхийн хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй

2020-02-05 13:12:11

К-поп урсгал болон олон ангит, бүрэн хэмжээний киногоо дэлхийн дахинд экспортолж, Холлиувад хүртэл хүчтэй “цохилт” өгөөд буй Өмнөд Солонгосын энтертайнмент салбарт суралцаж, ажилладаг Г.Нандин-Эрдэнэ цахимаар холбогдож ярилцлаа. Тэрбээр хээрийн галуу нисэн үл газраас эрдэм өвөртөлж, туршлага судлахаар 18 настайдаа БНСУ-г зорьсон. Ийн Өмнөд Солонгосын үндэсний урлагийн их сургуульд элсэж, Азийн алдартай киночдоос номын дуу сонсон, багадаа зурагтаар л хардаг байсан солонгос алдартнуудтай цөөнгүй бүтээлд гар бие оролцон ажилласан юм.

-Манай сайтын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Г.Нандин-Эрдэнэ гэдэг. Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн кино найруулагчийн ангийг 2017 онд бакалаврын зэрэгтэй төгссөн. Төгсөөд БНСУ-ын нэг ангит бүрэн хэмжээний кино болон телевизийн драмд ажиллаж байгаад энэ жилээс эхлэн продюсерын мэргэжлээр магистрт суралцаж байна.

-Та сурагчийн ширээнээс ажлын гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Цоглог” хүүхдийн хөтөлбөрийн хөтлөгч, сурвалжлагчаар ажиллаж байсан юм билээ. Тухайн үеэс л дэлгэцийн урлагт татагдсан уу?

-Би 2004 онд “Ди энд Эл” продакшны “Хүүхдийн ертөнц” нэвтрүүлгийг хөтлөх болсноор хамгийн анх телевизтэй холбогдсон. Ахлах ангид орох үедээ МҮОНТ-ийн шалгаруулалтад оролцож, 300 хүүхдээс шалгарч “Цоглог” хүүхдийн хөтөлбөрийн “Алим агентлаг” нэвтрүүлгийн сурвалжлагч, хөтлөгчөөр гурван жил ажилласан. Энэ үеэс л дэлгэцийн урлаг гэдэг бол өөрийн хэлэх гэсэн санааг илүү өнгө, дүрстэй илэрхийлж чадах урлаг юм байна гэдгийг ойлгож, кино найруулагч болохоор шийдсэн.

 

-Ахлах ангиа төгсөөд Солонгосын үндэсний урлагийн их сургуульд элсэж, БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцсан гэсэн. Хэрхэн тэтгэлэгт хамрагдсан бэ. Ерөнхий боловсролын сургуулийн энэ жилийн төгсөгчид дээрх тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?

-Ахлах ангиа төгсөөд, СУИС-ийн кино найруулагчийн ангид ур чадварын шалгалт өгөхөөр бэлдэж байх үедээ сонгосон мэргэжлээрээ гадаадын их сургуулиудыг давхар судалж үзэхээр шийдсэн юм. Багаасаа кино, драмыг нь үзэж өссөн болоод ч тэр үү Өмнөд Солонгос их ойр санагдаж, урлагийн сургуулиудынх нь талаарх мэдээлэл цуглуулж эхэлсэн. Ингээд СУИС-тай адилхан Korea National University of Arts (한국예술종합학교) сургуулийн AMA тэтгэлгийн талаар олж мэдсэн юм. Материалаа илгээгээд хэдэн сар хүлээсний эцэст тэнцсэн хариу ирэхэд маш их баярлаж, хөөрч байлаа. Энэ тэтгэлгийн хүрээнд жил бүр дэлхийн 143 орноос 20 оюутан сонгон авч тус сургуульд БНСУ-ын засгийн газрын 100 хувь тэтгэлгээр суралцах эрх буюу маш том боломж олгодог. Энэ жилийн ЕБС-ийн төгсөгчид ч бас хамрагдах бүрэн боломжтой. Жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн тэтгэлэг зарлагддаг учир интернэтээр хайлт хийж, мэдээлэл аваад эртнээс бэлдэж, тэтгэлгийн материалаа бүрдүүлэх хэрэгтэй. Би бакалаврын зэрэг горилсон гадаад оюутнуудад зориулсан АМА тэтгэлгээр сурч байсан бол одоогийн мастерын ангидаа солонгос оюутнуудтай хамт шалгалт өгч элссэн.

-Солонгос элсэгчдийн өгдөг шалгалт гадаад элсэгчдийнхээс илүү хүнд байдаг гэсэн?

-Тиймээ. БНСУ-ын ихэнх өндөр зэрэглэлийн сургуульд солонгос элсэгч элсэхэд маш хэцүү, асар их өрсөлдөөнтэй. Харин гадаад оюутнуудад харьцангуй нээлттэй. Учир нь гадаад элсэгчээ солонгос оюутнуудтай өрсөлдүүлдэггүй. Харин манай сургуулийн хувьд АМА тэтгэлгээр биш бол хувиараа элсэж орохын тулд заавал энгийн элсэлтээр солонгосчуудтай адил шалгалт өгч ордог. Тиймээс би өөрийгөө сорьж үзье гэж бодоод солонгос оюутнуудтай хамт гурван сарын хугацаанд, гурван шатны шалгалт өгч өрсөлдөөд тэнцсэн. Үүндээ маш их урамшихын хажуугаар илүү их хичээх ёстой болж байна.

-Найруулагч мэргэжлээр суралцаж байх хугацаандаа Өмнөд Солонгосын “Old boy” киноны найруулагч Пак Чан Вүкээр хичээл заалгаж байсан гэсэн. Мөн таны төгсөх курсдээ бүтээсэн богино хэмжээний киноны зааварлагч багшаар “The man from nowhere” киноны найруулагч И Жён Бом ажилласан гэсэн. БНСУ-ын алдартай киночид оюутнуудад юуг зааж зөвлөдөг вэ?

-Пак Чан Вүк найруулагч манай сургуульд багшилдаг байсан ч харамсалтай нь манай ангийнхныг элсдэг тэр жил багшлахаа больсон. Гэхдээ Солонгосын нэр алдартай олон найруулагч цагаар багшилж хичээл ордог. Жишээ нь, урилгаар ирж илтгэл хэлэлцүүлдэг багш нарын нэг нь сүүлийн үед “Шимэгч” киногоороо дэлхийн том шагналуудыг хүртэж буй найруулагч Бун Жүн Ху. Тэрбээр бидэнтэй уулзаж туршлагаасаа хуваалцаж байлаа. Дэлгэцээр шимтэн үзэж байсан кинонуудынхаа талаар жинхэнэ бүтээгчтэй нь уулзаж өөрөөс нь сонсоно гэдэг үнэхээр сайхан. Харин И Жон Бом найруулагчийн хувьд бакалаврт сурч байхад богино киноны минь зааварлагч багш байсан.

Магистрын ангийн хичээл хэдий гуравдугаар сараас эхэлдэг ч манай ангийн оюутнууд аль хэдийн богино киноны бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Гуравдугаар сараас өмнө зураг авалтаа дуусгах хуваарьтай байгаа. Энэ удаад ч бас зааварлагч багшаар И Жон Бом найруулагч ажиллаж байгаад тун их баяртай байна. БНСУ-ын мундаг уран бүтээлчид бид нартай яг адил замналаар карьерээ эхлүүлж, уран бүтээлүүдээ туурвисан болохоор оюутнуудыг маш сайн ойлгодог. Киноныхоо алдартай хэсгүүдээ хийхэд ямар бэрхшээл тохиолдож, юун дээр алдаж онож байсан гээд өөрсдийн бодит туршлагаа хуваалцдаг. Тэр нь бидэнд илүү ойр хүрдэг. Багш нарын хэлж, захидаг үг бол “Зохиол чанартай байх нь сайн киноны амин сүнс”. Бас нэг гоё үг нь “Кино бол хариулт өгдөг биш, харин асуулт тавьдаг урлаг байх ёстой” гэсэн үг. “Бүх үзэгч нэгэн ижил хариулт олж авах албагүй, харин кино үзээд өөрийнхөө мэдэрсэн зүйлсийг дотор хүнтэйгээ ярилцах боломжийг бий болгох хэрэгтэй” гэж хэлдэг.

-Өнгөрсөн хугацаанд ямар уран бүтээлүүд дээр ажиллав?

-Яг өөрөө зохиолоо бичиж найруулсан богино хэмжээний гурван кино бий. Оюутан байхдаа туршлага суух, бас бусдадаа тусалж, эргүүлээд өөрийн бүтээлд тусламж авахын тулд 30 гаруй богино хэмжээний кинонд ажилласан. Харин сургуулиа төгсөөд нэг ангит уран сайхны кинонд бэлтгэл шатнаас нь дуусах хүртэл нь буюу хагас жил гаруйн хугацаанд ажилласан минь хамгийн том туршлага. Үүнээс гадна KBS, MBC, TvN зэрэг телевизийн олон ангит дөрвөн драм, хоёр клип бий. Зар сурталчилгааны хувьд тоог нь сайн мэдэхгүй ч нэлээд хэд байгаа. Мөн кино наадмуудад өрсөлдөх Өмнөд Солонгосын бүрэн хэмжээний “Арт кино” бүтээл дээр өнгөрсөн онд ажилласан. Надад шинэ туршлага боллоо. Хамгийн сүүлд Солонгосын “Zackcode” компанид нэгдүгээр туслах найруулагчаар орж ажилласан ч магистрын шалгалтдаа тэнцсэн болохоор ажлаасаа гарсан.

-БНСУ-ын бүрэн хэмжээний болон олон ангит кино Азийн төдийгүй дэлхий нийтийн үзэгчдийг байлдан дагуулж байна. Таны бодлоор Өмнөд Солонгосын кино салбарын хурдацтай хөгжлийн нууц юу вэ?

-Би нэг найруулагчаас сонсож байсан юм. Өмнөд Солонгосын уран бүтээлчид анхандаа олон ангит кино, К-поп гэдэг зүйлийг дэлхийн хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй гэсэн. Зүгээр л хийх ёстой зүйлээ хамгийн сайнаараа хийгээд дотооддоо өрсөлдөж эхэлсэн ч багийн сайн ажиллагаа, чанартай уран бүтээл гэдэг хүмүүст ямар сайн хүрдгийг харуулж, дэлхийд гарч чадсан болов уу л гэж боддог. Яг дотор нь ороод ажиллахад бид хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Бүгд дор бүрнээ маш хариуцлагатай, хичээл зүтгэлтэй.

Мөн төрийнх нь бодлого, дэмжлэгийг дурдахгүй байж болохгүй. Кино урлагийн ангийн оюутан бүр өөрөө үнэхээр хүсэл эрмэлзэлтэй л бол сайн зохиол танилцуулаад 10 сая вон, тэрнээс ч их хөрөнгө оруулалт авч кино хийх боломж бий. Мөн төрөөс нь киночдод зориулсан олон төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлснээр энэ салбарт шинээр орж ирж буй хүмүүст маш их урам зориг өгч, цаашдаа бүр хүчтэй өрсөлдөөн үүсч чанаржих нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг.

-БНСУ-д гадны уран бүтээлчид мэргэжлээрээ ажиллах боломж хэр нээлттэй вэ. Өөрт тань ямар саад, бэрхшээл тулгарч байв?

-Миний зорилго бол сургуулиа төгсөөд Солонгосын “жинхэнэ” кино уран бүтээлчидтэй уулзаж, зураг авалтын талбайд биеэр очиж туршлага судлахыг хүссэн. Тиймдээ ч сургуулиа төгсөөд ажил хайж гарсан. Үнэндээ хэл ярианы чадвар хамгийн их шаардагдах нарийн мэргэжлийн нэг болох найруулагчийн багт гадаад хүн орж ажиллана гэдэг хэцүү учраас хэсэг хугацааг алдсан. Тиймээс би зураг авалтын багт л орж ажиллаж байвал надад хэрэгтэй, туршлага болно гэж бодоод заавал найруулагчийн багт гэхгүйгээр авсан багт нь оръё гэж шийдсэн. Манай сургуульд киноны бүх мэргэжлийг адилхан түвшинд заасан учраас би камер, гэрэлтүүлэг, дуу гээд аль ч хэсэгт нь ажиллах чадвартай. Ингээд хамгийн анх KBS телевизийн түүхэн киноны гэрлийн багийн туслахын ажилд тэнцэж, шууд хөдөө натурт гарч билээ. Тухайн бүтээл дээр багаасаа харж өссөн мундаг жүжигчид, уран бүтээлчидтэйгээ нүүр тулан уулзаж, хамт ажилласан. Тэр үедээ Солонгосын драм хийдэг баг хамт олон ямар өндөр ачаалалтай, хурдтай ажилладаг болохыг биеэр мэдэрч гайхширч байлаа. Мэдээж гадаад гээд ялгарах үе бий. Соёлын ялгаа ч бас гарна. Гэлээ гээд өөрөө тэр орчинд орж, тэднээс илүү ихийг сурахыг хүсэх л юм бол арга нь үргэлж байдаг л юм байна лээ.

-Өмнөд Солонгосын алдартнуудаас ямар уран бүтээлчдийн кинонд ажиллав?

-И Сын Вон найруулагчийн “Revenger” тулаант кино, өнгөрсөн жил Бусаны кино наадамд анхны уран бүтээлээрээ амжилттай оролцсон найруулагч И Хуаны хоёр дахь арт кино болох “Томчууд мэдэхгүй”, KBS, MBC, TvN телевизийн олон ангит кинонд ажилласан. Мөн алдартай жүжигчин Song Hye-kyo, Jang Hyuk, ParkSeo Joon, Park Min Young, Hyun Bin, Son Ye Jin зэрэг маш олон уран бүтээлчийн бүтээлд орсон.

-БНСУ-ын энтертайнмент ертөнцөд асар их мөнгө эргэлддэг. Харин кино уран бүтээлчид хэр өндөр цалин хангамж авдаг вэ?

-Жүжигчидтэй бол ярих ч хэрэггүй(инээв). Гэхдээ арга ч үгүй, энэ зах зээлийг өрсөлдөөнд хөтөлдөг, хамгийн том нөлөө үзүүлдэг хүмүүс бол мэдээж жүжигчид, тэдний нэр алдар. Түүний дараа найруулагч хамгийн өндөр дүнтэй гэрээгээр ажиллана. Дараа нь камер, гэрэлтүүлэг, дуу, зураач гээд алба тус бүрийг хариуцсан найруулагчид, ард нь алба бүрийн туслах ажилтнууд орно. Эрэмбэ дараа их нарийн л даа. Баг бүрийн хамгийн бага туслахууд ерөнхийдөө нэгэн жигд хамгийн бага цалинг авна. Тэр нь БНСУ-д өглөөнөөс орой хүртэл энгийн цагийн ажил хийснээс арай өндөр үнэлгээтэй. Гэхдээ зураг авалтын цаг ихэнхдээ маш урт байдаг. Ялангуяа олон ангит киноны хувьд хугацаандаа амжиж, эфиртэйгээ зэрэгцэж зураг авалтаа хийдэг учир хоногийн 20 цаг, заримдаа бүр 24 цаг ажиллах үе ч бий. Хоёр цаг унтаад маргаашийнхаа зурганд гарах тохиолдол олон. Харин нэг ангит киноны хувьд хуульд заасны дагуу ажлын 12 цаг ажиллана. Илүү цагаар ажилласан тохиолдолд нэмэгдэл цалин өгдөг.

-Одоо БНСУ-д цацагдаж эхэлсэн “Crash landing on you” солонгосын олон ангит кинонд ажилласан гэсэн. Мөн энэ киноны зарим ангийн зураг авалтыг Монголд авсан юм билээ?

-Тиймээ, өнгөрсөн оны есдүгээр сард Монголд тав хоногийн зураг авалт хийсэн. Гэхдээ зураг авалтын талбайг бэлтгэхийн тулд дор хаяж хоёр сарын өмнөөс Солонгосоос баг очиж, Монгол багтай хамтран зураг авалтын объектуудаа сонгож, судалгаа шинжилгээ хийсэн. Ийн зураг авалт эхлэхийн өмнөхөн Солонгосын зураг авалтын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 120 гаруй уран бүтээлч ирсэн. Мөн Солонгостоо топ ангилалд багтдаг жүжигчид Монголд ирж, бид ч тэр хэрээр бэлтгэлээ маш сайн хангаж ажиллахыг хичээсэн.  Өмнө нь Индонез улсад Солонгосчуудтай хамт ажиллаж байсан үед ч тэр, Монголд хамт ажиллаж байхад ч Солонгосчууд бол эрсдэлийг үнэхээр сайн тооцож, төлөвлөгөөгөө маш сайн гаргадаг байдлыг нь харж бахархаж, суралцаж байлаа. Цаашид ч бас Монгол, Солонгосын хамтарсан олон уран бүтээл төрж, тэр дунд нь гүүр нь болж явах нь миний гол зорилгын нэг.

-Аливаа улс дэлхийн хэмжээний киноны зураг авалтыг өөрийн газар орондоо хийлгэснээр эдийн засгийн олон талын ашиг хүртдэг юм билээ. Кино багийн зардал, түр ажлын байр, цаашлаад жуулчид ирэх шалтгаан болдог гэсэн. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Тэгэлгүй яахав. Ер нь кино урлаг гэдэг зөвхөн уран бүтээл гэдгээсээ гадна тухайн улсынхаа өв соёлыг гадныханд таниулж, аялал жуулчлалын салбарт маш том хөрөнгө оруулалт хийдэг. Цаашлаад тухайн орныхоо дотоодын нийт бүтээгдэхүүнд хүртэл нөлөөлж чадахуйц хэмжээний дэлхий нийтийн маш том соёл. Өмнөд Солонгосчууд бол үүнийг нотолсон хамгийн тод жишээ. Энд кино, бичлэг хариуцсан улсын том байгууллага байдаг. Тэд эх орондоо Холливудын зураг авалтын баг ирэхэд зөвшөөрөл авч өгөх, зам хаах гэх мэт бүх бэлтгэлийг зохицуулж өгснөөр эргээд маш их хэмжээний төлбөр авч, үүнийгээ кино сандаа нэмэрлэдэг. Азийн орнууд цаашлаад дэлхий даяар өсвөр насныхан үзсэн Солонгос драмыхаа зураг авалт хийсэн газарт очиж үзэх, шүтдэг жүжигчнийхээ хэрэглэсэн бүтээгдэхүүн, брендийн хувцсыг авах, кинонд гарсан хоолыг идэж үзэхийн тулд гээд маш олноороо БНСУ-г зорин ирж байна. Ингэснээр зөвхөн кино салбарт бус бусад бүх салбарын орлогыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж өгдөг. Бидэнд ч бас тийм боломж маш их байгаа мэт санагддаг. Дэлхий дахинд тэр бүр байдаггүй өвөрмөц, содон төрх, онгон байгаль зэргээрээ Монгол Улс ялгардаг. Үүнийг анзаарсан гадаадын гярхай уран бүтээлчид сүүлийн үед Монголыг зорьж реклам, клипний зураг авалт хийх нь нэмэгдсэн. Тэгвэл бид энэ хандлагыг ашиглаж, гадны уран бүтээлчид ирэхэд хариуцан хүлээж авч, бүх зүйлийг нь мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг байгууллага, байгтай болж чадвал цаашдаа манай орныг зорих гадны уран бүтээлчид тасрахгүй улам нэмэгдэнэ гэж бодож байна. Төрөөс кино урлагаа дэмжих бодлого баримталвал эргээд эх орондоо маш олон боломжуудыг авчирна гэдгийг л хэлэх хэрэгтэй санагддаг.

-Өмнөд Солонгост сурах ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайн орчинд нь байгаа хүний хувьд БНСУ-ын гадны иргэдийг татдаг гол хүчин зүйл юу вэ?

-Тийм шүү. Солонгос орон бол аль ч орны хүн очоод соёлыг нь бага зэрэг ойлгож, хэлийг нь сурсан цагт тухайн хүн өөрөө л хичээх юм бол бүх боломжийг нь бүрдүүлж өгдөг улс учраас гадныхан ихээр ирдэг байх. Ялангуяа Монголчуудын хувьд Солонгос хэл соёлд нь дасан зохицож, сурахад илүү ойр. Оюутнууд сурахынхаа хажуугаар ажиллаж, өөрсдөө төлбөрөө олох боломжтой. Харин ажил хийж буй хүмүүс санхүүгийн хуваарилалтаа зөв хийж чадвал мөнгө хураах боломжтой зэрэг олон сайн тал бий. Гэхдээ тэглээ гээд бид бүгдээрээ Солонгос руу хошуурч, ирсэн л бол он удаан жилээр байгаад байх албагүй. Аль болох цаг хугацааг зөв зүйтэй ашиглаж, их зүйлийг сурч, сайн туршлага хуримтлуулах нь энэ орноос авч болох хамгийн том капитал, үр ашиг гэж боддог. БНСУ зөвхөн сурах, мэргэжил эзэмшихээс гадна амьдралын хэв маягаа эерэгээр өөрчлөх, нийгмийн зөв боловсон нэгэн эд эс нь болоход сургадаг мэт санагддаг. Тиймээс сурсан бүхнээ аль болох эх орондоо хурдан очиж хэрэгжүүлбэл бид бүгдэд, бас ирээдүйдээ хийх том хөрөнгө оруулалт болох байх.

-Бүрэн хэмжээний киноны ерөнхий найруулагчаар ажиллах боломж гарвал ямар жанрын кино бүтээх вэ?

-Хамгийн том мөрөөдөл минь Монголынхоо агуу бөгөөд арвин их түүхийг таниулсан түүхэн кино хийх. Гэхдээ маш том сэдэв, хүнд үүрэг учраас бэлэн болтлоо өөрийгөө сорьж, төрөл бүрийн кино зохиол бичиж, найруулах бодол тээж явдаг. Өмнөд Солонгос уран бүтээлчдийн зураг авалтын системийн талаар илүү их туршлага хуримтлуулсныхаа дараа өөрийнхөө уран бүтээлд орно.  Мөн яг одоо продюсерын мэргэжлээр дахин суралцаж байгаа гэдгээ хэлсэн. Манай сургуулийн мэргэжил удирдсан профессорын зүгээс надад  Монгол, Өмнөд Солонгосын хамтын уран бүтээл, кино зах зээлийн талаар судлах, гүүр болох маш том даалгавар өгсөн. Үүнийгээ эртнээс бэлдэж, хэрэгжүүлэх том зорилготой явна.

-Сүүлийн үеийн монгол кинонуудыг үзэх цаг зав, бололцоо гардаг уу. Хувьдаа хэрхэн дүгнэдэг вэ?

-Би өөрөө туршлага бага, залуу уран бүтээлч учир шүүмжлэхээсээ илүү хэрхэн бүтээсэн, суралцах зүйл юу байна гэдгийг нь л харвал дээр санагддаг. Сүүлийн үед гэвэл “37-р точка” олон ангит уран сайхны киноны эхний улирлыг үзэж дуусгасан. Хийц, утга санаанаас илүү таалагдсан зүйл нь Монголд долоо хоногтоо нэг анги гарч байгаа нь (БНСУ-д долоо хоногт хоёр анги гардаг) буюу олон ангит киноны дэлхийн стандартыг оруулж ирж, үүнд үзэгчдийг сургаж байгаа нь таатай санагдсан. Техник тоног төхөөрөмж бол мөнгө санхүүгийн боломж нь л байвал олж авч болох зүйл. Харин үүнийгээ тултал нь ашиглаж чаддаг боловсон хүчин, бас хамгийн чухал нь чанартай зохиол, судалгаа шинжилгээ монгол кинонд илүү шаардлагатай гэж хардаг. Тийм ч учраас сурсан мэдсэн зүйлээ аль болох бусадтайгаа хуваалцаж, мэргэжил нэгтнүүддээ хүргэхийг хүсдэг. Ядаж эхлээд Солонгост байгаа мэргэжил нэгтнүүдээрээ тогтмол богино хэмжээний ч болтугай уран бүтээл хийх зорилго бий. Энэ жил их зүйл төлөвлөсөн учир чадахаараа хичээнэ ээ.

-Таны төсөөлж, зорьж, бүтээж байгаа Нандин-Эрдэнэ арван жилийн дараа ямар “өндөрлөг”-т очсон байх бол?

-Заримдаа 10 жилийн дүү нар маань надаас их урам авдаг тухай сэтгэгдлээ илгээсэн байхыг уншаад би өөрөө тэднээс маш их эрч хүч авдаг. Тэр үед төрсөн бодол гэвэл хүн бүрт өөр өөрийн асуудал, бас зорилго бий. Гэхдээ хэн ч бай бууж өгмөөр, хэцүү үедээ бусдаас дэмжлэг, урам зориг авахыг хүсдэг шиг санагдсан. Тиймээс би 10 жилийн дараа чадах чинээгээрээ хүмүүст урам зориг өгдөг, мөн өөрөө зөв хүн байхыг хүсч байна. Харин сайн найруулагч, сайн уран бүтээлч болно гэж хэлж чадахгүй. Учир нь тэр бол миний насаараа суралцсаар явах том даалгавар. Гэхдээ тэр бүхний төлөө өнөөдрийг алдалгүй хичээх гэж тэмүүлнэ. Бусад залуус маань ч бас дор бүрнээ хичээвэл бид илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээж чадна гэж уриалъя.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Нандин-Эрдэнэ: Өмнөд Солонгосын уран бүтээлчид анхандаа олон ангит кино, К-поп урсгалаа дэлхийн хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй  
Үзсэн: 1433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 14:09
solongosuud tsarailag saihan hun jujigchin duuchin boloh yostoi gej uzdeg saihan baijiij humuus uzdeg. hiimel bolovch uneldeg gazar
1998 ond kpop sonsoj bla [127.0.0.xxx] 2020-02-09 23:40
1998 ond kpop sonsoj bla nziin mani ah korea yavaad baahan kaset uguj yavuulaad za tgd 2001 ond kpop gedeg chin koreachuudiin soyoliin dovtolgoo ym bna gj oilgoson anhanda japanees copy daraa n USA gegeer zaalguulaad but avsanda odoo ch diildehgui bnashude Mongol tv hamt olon ta nar joohon setgeecheee ali 1990 onii he mayagaar husaad bhiin nevtruuleg ene ter n studio bl avah ymgui zahiraluud n land 200 unaad bhiin tusvuud 3 terbum avdag gee bizde chanaraa saijruulaarai
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 19:08
mundag huntei yriltslaga hiijee
ГОЁ [127.0.0.xxx] 2020-02-06 18:23
Ажилдаа бүтээлчээр хандаж хилийн чанадад сайн ажиллаж суралцаж байгаа хүмүүсээсээ ярилцлага авч байгаад баярлалаа. Бид нар л мэдэхгүй болохоос тухайн улсдаа маш амжилттай ажиллаж амьдарч байгаа монголчууд олон. Даанч сайнаас саар нь тод томруунаар түгэх юм.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 12:05
Мундаг юм. Монгол хүн бүр ийм бол энэ улс хурдан хөгжинө дөө
Зочин [127.0.0.xxx] 2020-02-06 07:49
Goy yriltslaga boljeee
Но [127.0.0.xxx] 2020-02-05 23:28
Тумпин шанага
mika [127.0.0.xxx] 2020-02-05 16:45
amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-02-05 16:41
кээ пооп гэнэ үү. юу байдгийн.ёстой мэдэхгүйн байна..энэ хүүхэн тогооч жангумаас өөр кино үзээгүй юм шиг байна...сүүлийн үеийн монгол хүүхнүүд улам л тэнэг болоод байх юм.

Бидэнтэй нэгдээрэй