Шууд Chart

Ш.Мөнхцэрэн: Тогтвортой хөгжлийн зорилго "Алсын хараа-2050"-д бүрэн шингэсэн

2020-02-06 11:00:21

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооны ээлжит уулзалтад уригдсан судлаач, доктор Ш.Мөнхцэрэнтэй НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ын хэрэгжилттэй холбоотой асуудлаар ярилцлаа.  

-“Алсын хараа 2050” хөгжлийн урт хугацааны баримт бичигт Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрхэн тусгасан бол?

-Засгийн газар урт хугацааны хөгжлийн бодлогоо 2050 он хүртэл шинэчлэхээр зорьж, “Алсын хараа 2050” хөгжлийн үзэл баримтлалаа УИХ-д өргөн бариад байна. Энэ баримт бичиг батлагдсан тохиолдолд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хүчингүй болж, шинэ үзэл баримтлал хэрэгжинэ. Гэхдээ “Алсын хараа 2050”-д тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтууд илүү өргөн хүрээнд, бүрэн дүүрэн шингэсэн. 

Ер нь бид дэлхийн нийтийн хөгжлийн бодлогыг өөрийн оронд нутагшуулах нь чухал. Тогтвортой хөгжлийн зорилгоос өмнө Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн гэж манай улс дүгнэдэг ч анхан шатанд, орон нутгийн төвшинд түүнийг хэрхэн ойлгосон бэ гэхээр асуудалтай. Дэлхий нийт ядуурлыг устгана гэх зэргээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх 17 зорилгоо гаргачихсан. Манай улсын хувьд тухайлбал энэ зорилгын хаана нь яваа вэ гэдгийг шууд хэмжиж, хянахад хэцүү, тодорхой бус байна. Одоогоор Тогтвортой хөгжлийн зорилгын 244 шалгуур үзүүлэлт бий.  Манайд тэдгээрийн 50 хувь нь л тодорхой болоод байна. 

-Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталж хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Гэсэн ч тогтвортой хөгжлийн талаарх олон нийтийн ойлголт тааруу, хэрэгжилт сул байгааг хаан хаанаа ярьдаг. Ямар шалтгаантай гэж үзэж байна вэ?

-Бид Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн өнгөрсөн дөрвөн жилд бодлогынхоо уялдааг хангахаар ажиллаа. Шалгуур үзүүлэлтүүдээ боловсронгуй болгохоор одоо ч ажиллаж, хэрэгжүүлж байна. Хоёр жил тутамд тайлангаа УИХ-д танилцуулж байх үүрэгтэй. Өнгөрсөн долоон сард эхний тайлангаа гаргаж сайн дураараа НҮБ-д танилцуулсан. Одоо УИХ-д танилцуулагдах ёстой. Ер нь хэд хэдэн шалтгаан, асуудал бий. 17 зорилгын хүрээнд Монгол улс хүрэх төвшингөө тодорхойлоогүй байна. Дараа нь ямар шалгуур үзүүлэлтээр хэмжих нь ч тодорхой байх ёстой. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх бүтэц, тогтолцоогоо зөв ойлгох нь чухал. Урт хугацаанд хэрэгжих үндсэн баримт бичгээ баталдаг ч дунд хугацааны баримт бичигтээ түүнийг тусгах, хэрэгжилт, хяналтыг хариуцах эзнийг тодорхой болгох ажил орхигддог. Мөн санхүүжилтийн бодлого чухал. Үндэсний олон хөтөлбөрүүд мөнгөгүйгээс болоод амжилттай хэрэгжиж чаддаггүй. НҮБ-аас Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд шаардагдах төсвөө тооцох, санхүүжүүлэх эх үүсвэрээ тодорхой болгох зөвлөмж өгөөд байна. Одоогоор үүнийг хийсэн байгууллага алга. 2019 онд НҮБ манай эрүүл мэндийн салбарт туршилтын төсөв хэрэгжүүлсэн бол энэ жил БОАЖЯ-нд хийж байна. Тогтвортой хөгжлийн зорилт амжилттай хэрэгжихэд хяналт шинжилгээ мөн чухал. Тухайлбал бид улсын төсвийг хэлэлцэх үед анхаардаг шигээ төсвийн зарцуулалт, хэрэгжилт дээр нь анхаарч чаддаггүй шүү дээ.

Нөгөө талд тогтвортой хөгжлийн зорилгыг орон нутагт нутагшуулах явдал. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу орон нутаг хөгжлийн хэтийн зорилтоо тодорхойлох ёстой. Увс, Орхон аймаг гаргаад байгаа бол нийслэлийн ИТХ ойрын өдрүүдэд баталж байна.

-Тогтвортой хөгжлийн зорилгодоо 2030 он гэхэд бүх улс орон ядуурлыг бүрэн устгах зорилго тавьсан. Манайд ирэх 10 жилд энэ зорилго биелэх ямар боломж байна?

-Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын ядуурлыг эцэс болгох зорилго утопи гэх үү дээ. Ядуурлын төвшинг эцэс болгоход маш олон шалгуур нөлөөлнө. Энэ зорилго манайд өнөөгийн өнцгөөс хэрэгжих боломжгүй. 2018 судалгаагаар манайд ядуурал нэмэгдэхэд орон сууцны хүртээмж,  ахмадуудын ихэнхи нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр авдаг зэрэг олон асуудал нөлөөлсөн.

-Эх дэлхийнхээ, хүн бүрийн, ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө  хувь хүнд хийж чадах олон зүйл бий болов уу?    

-Тогтвортой хөгжлийн зорилго нь хэнийг орхигдуулахгүй, аль ч газрыг үлдээхгүйгэдэг шүү дээ. Таны хийж байгаа зөв үйлдэл болгон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилгыг хангахад оруулж байгаа хувь нэмэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс зөв дадал, хандлагыг бий болгох мэдлэг ойлголтыг хүүхдүүдээс эхлээд өгөх нь чухал. Леонардо Ди Каприо НҮБ-ын элч төлөөлөгчөөр сонгогдчихоод “Намайг яагаад элчээр сонгосон юм бол, би тогтвортой хөгжил гэдгийг мэдэхгүй шүү дээ” гэж бодож байж л дээ. Тэгээд хоёр жил эрэл хайгуул хийж, уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох, юунаас үүсэлтэй, хэрхэн бууруулж болох талаар “Үерийн өмнө” баримтад кино хийсэн байгаа юм. Кинонд бидний таниж мэдэхгүй маш олон зүйлийг амьдралын жишээгээр тайлбарлаж гаргасан. Тухайлбал азоны давхарга цоороход үхэр яагаад нөлөөлдөг талаар гаргахдаа үхэрнээс хүхэр ялгарч байгааг, түүнийг бууруулахын тулд үхрээ боловсруулсан тэжээлээр бордох ёстой гэдгийг тодорхой харуулсан. Бас дэлгүүрийн менежертэй уулзаад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад яаж оролцох вэ? гэхэд нь “Би улаан лоолио хамгийн бага хэмжээгээр савлаж зардаг. Хэрэглэгч идэж амжихгүй бол муудаж хаягдана. Өөрийнхөө орлогыг бодсон бол томоор нь савлаж зарах байлаа” гэдэг. Яг л энэ байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Сэтгүүлчдийн оролцоо бүр ч илүү гэдгийг онцолъё. Ер нь Тогтвортой хөгжлийн зорилго, хэрэгжилт саарахад гол хэд хэдэн асуудал нөлөөлж байгаа гэж үзсэн. Монгол улсын нэг засгийн газрын ажилласан хугацаа 1.5-1.7 сар байгаа юм. Энэ хугацаа төрийн бодлого тогтвортой хэрэгжихэд хамгийн том садаа болж байна. Мөн бид асуудлыг цогцоор нь авч үзэж, шийдэж чадахгүй, сэмлээд байна.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Ш.Мөнхцэрэн: Тогтвортой хөгжлийн зорилго "Алсын хараа-2050"-д бүрэн шингэсэн   
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй