Шууд Chart

Гологдсон хүлэг “Даян түмний эх” болсон нь

2020-02-07 09:51:15

Өнөө цагийн цуутай хурдан хүлгүүдийн манлайд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач, “Алтай” группийн ерөнхийлөгч, Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гарцаагүй бичигдэнэ.

Төрийн наадамд дараалан гурав түрүүлж "Даян түмний эх" болсон шандаст хүлгийн тухай морио дээдэлдэг Монгол түмэн үлгэр, домог мэт хуучилдаг. Үнэхээр л түүх, домогт мөнхрөхөөс аргагүй хурдан ажнай хүлэг л дээ.

Хүрэн мориноос хөлс авч духандаа хүргэдэггүй юмаа гэхэд ойроос ч болов барааг нь харах юмсан хэмээн наадамчин олны бахдан ярихыг сонсох сайхан. Хүрэн морь уг нь хурдны өлгий нутаг Сүхбаатарын унаган адуу. Түвшинширээ сумын Эрдэнэбат гэж залуугийн хүрэн азарганы үр төл юм билээ. Эх нь сайхан хээр гүү байсан гэдэг. Харин хүрэн морь багаасаа бие жижигтэй байжээ. Дааган насанд нь уяж эхэлсэн бөгөөд Сүхбаатарын гурван ч суманд түрүүлж, нэг удаа айрагдаж байжээ. Шүдлэндээ Баянхутаг сумын наадамд түрүүлчихээд байж байтал Л.Эрдэнэцогт эзэн дээр нь ирээд “Давхар уяагаар Хурхын сангийн аж ахуйн 25 жилийн ойд уралдуулъя” гэсээр аваад явсан байдаг. Тэр наадмын морьд дутуу эргээд ихээхэн будлиантай болсон. Гэсэн ч хүрэн үрээ гарааны алтан зурхайгаас ганцаараа бүтэн эргэж тээр хол хурдлан одсон шандаст хүлгүүдийн араас тэнхээ мэдэн хөөсөөр арван нэгээр бариаллаа.

Ингээд эзэнд нь буцаан аваачиж өгчээ. Хүрэн үрээ сүрэгтэйгээ ижилсэн хойтон жилийн хаврын нүүрийг үзэх үед Гантөмөр гэх залуу Сүхбаатараас хурдан хүлэг худалдан авахаар очжээ.

Гантөмөр бол Өвөрхангай аймгийн харьяат хүн. Морь сонирхогчдын дунд адууны ченж гэдгээрээ алдартай. Тэрбыээр хурдны өлгий нутгаас хөл хөнгөнтэй хэдэн адуу хот руу аваачих санаатай очсон байгаа юм. Ингээд учир мэдэх уяачидтай уулзахад өнөөх Л.Эрдэнэцогт хүрэн үрээг зааж өгчээ. Бүр "Зүгээр нэг хурдан адуу биш. Цуутай хурдлах адуу юм шүү. Эзэн нь зөвшөөрдөг юм бол аваад яв" гэж хэлээд Эрдэнэбатынхыг зааж өгсөн гэдэг. Гантөмөр ч яахав наймаанд одтой, хүний арга эвийг олохдоо гаршсан сүйхээтэй эр байсан болохоор тэр шөнөдөө Эрдэнэбатынд давхиад хүрч.

Адуунд хайртай эр улсууд таарсных хурдан морины яриа өрнүүлэн адууны тарган мах огтолж, шимийн архи уусан шигээ гурав хоножээ. Гантөмөр тэднийхээс мордохдоо хүрэн үрээг нь хөтлөөд буцсан гэдэг. Хотод ирээд даага, шүдлэндээ түрүүлж, айрагдсан үрээгээ гайгүй шиг үнэ хүргээд зарчих санаатай хэд хэдэн хүнтэй уулзсан байгаа юм. Үзсэн хүн бүр л "Хэ цэс, энэн шиг бяцхан адуу уралддаггүй юм. Сумандаа л хурдан юм байгаа биз. Тэртэй тэрэнгүй жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг биз дээ" гээд тоохгүй байв. Удалгүй "шөвгөр" хочит Өлзийд үзүүлтэл заа, зүү болж худалдаж авахаар болов. Зарж байгаа хүн ч дотроо эзэнтэй болгочихлоо гэж бодож байтал хоёр хоногийн дараа утас цохин "Хөгшин нь "хоргой" Батсүх ахад зарах гэж байсан юм. Надаас гайгүй сайн үрээ олоод өг гэж гуйгаад хэдэн сар болж байна. Чиний хүрэн үрээг үзүүлтэл голоод байна" гэжээ. Тэгэхээр нь "Торгоны зам"-ын захирал Ц.Гантөмөрт санал болгосон байна. Ц.Гантөмөр бол улсын баяр наадамд түрүү, айраг авч байсан уяач. Алдарт "Пума хул" азарганы эзэн шүү дээ. "Пума хул" азарга улс, бүсийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хурдан буян. Ц.Гантөмөр хүрэн үрээг авахаар тохироод бүр өөрийнхөө сүрэгт нийлүүлэхээр аваад явчихаж. Тэгсэн хэд хоногийн дараа буцаагаад хөтөлж ирснээ "Манай уяачид голоод байна. Арай л жижиг биетэй юм. Өнчин ишиг шиг ийм юм уу даа гээд байна" гэсээр буцаагаад өгчээ. Ийн өнөө цагийн нэр алдартай хэд хэдэн хүнд очсон боловч гологдсон хүүхэн аятай хэд хоногийн дараа буцаад ирээд байжээ. Гэсэн ч хүрэн үрээг зарах гэж авсан Гантөмөр ченжийн танилын хүрээ их учраас "Алтай” группийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэд санал болгоод амжсан байна.

Тэрбээр өмнө нь Х.Бат-Эрдэнэтэй наймаа арилжаа хийж явсан болохоор бараг л тулгах шахуу хүрэн үрээгээ өгчээ. Бас ч гэж нүүр бардам очсон гэдэг юм билээ. Учир нь өмнөх жил нь Х.Бат-Эрдэнэд зарсан халзан азарга Алтан овооны даншиг наадамд аман хүзүүдээд байлаа. Тиймээс Х.Бат-Эрдэнэ дээр очоод шуудхан л "Надад гайгүй сайн үрээ байна. Та ав" гээд тулгачихаж. Басхүү тэр хоёрын хооронд багахан мөнгөний өгөө аваа байсан тул тэрийгээ хаачих юм болоод явчихжээ. Харин үрээгээ авахдаа Монгол Улсын манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийг дагуулж ирээд хүрэн үрээг үзүүлжээ. Дугараа манлай хүрэн үрээг ганцхан тойрч үзсэнээ "Энэ муу навсайсан жижиг үрээг төрийн наадамд уралдуулна гэж юу байхав дээ. Тэгж ч адууны хомоол хамуулаад яахав. Би уяхгүй" гэчихээд яваад өгчээ. Харин Х.Бат-Эрдэнэ олон сайн хүлгүүдийг нь уяж хурдлуулсан уяачийнхаа үгэнд энэ удаа орсонгүй. Жижиг хүрэн морины тайван тогтуун тунгалаг нүдийг хараад сэтгэлд нь ямар нэгэн зөн совин төрөөд болсонгүй. Тэгээд өөрийн эрхгүй "Би авна аа" гэсэн байдаг. Тэр үед хүрэн үрээ өнгө зүс муутай, ёстой л шар үсэндээ баригдсан амьтан харагджээ. Гэсэн ч цаанаасаа л нэг тийм үгээр хэлэхийн аргагүй дулаахан энерги цацруулаад байх шиг байгааг мэдэрснээр адуун сүрэгтээ аваад иржээ. Хожим Х.Бат-Эрдэнэ тэр тухайгаа дурсахдаа "Миний хүрэн морь надад ирэх л гэж ирсэн хүлэг. Олон хүнд гологдоод байсан юм билээ. Гэсэн ч надад их сонин мэдрэмж төрсөн. Уяач маань аваад хэрэггүй, ийм морь халхын наадамд уралддаггүй юм гэхэд зүгээр л авмаар санагдаад авчихсан" гэж ярьсан байдаг. Хүрэн морины Х.Бат-Эрдэнэд ирсэн түүхийг сонсохоор үнэхээр л хувь заяа тэднийг нийлүүлж дээ гэж бодогддог юм.

Хүрэн морь Х.Бат-Эрдэнэд ирсэн жил нь 2008 он. Хязаалан насанд нь адуун сүрэгтээ нийлүүлэхэд Дугараа манлай уяагүй юм билээ. Соёолондоо өнгө зүс нь засарч овоо дориун болохоор нь "Уралдуулах л гэж авсан юм чинь, юу ч гэсэн уяад үзнэ ээ" гэсээр уяа сойлгыг нь тааруулжээ. Дугараа манлайн гараар эхний жилдээ уягдаж байхдаа сунгаанд 30, 40 гаргаж давхиад байж. Тэр үед Х.Бат-Эрдэнийн ээж, морин спортын ууган гавьяат тамирчин Т.Цэрмаа хүрэн морийг хараад "Сайхан давхих хүлэг байна даа. Миний хүүд буянаа өгөх байлгүй дээ" гэж залбирдаг байсан гэдэг.

Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын гавьяат цолоор шагнуулсан морины зүтгэлтэн, моринд элэгтэй Монгол ээжид бас нэгэн зөн бэлгэ байсан л байж таараа. Ээж хүү хоёрын итгэлийг хүрэн морь эхний наадмаас л алдсангүй. Зэрэгцэж мордуулсан олон адууных нь хамгийн горьдлого багатай байсан хүлэг төрийн наадамд наймаар орж ирэн эздээ сандаргаад авчээ. Сандаргасан гэдэг нь учиртай. Х.Бат-Эрдэнэ хүрэн морио тэгж дээгүүр уралдана гэж бодоогүй гэдэг. Гэхдээ л улсын наадамд мордуулсан болохоор дотроо сэмхэн горьдсон л байж таараа.

Соёолонгийн уралдааныг үзэх гэж зон олон наадмын ногоон талбайд шавдгийг ч хэлэх үү, морио дагаж байгаа уяачдын олныг ч хэлэх үү. Түм түжигнэсэн олны дунд ааг амьсгаагүй, сэтгэл дотроо морьтойгоо хамт уралдаж байтал цээжний хэдэн морин дунд хүрэн үрээ нь давхиж явжээ.

Цагаан хөтөл өөд шандас мэдэн зүтгэх хүрэн морио хараад Х.Бат-Эрдэнэ нэг хэсэгтээ л сандарсан гэдэг. Цээж рүү нь нэг юм огшоод, нулимс нь дүүрч ирээд л. Дуугаръяа гэтэл хоолой нь зангирчихаад үг хэл эвлэхгүй тийм мэдрэмж мэдэрчээ. Цагаан хөтөлийн хөндий рүү жигтэйхэн хөнгөн ороод ирсэн адуугаа хараад "Жижиг биетэй, хөнгөн адуу аргагүй хурдалдаг юм байна" гэж бодсон гэнэ. Ингэж л эзэндээ, уяачдаа өөрийнхөө ямархан хүлэг болохыг харуулсан хүрэн морь наадмын дараа Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий нийсний 370 жилийн ойн даншигт очиж уралдав.

Тэнд аман хүзүүдсэнээр дараа жилийн наадмуудад уралдах дархан эрхийг уяачаасаа авчээ. Эндээс хүрэн морины амжилтууд хөвөрдөг. Дорноговь аймгийн 80 жилийн ойд айргийн тавд, Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүү, Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү, Төвийн бүсийн даншиг наадмын түрүү, Монголын шигшмэл хурдан морьдын "Их хурд-VI" уралдааны түрүү, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж "Даян түмний эх" болж Монгол түмний бахархалт нэгэн хүлэг болжээ.

Морь эзэн хоёр биесээ олно гэдэг ийм л сайхан даа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гологдсон хүлэг “Даян түмний эх” болсон нь  
Үзсэн: 22153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 22:41
Saihan buyn baina Onon guain heer moriig muusnignii ultgund tawij yabsan gej duulsan vnen bolwu
зочин [127.0.0.xxx] 2020-02-10 14:20
Сайхан хурдан буян. Бие галбир нь үнэн гоё харагдаж байна.Сайхан нийтлэл байна
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 12:29
голсон нь голонд гэдэгдээ морины бага бөхийн том гэж дээр үеийн үгтэй дээ.мөн морь хутга 2 жижигдэдгүй
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 12:00
Монгол түмний 2 их буян бие биенээ олсон сайхан учрал юм даа.таниагүй ч гэсэн бат өлзий уяач аргагүй сайн уяач юмаа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-09 12:20
Saihan huleg ymaa bvr ogshchiloo
sonirhogch [127.0.0.xxx] 2020-02-09 11:42
Vg ogvvlber hasalgvi yg copy hiijee
sonirhogch [127.0.0.xxx] 2020-02-09 11:41
anh 2013 ond ene niitleliig olon hvrgej blaa tuhain ved ih shuugian tarisandaa brg bvh page sait.r tarsan n niitleliig maani zowshoorolgvi olon tsatsaad baigg bi oilgoogvi ymr ch page sait zowshoorol awaagvi
8819 [127.0.0.xxx] 2020-02-08 22:58
Manai uyaachdiin mori tanina gdg yu baihav yostoil nogo tejeer tarai 2oor zodoj bgad uralduuldag ym bhchinlee
мйбёмй [127.0.0.xxx] 2020-02-08 18:36
Уяач нар нь голоод байна гэхээрээ тийм хурдан буяныг таньдаггүй л байна даа, манай Монголын сүүлийн үеийн уяач нар тэгэхээрээ хурдан морь танихгүй л бна даа.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 15:59
Уяач нь алдарт гээл байдаг морь мэддэггүй л юм байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 15:54
Сайхан адуу байна нулимас гараад байна шүү
zochin [127.0.0.xxx] 2020-02-08 14:06
Baterdene sain zaluu sh dee hund tusarhuu saihan setgeltei
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 10:05
БатЭрдэнэ гэдэг ёстой мөнгөний Баагий юм билээ... Морь уях талаар юу ч мэдэхгүй байж уяач гээд бодчихсон залаатай малгайны гол билээ дээ... Юм хэлээд ойлгох ухаангүй нөхөр...
Gansvkh [127.0.0.xxx] 2020-02-08 09:54
hvren morinii hor shar ni hvrsen bna daa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 09:21
Гоё юмаа сэтгэл санаа цэлмээд явчихлаа
Морь [127.0.0.xxx] 2020-02-08 09:15
Уяач нь морь мэдэхгүй лалар байна шдээ
Kkk [127.0.0.xxx] 2020-02-12 11:26
Lalar ii
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 08:24
Saihan tuuh bn golson nuhud yasan bol kk
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 08:14
Сайхан дурсамж байна Эзэнээ олноо гэж энэдээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-08 06:39
agyy umaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 21:35
Setgeld buutal bichijee unshaad omogshiloo baharhlaa nulimas hvrtel garlaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-07 19:54
сайхан ч адуу.сайхан ч ,нүдэнд буутал бичжээ
Тулгаа [127.0.0.xxx] 2020-02-07 18:24
Сайхан ажнай байна даа.Эзэн нь ч яахав жаран чавганцын аль нэг нь авах л байсан биз
uchka [127.0.0.xxx] 2020-02-07 17:04
Аргагүй л Монгол морь бахархмаар сайхан уншаад нулмис гарчихлаа
ДООНОО [127.0.0.xxx] 2020-02-07 16:56
БҮХ ЭД ЗҮЙЛС, АМЬТАД ХОРВООД ИРЭХДЭЭ ЗӨВХӨН ӨӨРИЙГ НЬ АВАХ ЭЗЭНДЭЭ БҮТЭЭГДЭН ИРДЭГ ГЭСЭН ҮГ ҮНЭН БАЙНА.
П.Гантогтох [127.0.0.xxx] 2020-02-07 15:41
Үнхээр гоё
Зочин [127.0.0.xxx] 2020-02-09 10:19
bayarlala mori auga amitan shu

Бидэнтэй нэгдээрэй