Шууд Chart

Шинэ коронавирусийг “COVID-19” гэж нэрлэжээ

2020-02-13 10:21:24

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавируст албан ёсны шинжлэх ухааны нэршлийг өгөөд байна. Цаашид энэ вирусийг “COVID-19” гэж нэрлэж байхаар болсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавируст нэршил өгөхдөө гурван үгийн товчлолыг ашигласан байна.

Тодруулбал, корона /corona/, вирус /virus/ болон англиар өвчин буюу /diseasе/ гэсэн гурван үгийг ашиглажээ. Корона болон вирус гэсэн үгийн эхний хоёр үсгийг оруулсан бол өвчин гэсэн үгийн эхний нэг үсэг буюу “D”-г оруулан шинэ нэршлийг бүтээжээ.

Үүнээс гадна энэ вирус 2019 онд анх илэрсэн учраас үүнийг нь илэрхийлж 19 гэсэн тоог багтаажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом мягмар гарагт Женев хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ шинэ вирусийг ямар нэгэн амьтан, хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүст, эсвэл газрын байршилтай холбогдох хамаарлыг арилгахыг зорьсон гэжээ. Энэ нь шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор аливаа улс орны иргэд төдийгүй амьтдыг ялгаварлан гадуурхаж, нүд үзүүрлэхээс сэргийлэх юм.

Барууны хэвлэлүүд шинэ коронавирусийг "Ухань вирус" гэж анх үүссэн хотын нэрээр нь дуудах тохиолдол гараад байсан юм. Ер нь барууны орнуудад коронавирусний тархалттай холбоотойгоор ази иргэдийг тохуурхсан мэдээлэл цацагдах болсон юм.

Сонирхуулахад, Швейцарын Женев хотод 400 орчим эрүүл мэндийн шинжээч, судлаач болон эмч мэргэжилтнүүдийн уулзалт болж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх уулзалтаар коронавирусний эсрэг тэмцлийг илүү үр дүнтэй болгох, энэ аюулт вирусний эсрэг вакциныг гаргах асуудлыг голчлон хэлэлцэж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ коронавирусийг “COVID-19” гэж нэрлэжээ   
Үзсэн: 5332 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй