Шууд Chart

Хайр гэж юу вэ

2020-02-14 11:11:38

Хайр гэж хэн нэгэнд маш хүчтэй татагдаж буй мэдрэмж, үүнээс улбаалан гарч буй сэтгэл хөдлөлийг хэлнэ. Хайр гэдэг үгийг олон улс үндэстэн, шашны номд янз янзаар тайлбарласан байдаг. Энэ бүгдээс хүн хүнээ хайрлах хайрыг онцолж хэлбэл, гэр бүл (аав, ээж, ах дүү, хүү, охин), найз нөхөд, хосуудын гэж байж болно. Хайр олон янз. Хайраас бид эгэлгүй зүйлсийг олж авдаг. Хайртай хүнээ аз жаргалтай байхыг харах нь хайрлаж буй хүний аз жаргал болдог. Европод улаан зүрхийг хайрын бэлгэдэл болгодог. Энэ нь өдгөөг хүртэл бүх дэлхийн хүн төрөлхтний хайрын бэлгэдэл болсоор байна.

Энэ удаад зөвхөн хосын хайрын тухай өгүүлэхээр зэхлээ. Бид яагаад гэдгээ ч мэдэхгүй хэн нэгэнд дурлаж, татагдаж эхлэх нь бий. Улмаар түүнтэй хамт байхыг эрхэмлэж, түүнээс өөрийг бодох сөхөөгүй болдог. Энэ нөхцөлд тухайн хүн чинь хаана ажилладаг, хэдэн настай, хэн байх нь огтхон ч хамаагүй бөгөөд бусдаас илүү түүн рүүгээ л соронзон мэт татагддаг. Хүний энэхүү сэтгэлийн хүчтэй мэдрэмжийн тухай эрдэмтэд юу гэж өгүүлснийг сонирхоцгооё. 

Доктор Стернбергийн гаргасан хайрын тодорхойлолт ёсоор бол хайр дараах харилцааны хэлбэрүүдээр илэрдэг байна. Үүнд: 

1. Биеэр холбогдсон буюу янаглал

2. Романтик хайр буюу биеэр холбогдох+ хүсэл тэмүүлэл

3. Нөхөрлөл маягийн буюу биеэр холбогдох+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх

4. Хүсэл тачаал дангаар ба хүсэл тачаал+бие биенийхээ өмнө үүрэг хүлээх

5. Хүсэл тэмүүлэл байхгүй зөвхөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээх гэх мэт байхаас гадна хамгийн зөв хайр буюу бие, сэтгэлээрээ холбогдсон, бие биедээ тэмүүлж татагдсан мөн бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн харилцаа гэж байдаг.

Cкот Пекийн онолоор бол хайр гэдэг нь өөрийнхөө хүсэл зоригоос илүүтэй хосынхоо оюун санааны сайн сайхан байдлын төлөө амьдрах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ. Ийм нөхцөлд хайрлаж буй хүн хувь хүнийхээ хувьд өсөж сайжрах, амьдралдаа зорилго тэмүүлэлтэй болох, өөрөөсөө гарамгүй их хүчин чармайлт гаргах, хайраа хариу нэхэлгүй зориулах гэх мэт маш олон давуу талтай болдог. Өөрөөр хэлбэл, хайр дурлалын зөв харилцаанд байгаа бол тэр хайр чинь та хоёрын хэн, хэнийг нь хүний мөс чанарын хувьд сайжруулж байдаг. Хэрэв тэгж чадахгүй байгаа бол хайр биш ч байж болох юм.

Хайрлана гэдэг нь:

- Нөгөө хүнээ танин мэдэх

- Халамж анхаарал тавих

- Хосынхоо өмнө үүрэг хүлээх

- Ямар ч үед хүндлэх

- Төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх буюу сул талыг нь байгаагаар нь хүлээж авах

- Хэн, хэнийхээ өсөлт дэвшлийн төлөө сэтгэл гаргах, төлөвлөгөөндөө нийцүүлэх юм.

Нэгэн цагт танихгүй байсан хүмүүс одоо нөгөөгүйгээрээ байхыг төсөөлж чадахгүй байх тэр содон мэдрэмжийн тухай та юу гэж бодож байна. Хэзээ ингэтлээ дурлаж, хайрласнаа хэлж чадахгүй ч бид хэн нэгнийг бусдаас илүү хайрлаж, хамгаалж, халамжилж эхэлдэг. Тэгвэл ямар шалтгаанаар хүмүүс бие бие рүүгээ татагддаг тухай өгүүлье. Та "Өөртэйгөө ижилхэн хүнд илүү татагддаг уу, эсвэл эсрэг тэсрэг хүнд илүүтэй татагддаг уу" гэсэн асуултад хариулахыг оролдоорой. Эргэлзэж мэдэх ч энэ асуултын хариултыг олох амархан. Учир нь таны найзууд дунд чамаас тэс өөр хүмүүс байдаггүй биз дээ. Байлаа гэж бодоход тэр нөхөрлөл удаан оршин тогтнох үндэсгүй юм. Үүнтэй адил хосууд эрс тэс ялгаатай бол тэдний харилцаа удаан үргэлжлэхгүй. Хайрын хүчээр хүн өөрчлөгдөж, зөөлөрч, сэтгэл зүйн хувьд улам хүчирхэг болдог.  

Хэзээ, яагаад, ямар учраас хүнд дурлаж, хайрласан тухайгаа тайлбарла гэвэл та юу гэж хариулах байсан бэ. Магадгүй бидний дийлэнх нь "мэдэхгүй" гэж хэлнэ байх. Тэгвэл хүнд татагдахад нөлөөлдөг хүчин зүйлс гэж байдаг байх нь.  

Ойр байдал: Жишээ нь, чи оюутан бол хажууд суудаг залуу чинь нэг л мэдэхэд бусдаас илүү дотно санагддаг болдог. Эсвэл хөрш айлын хүн, зэргэлдээх байрны өдөр бүр тааралддаг залуу ч байж болно. Гэхдээ ойр хавьд байдаг бүх л хүндээ татагдаж байдаг гэж хэлээгүй юм шүү. Зүгээр л та хэн нэгэнтэй ойр ойрхон тааралддаг бол түүнд татагдах магадлал өндөр байдаг гэсэн үг.

Давтамжтай харилцаа: Хэн нэгэнтэй ойр ойрхон харилцах, ярилцах тусам тэр хүн илүү таалагдаж эхэлдэг. 

Харилцана гэсэн найдлага: 2 бүлэг хүнд жирийн л нэг эсрэг хүйснийх нь хүний зурагтай анкетыг өгөөд нэг хэсэгт нь та энэ хүнтэй ирэх 7 хоногт уулзана гэж хэлээд, нөгөө бүлэгт нь уулзана гэж хэлэлгүйгээр тухайн хүний тухай сайн уншиж судла гэж хэлжээ. Эцэст нь тэр хүн хэр их таалагдсан талаар хүн бүрээс асуутал уулзуулна гэсэн бүлгээс маш олон хүн тухайн хүн таалагдсан гэсэн хариу өгсөн байна.

Тэр хүний талаарх давтамжит яриа сонсох: Энгийн нэг жишээ авахад чи шинэ дуу сонсоод тэр дороо таалагдах тохиолдол хэр их байдаг вэ. Эхэндээ тийм ч гоё санагдахгүй ч сонсоод байх тусам таалагдаж эхэлснээр дуртай болдог биз дээ. Маш олон сонссоны дараа чи уйдах боловч бараг сонсдоггүй дуунаас илүү тухайн дуундаа дуртай хэвээр л байдаг. Тэгэхээр хэн нэгний тухай давтамжтайгаар сонсоод л байх юм бол тэр хүнийг сонирхож, татагдаж эхэлнэ.

Чиний шалгуурт тэнцэх байдал: Хүн бүр өөрийн гэсэн шалгуурыг ирээдүйн хосоосоо хүлээж байдаг. Хүүхэдтэй болох боломжтой, санхүүгийн хувьд биеэ даасан, муу зуршилгүй гэх мэт. Энэ шалгуурууд цаг хугацааны хувьд хувирч өөрчлөгддөг. 3 хүүхэдтэй хүн гэр бүлээ цуцлуулсан байлаа гэж бодоход дахин хүүхэдтэй болохыг хүсэхгүй нь тодорхой гэх мэт. Гэхдээ түүнд тавих шалгуурын жагсаалт чинь 3-4 гол зүйлээс хэтрэхгүй байх нь зүйтэй. Хэрэв чиний жагсаалт 8 юм уу, 12 зүйлээс бүрддэг бол та хэтэрхий шалгуур өндөртэй хүн байна. Шалгуурт чинь бүрэн нийцэх хүн олдоход хэцүү гэдгийг ойлгоорой. 

Ижил төстэй байдал: Чи шөнө оройн цагаар гэртээ амрах дуртай хүн бол орой болохоор л гараад явчихдаг хүнтэй удаан хамт байж тохирно гэж үү. Хосын харилцаанд хобби сонирхол, үзэл бодол төстэй байх нь маш чухал хүчин зүйл.

Харилцан анхаарал хандуулах байдал: Хэрэв чи хэн нэгэн чамд сайн гэдгийг сонсвол түүнд илүү их анхаарал хандуулж эхэлдэг. Тэр чиний нүдэнд тусаж, түүнтэй эелдэг харьцаж эхэлнэ. 

Гадаад төрх: "Би хүний сэтгэлийг нь л хардаг" гэж ярьдаг хүмүүс бий. Гэвч судлаачид нялх хүүхэд ч царайлаг хүн рүү илүү удаан тогтож хардаг болохыг баталсан байна. Үүний эсрэгээр хэрэв бид заал дүүрэн хүн цуглуулаад тэдний дунд нүд хальтирам царайтай нэг хүн оруулж суулгавал тэр хүний ойролцоо хэн ч суухыг хүсэхгүй. Үүнийг Нью-Йоркийн метронд туршин нотолж байсан тухай өгүүлжээ.

Хайрлан, дурлахад гадаад төрх төдийгүй тухайн хүний зан ааш, хэлж ярьж буй үгс, түүнийг таньж мэдэх гэсэн хүсэл хүртэл нөлөө үзүүлнэ. Үүнээс хамгийн чухал зүйл бол харц юм. Хайртай хүнийхээ үйлдэл бүрийг ажиглаж, өхөөрдөж, өөриймсөх нь хайр. Үргэлж хамт байхыг хүсэх, түүнийхээ хүсэл сонирхлыг нь дээдлэх, буулт хийх, халамжлах, халамжлуулахыг хүсэх нь хайр юм. Хайр гэдэг зүгээр л мэдрэмж гэж тодорхойлбол учир дутагдалтай. Учир нь энэ мэдрэмжийн ачаар бид маш хүчирхэг болдог төдийгүй амьдралд тохиолдох олон саад бэрхшээлийг ажралгүй давдаг билээ. Чиний хамгийн сайн болон муу талуудыг мэддэг, чамайг үнэхээр хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлдэг, байгаагаар чинь хүлээж авч хайрладаг, чамайг бүрэн хүлээн зөвшөөрсөн хүн дэргэд чинь байгаа бол битгий эргэлзээрэй. Хайртай хүмүүс хоорондоо дотны найзууд шиг нөхөрлөж чадвал тэр хосын харилцаанд давуу тал болно. Хамтдаа инээж, нэгэндээ туньсан ч уучилж, аргадаж амьдрахыг хичээгээрэй. Хайр хүн бүрт хэрэгтэй. Тэр бас хэзээ ч бөхдөггүй.  


Хайр гэж юу вэ  
Үзсэн: 2446 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй