Шууд Chart

Д.Амгаланбаатар: Орой гэртээ лааны гэрэлд вино хувааж ууна гэсэн төлөвлөгөөтэй байгаа

2020-02-14 11:38:45

УДЭТ-ын жүжигчин.

Манай эхнэрийг Б.Оюунжаргал гэдэг. Бид танилцаад 26 жил болжээ. 1994 оны зун Төв аймгийн Эрдэнэсант сумын Өвөр ус гэдэг байгалийн үзэсгэлэнт газар танилцсан юм. Уул ус дагаж хөтлөлцөн зугаалаад, жимс түүж явахдаа илүү дотноссон доо.

Тухайн үед гэгээн хайрын валентины өдрийг тэмдэглэх нь бүү хэл мэддэг ч үгүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд ач холбогдол өгдөг болсон. Бие биедээ зүрхэн шоколад бэлэглэж хамтдаа хоёулахнаа романчигладаг болсон шүү. Өнөөдөр ажлаа тараа харихад эхнэр маань шоколад хайлуулаад бэлдчихсэн байна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил хорио цээр гарсан болохоор орой гэртээ лааны гэрэлд вино хувааж ууна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж зүрхэн шоколадаа барьж очино оо.

Дээрх зурган дээр том хүү Тэмүүлэн маань байхгүй байгаа. Бээжинд найруулагчаар сурч байгаа болохоор эзгүй байж таарлаа. Харин бага Гийгүүлэн, охин Энэрэл нартайгаа байна. 

Д.Ган-Очир: Эхнэртээ зориулж “Хайрлаж амьдарна” нэртэй цомгоо хэвлүүлсэн

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч.

Хүн болгонд анхны хайр бүх насных нь амьдрал тэр бүр болоод байсныг би сайн санахгүй байна. Миний хувьд анх л хайрласан охинтойгоо амьдралаа үүсгээд 28 жил болж байна. Эхнэр бид хоёр Чойбалсан хотын нэгдүгээр сургуулийн үүдэн дээр анх танилцаж билээ. Сурагч насны үерхэлээр үерхэж цаг хугацааны явцад бие бие рүүгээ тэмүүлсэн халуун хайр болон амьдрал холбосон доо. Он цаг өнгөрөх тусам улам л  хүмүүс эхнэр бид хоёрыг адилхан болоод байна гээд байгаа юм. Сэтгэл итгэлээрээ л амьдрах шиг сайхан зүйл гэж орчлонд үгүй юм байна.

Сарын өмнө би эхнэртээ зориулж “Хайрлаж амьдарна” нэртэй цомгоо хэвлүүлсэн. Энэ л миний уран бүтээлээрээ барьж буй сэтгэлийн бэлэг байх болов уу даа. Би өөрт нь хэлээгүй байгаа.

Б.Балжинням: Бидний болзоо ихэвчлэн оюутны дотуур байрны шат, үүдэнд болдог байсан

Хүний их эмч.

Намайг Батболдын Балжинням гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй. Миний ханийг Ганбаатарын Майдаржав гэдэг. Багш мэргэжилтэй ч хувиараа бизнес эрхэлдэг. Бидний танилцсан түүх гэвэл 2014 он юм. Тэр жил сумынхаа залуучуудын уулзалтанд явахаар УБИС-аас баруун дөрвөн зам руу тралейбусаар явж байлаа. Тухайн үед оюутнууд өөр өөрсдийн зурагтай картаар нийтийн тээвэрт үнэгүй зорчдог байв. Бүгд кондукторт нь картаа шалгуулаад манай хүн дээр ирэхэд тэр бүтэлгүйтээд хураалгачихсан. Учир нь нөхрийн маань карт хугарчихсан байсан болохоор скочоор наачихсан байсан юм билээ. Гэтэл тэр кондукор буруугаар ойлгосон юм байлгүй. Намайг хажууд нь зогсч байсан болохоор хамт явж байна гэж бодоод минийхийг ч бас хураачихсан. Тэгээд хэн хэн нь мөнгөө өгөх болоход манай хүн мөнгөгүй явж таарч. Ингээд надаас 200 төгрөг зорьсон газраа хүрсэн хөгжилтэй түүх бий.

Одоо миний хань тэр 200 төгрөгнийхөө хүүг төлөөд намайг юугаарч дутаахгүй сайхан амьдаруулж байна аа. Бид хоёрын болзоо ихэвчлэн миний амьдардаг оюутны дотуур байрны шат, үүдэнд болдог. Заримдаа өрөөндөө оруулаад хоол хийж өгч уулздаг гэнэн цагаахан үерхэл байсан. Ер нь эрэгтэй хүн ходоодоороо дурладаг гэдэг үнэн байх. Хамгийн анхны валентины баяраар цагаан сар таараад хөдөө гэртээ цэвэрлэгээ хийж байхад гэрийн гадаа ирж зүрхэн шоколад өгч байсан. Тэр үеэс хойш валентины баярыг хамтдаа гэртээ тэмдэглэдэг болсон. Дуртай хоолоо хийж идээд, дуртай киногоо үзээд л.

Хүн нэг л удаа амьдрах учраас бэлэг сэлт гэхээс илүү бие биедээ илүү их цаг зарцуулж, хамтдаа байхыг чухалчилдаг.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Амгаланбаатар: Орой гэртээ лааны гэрэлд вино хувааж ууна гэсэн төлөвлөгөөтэй байгаа  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-14 21:39
Та 3таа аз жаргал хүсье.
maidarjaw [127.0.0.xxx] 2020-02-14 13:33
goe tuuh shuu

Бидэнтэй нэгдээрэй