Шууд Chart

Дамаск хот пуужингийн халдлагад өртлөө

2020-02-14 11:46:52

Сирийн нийслэл Дамаск хот баасан гарагийн шөнө пуужингийн халдлагад өртлөө гэж Сирийн төрийн теле суваг дамжуулсан байна. Сирийн пуужингаас хамгаалах системээр хэд хэдэн объектыг барьж авсан. Пуужинг энэ улсын баруун өмнөд хэсэгт орших, Израилийн булаан авсан Голаны өндөрлөгийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн гэж мэдээлж байна.

Сирийн нийслэлд хэн пуужингийн цохилт хийсэн, пуужингийн халдлагад хэдэн хүн өртсөн, ямар хохирол амссан тухай мэдээлэл алга одоогоор байна. Гэхдээ Израилийн агаарын цэргийн хүчнээс халдлага үйлдсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. “Иерусалим Пост” сонинд ч Сирийн нийслэл рүү Израилийн агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцноос дайрсан. Гэхдээ хөрш улсынхаа агаарын орон зай руу халдаагүй гэж мэдээлсэн байна. Халдлагын гол зорилго нь Ираныг дэмжигч бүлэглэлүүдийн зэвсгийн агуулах байсан гэнэ.

Израилийн дайчид үе үе Сирийн газар нутагт байгаа объектууд руу халддаг. Хамгийн сүүлд энэ сарын 6-ны шөнө Дамаск халдлагад өртсөн юм. Тухайн үед Израилийн агаарын цэргийн хүчний “Эф-16” загварын дөрвөн сөнөөгч онгоц Сирийн агаарын орон зайд орж ирэлгүйгээр нийслэлийн дагуул хотууд руу “агаар-газар” ангиллын найман пуужингаар гэнэтийн цохилт хийсэн. Хариуд нь Сирийн Засгийн газрын дайчид пуужингаас хамгаалах системийн зенит пуужингийн цогцолбор ашигласан байна. Яг энэ үеэр 172 зорчигчтой “Эрбус-320” онгоц Дамаскийн онгоцны буудалд буух гэж байсан юм. Азаар диспетчерүүд онгоцыг тусгалын бүсээс зайлуулж, Хмеймим бааз дахь нөөц агаарын буудалд буулгасан байна.

Асадын дэглэм болон түүнийг эсэргүүцэгч бүлэглэлүүд хоорондын цэргийн зөрчилдөөн 2011 оноос хойш үргэлжилж байгаа юм. Энэ хугацаанд хэдэн зуун мянган хүн амиа алдаж, 5 сая гаруй хүн Сириэс зугтаж гарсан билээ. Одоогийн байдлаар Идлиб мужид бөмбөгдөлт, агаарын цохилт үргэлжилж байна. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дайчид Оросын дэмжлэгтэйгээр хяналтаас гарсан нутаг дэвсгэр рүүгээ дайрч байна. Харин Сирийн сөрөг хүчин Идлибийн нутаг дэвсгэрийг Туркийн тусламжтайгаар тогтоон барьж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дамаск хот пуужингийн халдлагад өртлөө  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй