Шууд Chart

ОХУ-ын газар нутгаас бусад оронд шилжүүлэн өгөхийг хориглох заалтыг хэлэлцэж байна

2020-02-14 12:15:51

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний саналын дагуу тус улсад шинэ үндсэн хуулийг боловсруулж эхлээд байгаа. Тэгвэл шинэ үндсэн хуулинд Оросын газар нутгаас бусад оронд шилжүүлэн өгөхийг хориглох заалтыг багтахаар хэлэлцэж байна. Орос улс зарим оронтой газар нутгийн маргаантай байгааг үл харгалзан Ерөнхийлөгч Путин энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин думын гишүүдийн өмнө илтгэл тавьсан. Энэ үеэрээ тэрээр Оросын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналыг гаргасан юм. Тэрээр Оросын парламентын болон засгийн газрын эрх мэдлийг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүний дараагаар Оросын хуулийн мэргэжилтнүүд болон шинжээчдийн баг шинэ үндсэн хуулийг боловсруулах ажлыг аль хэдийн эхлээд байгаа юм. Тэгвэл Пүрэв гарагийн хуралдааны үеэр шинэ үндсэн хуулинд Оросын газар нутгаас бусад оронд шилжүүлэх болон энэ талаар хэлэлцээр хийхийг ч хориглох заалтыг оруулах санал гаргасан байна.

Ерөнхийлөгч Путин хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ энэ саналын талаар хуулийн шинжээчдээс зарим зүйлсийг асууж тодруулна гэдгээ хэлснээс гадна ер нь тус саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хамгийн гол анхаарал татаж байгаа асуудал Орос улстай газар нутгийн маргаантай байдаг бусад орон үүний эсрэг хэрхэн хариу үзүүлэх вэ гэдэг юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы ерөнхий сайд Абэ Шинзо сар хоёр улсын хооронд олон жил өрнөж байгаа арлын маргааны асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцээ явагдсаар байгаа. Орос, Японы талууд Курилийн арлуудыг 70 жилийн турш булаалдаж байгаа. Одоогоор Оросын мэдэлд байдаг энэ арлыг Япон улс өөрийн газар нутгийн нэг хэсэг үзэж ирсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын газар нутгаас бусад оронд шилжүүлэн өгөхийг хориглох заалтыг хэлэлцэж байна  
Үзсэн: 1373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй