Шууд Chart

Монголын үндэсний шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ Катар улсад хийнэ

2020-02-14 16:40:04

Катарын хөлбөмбөгийн холбоо 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авахтай холбогдуулан бэлтгэл ажил болгож олон цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг болох Африкийн супер цомын тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар уригдан оролцож байна.

Ерөнхийлөгч энэ үеэр Катарын хөлбөмбөгийн холбоотой 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг дүгнэн ярилцаж, цаашид хийх ажлуудаа дуулгаж, тохиролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Катарын хөлбөмбөгийн холбоо бүх зардлыг гаргаж Үндэсний шигшээ баг болон “Эрчим” багийн хамгаалагч Галтын Төгөлдөрийн өвдөгний гэмтлийг дэлхийн шилдэг спортын эмнэлэгүүдийн нэг “Aspire”-т эмчлүүлж, хагалгаа амжилттай болсноор өнөөдөр тэрбээр ногоон талбайдаа дахин тоглож байгаа билээ.

Харин энэ удаад тус хамтын ажиллагааны дагуу ДАШТ-ий урьдчилсан шатны Тажикстан болон Японы шигшээ багын эсрэг хийх чухал тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг Катар улсад 14 хоногийн хугацаатай байрлан бэлтгэл хийхээр боллоо.

Мөн, Ерөнхийлөгчийн нэмэлтээр тавьсан хүсэлтийн дагуу шигшээ багийг Катарт байрлан бэлтгэл хийх үеэр МХБХ-ны маркетингийн баг КХБХ-нд дадлага хийж, Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцах сурвалжлах боломж бүрдлээ. Түүнчлэн Катар улсын Жосур хөлбөмбөгийн академиас Монголын хөлбөмбөгийн Элит академитай хамтран туршлага судлах, сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын хөлбөмбөгийн холбоод 2020 онд олон ажлыг хамтран хийхээр тохиролцоонд хүрсэн байна.

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ Катар улсад хийнэ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй