Шууд Chart

Сэтгэлдээ сүү өргөж байсан монгол түмэндээ талархаж байна

2020-02-15 18:26:37

Уханиас ирсэн оюутнуудын тандалт судалгааны хугацаа өнөөдөр дуусч, эмнэлгээс гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэд талархсан сэтгэлээ илэрхийллээ. "Уханий 31 оюутан"-аас гэж хаягласан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.  


"Сэтгэлдээ сүү өргөж байсан Монгол түмэндээ талархаж байна.

Талархсан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд өнөөдөр олон хүн холбогдон асууж буй тул нөхцөл байдлын тухай товчхон мэдээлэл хүргэе хэмээн бодлоо.

Бидний 31 оюутан нь Ухань хотод 2020.01.18-наас эхлэн тус тусын сургуульдаа эмчийн үзлэгт хамрагдаж, коронавирусний халдвар аваагүй, эрүүл гэдгээ тогтоолгон, сургуулийнхаа кампуст гадагш гаралгүй тусгаарлагдан байсан.
Ингээд 1 сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, Гадаад хэргийн яам маань БНХАУ-ын талтай хэлэлцсэний хүчинд бид эх орондоо буцан ирэх боломж бүрдсэн баярт мэдээг сэтгэл догдлон сонссон юм.
2020.01.31-ний өдөр БНХАУ-ын Ухань хотын хил гаалийн хорио цээрийн журмыг даган, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаж, халдвар аваагүй эрүүл гэдгээ ахин баталгаажуулснаар 2020.02.01-ний өглөө МИАТ-ынхаа тусгай үүргийн онгоцонд суун бид эх орондоо ирсэн.

Эх орондоо ирсэн даруйдаа ХӨСҮТ-д холбогдох журмын дагуу тусгаарлагдан, коронавирусний шинжилгээ өгсөн юм. Ингээд Монголдоо өгсөн эхний шинжилгээний хариу 24 цагийн дараа сөрөг буюу эрүүл гарсныг та бүхэн мэдэж байгаа билээ.

Эмнэлэгт тусгаарлагдан байх энэ 14 хоногийн хугацаанд бид өдөр бүр дүрэм журмыг дагаж, эмчийн үзлэгтээ тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн байдлаа хянуулж байсан. Бидний 31 оюутан 2020.01.18 - 2020.01.31-ний хооронд Ухань хотод сургуульдаа тусгаарлагдан байсан 13 хоногийн хугацаа мөн хоёрдугаар сарын 1-нд Монголдоо ирээд ХӨСҮТ д тусгаарлагдан байсан 14 хоногийн хугацаа буюу нийтдээ 27 хоногийн хугацаанд тусгаарлагдсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрийн гишүүн улсуудад хүргүүлсэн зөвлөмжиндөө "эрсдэлт бүс нутгаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлан, шинж тэмдэг илрэхгүй бол 1 удаа шинжилгээ авч баталгаажуулаад явуулах нь зүйтэй" гэж заасан байдаг.

Тиймээс энэ цаг үед Монголын ард түмнийхээ эрүүл энхийн манаанд өдөр, шөнөгүй зогсож, өндөр ачаалалтай ажиллаж буй ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ зөвлөмжийг үндэслэн мөн 2020.02.13-ны өдөр биднээс авсан дахин шинжилгээний эрүүл гэсэн хариунд үндэслэн өнөөдөр тусгаарлалтаас гаргаж байна гэж бид ойлгож байна.

Харин зарим хүмүүс олон нийтийн сошиал сүлжээнд "Уханий 31 оюутныг битгий гарга. Дахиад тэнд нь 21 хоног тусгаарла. Тэд одоо ч халдвартай" гэх мэтээр бичиж байгааг харлаа. 

Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжлэх ухаанд үндэслэсэн шийдвэр, тушаалаар эмнэлгээс гарч байгаа болохоос бус өөрсдийн биеэр дур мэдэн эмнэлгээс гараагүй гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоосой хэмээн хүсэж энэхүү тодруулгыг хийлээ.

Хэрсүү Монгол түмэн минь тунгалаг оюундаа эргэцүүлнэ биз ээ.

Энэ завшааныг ашиглаад Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.

ЭМЯ болон ХӨСҮТ-ийн удирдлага, хамт олон, мэргэжилтэн Долгорсүрэн танд болон биднийг тусгаарлагдан байхад сэтгэлээ гарган ажилласан "Шинэ болон сэргэж байгаа халдварын 7-р тасаг"-ийн сайхан сэтгэлт эмч, сувилагч, асрагч, ариутгагч бүх алба хаагчиддаа талархаж байна.

Мөн Ухань хот руу явж биднийг авчран, Монголд ирсэн өдрөөсөө хойш хамт 14 хоног тусгаарлагдсан ГХЯ ны албан хаагчид, МИАТ-ын нисэх багийн хамт олондоо баярлалаа. МИАТ-ын хамт олон та бүхэн бидний бахархал шүү. 

Ухань хотод байх үеэс биднийг зоригжуулан дэмжиж, бидний төлөө сэтгэл зүрхээрээ ажилласан Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Бээжин хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын хэлтсийн нийт алба хаагчдадаа баярлалаа.

Тусгайлан Бээжин хот дахь Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Одмөнх ахдаа, Консулын хэлтсийн зөвлөх Сувдаа эгчдээ баярлалаа. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа.

Хэрвээ энэхүү талархлыг минь уншиж байгаа бол Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яамны Сувдаа эгчээ та бидний баатар шүү.


Өнөө өглөө бид ХӨСҮТ-ийн хамт олон, бидний төлөө хичээнгүйлэн ажилласан 7-р тасгийн сайхан сэтгэлт эмч ажилчдадаа өөрсдийн баярласан сэтгэлийн илэрхийлэл болгон, сэтгэлийн бяцхан бэлэг, ТАЛАРХАЛ, 1 сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулан өгч байгаа жаргалтай үеийн зургийг хавсарган орууллаа.

Жич: Бидний 31 оюутан хайртай гэр бүлийнхэндээ очоод дахин 14 хоног гэрээс гаралгүй өөрсдийгөө тусгаарлах болно.

Бусдын төлөө гэсэн миний Монголын ард түмний үйлс бүхэн гэгээн байг... 

Эцэст нь бид гэртээ харилаа" гэжээ. 


Сэтгэлдээ сүү өргөж байсан монгол түмэндээ талархаж байна  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй