Шууд Chart

Хавайн арлын давлагаан дээгүүр гулгагч торой

2020-02-16 11:26:15

Хавайн аралд далайн давлагаан дээгүүр сурамгай гэгч нь гулгадаг Камапуа нэртэй гахай амьдардаг. Бүс нутагтаа төдийгүй цахим ертөнцөд алдартай энэ гахайн тухай олон улсын хэвлэлүүд 2014 онд шуугиж байсан юм. Тэгвэл Камапуа гахайн саяхан мэндэлсэн торой мөн л давлагаан дээгүүр гулгах буюу серфингийн спортоор хичээллэж эхэлсэн байна.

Гахай серфинг хийж байгаа бичлэг цахим ертөнцөд түгсний дараа Камапуа буюу Кама гахай хэд хэдэн компани, тэр дундаа экстрим спортын тамирчин бүрийн мөрөөдөл болсон ГөүПро өндөр нягтралын камерын брендийн ивээн тэтгэлгийг хүртсэн юм. Мөн олон тооны сурталчилгаанд тоглох зэргээр эзэндээ чамлахааргүй орлого оруулдаг болжээ. Харин түүний үр удам болох бяцхан торой мөн л давлагаан дээгүүр гулгаж сурсан бөгөөд ГөүПро брендийн шинэ сурталчилгаанд тоглож байна. Хавайн арлыг серфингийн спортгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Тус аралд амьдардаг Кай Холт өөрөө серфингээр хичээллэдэг бөгөөд гэрт нь орж ирсэн бяцхан торойг авч тэжээсэн нь Кама юм. Удалгүй Кама усанд сэлэх авьяастай нь анзаарагдаж, улмаар эзнийхээ хамт давлагаан дээгүүр гулгаж сурчээ. Эдүгээ Камагийн серфингийн тавцан, эдлэл хэрэглэлийг томоохон компаниуд үнэ төлбөргүй нийлүүлдэг.

Кама гахай орон нутгийн кино наадмуудад оролцох болсны зэрэгцээ өөрийн гэсэн богино хэмжээний кино хүртэл хийлгэж амжсан байна. Энд сонирхуулахад, Кама гахай серфингээр хичээллэдэг цорын ганц амьтан биш. АНУ-ын Калифорни муж улсад амьдардаг Гөүти нэртэй ямаа мөн энэ спортоор цахим ертөнцөд алдаршсан юм. Мөн нохой, муур, хулгана энэ спортоор хичээллэж байсан тохиолдол байдаг. Харин усны үхэр, матар, нугас, далайн гахай зэрэг амьтад давлагаан дээгүүр гулсах байгалиас заяасан авьяастайд тооцогддог юм.

 


Хавайн арлын давлагаан дээгүүр гулгагч торой  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй