Шууд Chart

Хүүхдийн баярыг зохион байгуулах аж ахуй нэгж, чөлөөт уран бүтээлчдийг сонгон шалгаруулна

2020-02-18 15:51:43

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн иргэд, хүүхэд багачуудад зориулан зохион байгуулах “Монгол хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагджээ.

Уг баярыг ирэх зургаадугаар сарын 1-ний 11:00-18:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой гэнэ.

Үүнд оролцогчид урьд өмнө нь зохион байгуулж байсан соёл, урлагийн чиглэлийн томоохон үйл ажиллагаануудын товч мэдээлэл болон найруулагчийн ур чадварыг илтгэх танилцуулгаа энэ жил болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг зохион байгуулах тоглолтын хөтөлбөр, найруулгын саналтайгаа боловсруулан ирэх гуравдугаар сарын 6-наас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгөх шаардлагатай юм байна.

“Монгол Хүүхдүүд” баярын тоглолтын хөтөлбөр, найруулгын төслийн сонгон шалгаруулалтад төсөл ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Нийтийг хамарсан томоохон шоу тоглолт, эвент арга хэмжээний хөтөлбөр найруулгыг хариуцан зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хүн байх;
  • Хөтөлбөр найруулгын агуулга нь иргэд, олон нийт, хүүхэд багачуудын сэтгэхүйд нийцсэн, үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг орчин цагийн урлагтай хослуулсан агуулгатай байхын зэрэгцээ нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 онд бүтээсэн “Монгол Хүүхдүүд” сэдэвт үлгэрийн баатруудын дүрүүдийг тусгасан байх
  •  Тоглолтын тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэргийг хөтөлбөр найруулгатайгаа уялдуулан гаргасан байх;
  •  Тайзны хөтөлбөр талбайн зохион байгуулалтыг хүүхэд багачууд, иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
  • Хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг 2020 оны зургаадугаар сарын 01-ний өдрийн 11:00-13:00 цагийн хооронд үндсэн хөтөлбөр, 13:00-18:00 цагийн хооронд чөлөөт хөтөлбөр байхаар төлөвлөсөн байх;
  • Хөтөлбөр найруулгад багтсан уран бүтээлчдийн урамшуулал, бусад ажлын төсвийг үнэн зөв бодитоор тооцож гаргасан байх;
  • Өмнөх жилүүдийн “Монгол Хүүхдүүд” сэдэвт тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулгатай давхцуулаагүй байх;

Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын таван хоногт багтаан шалгаруулах бөгөөд оролцогчдын дүнг ирэх гуравдугаар сарын 13-нд багтаан зарлан танилцуулж, шалгарсан төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн батлуулж, гэрээ байгуулж хамтран ажиллах гэнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдийн баярыг зохион байгуулах аж ахуй нэгж, чөлөөт уран бүтээлчдийг сонгон шалгаруулна   
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй