Шууд Chart

Монгпен төслийн үйл ажиллагаатай танилцлаа

2020-02-18 16:47:39

Монгол хүн амын дундах зүрх-судасны тотолцооны өвчлөл сүүлийн 20-иод жил 2 дахин ихэсч байгаа бөгөөд жил бүр 5000-5500 хүн буюу 3 хүний нэг нь нас барж байна. Энэ нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.

Монгол Улсын төр засгаас эрүүл мэндийн  даатгалд суурилсан нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих,  эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх,  өвчин эмгэгийг аль болох эрт илрүүлж, бага зардлаар эмчлэх үйл ажиллагааг өргөтгөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний багц, нэр төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг  шийдвэрлэн ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Халдварт бус өвчин/Зүрх судасны өвчин(ЗСӨ)-өөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг 2019 оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймаг, СХД-ийн эрүүл мэндийн анхан шатны нийт 16 байгууллага дээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.


Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны  Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь  суурин төлөөлөгч хэрэгжүүлэгч доктор Сергей Диордица болон албаны бусад хүмүүс СХД-ийн Эрүүл мэндийн төв, 26, 27 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээр хэрэгжиж байгаа МОНгПЕН:ХБӨ/ЗСӨ-өөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний явцтай танилцаж, удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Тус төсөл хэрэгжиж байгаагаар дараах давуу тал байгааг эмч, мэргэжилтнүүд ярилаа.


Үүнд:

  1. Иргэдийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж, стандарчлагдсан нэг мэдээлэл, зөвлөгөө өгснөөр иргэдийг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлж чадаж байна.
  2. Оношилгоо, эмчилгээний нэгдсэн проткол хөтөлснөөр анхан шатны эмч нарт эмчилгээ бичих болон эмчилгээний хяналтыг хянахад илүү хялбар болж өгсөн.
  3. Цусны даралт ихсэлт, зонхилон тохиолдох халдварт бус өвчний тархалт буурч, нас баралт буурсан үр дүн гарлаа.
  4. Халдварт бус өвчний эрт илрүүлгийн хувь нэмэгдсэн.
  5. Нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэх хүндрэлгүй ЗСӨ-тэй хүний тоо буурах хандлагатай байна.
  6. Анхан шатанд ажиллаж байгаа эмч нар нэгдсэн нэг оношилгоо, эмчилгээний арга зүйтэй болж, дүгнэлт гаргах нэгдсэн мэдээллийн сантай болж байна.
  7. Анхан шатны эмнэлэг дээр шаардлагатай оношилгоо хийгдэх боломж бүрдэж, эмч нар чадавхижаж байна гэж танилцууллаа.

 

Харин цаашид ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад цахим жор программыг тасралтгүй ажиллагаатай байлгах, түүнийг өргөжүүлэх, динамик тайлан мэдээ гаргах, эрүүл мэндийн бусад цахим программтай уялдуулан зохицуулах шаардлагатай байгааг дурьдлаа.

Энэ төсөл хэрэгжсэнээр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх бодлого чиглэлтэй нийцсэн цогц арга хэмжээ болох төдийгүй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан зүрх, судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах зорилтод хүрэхэд чухал хувь нэмэр болно гэж үзэж байна.  

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монгпен төслийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй