Шууд Chart

БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

2020-02-22 21:05:15

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 17:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өглөөний 10.00 цагаас хойш 87-оор нэмэгдэж нийт 433-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Дэгү хотод 55, Умард Гёнсан мужид 14, Канвон мужид 5, Кёнги мужид 4, Сөүл хотод 3, Гуанжу хотод 2, Дэжөн хотод 1, Бусан хотод 1, Улсан хотод 1, Өмнөд Чолла мужид 1 тохиолдол тус тус илэрсэн байна. Шинээр илэрсэн 87 тохиолдлын 62 нь Дэгү хотын Шинчөнжи христийн сүм, 3 нь Умард Гёнсан мужийн Дэнам эмнэлэгээс тус тус халдвар авсан ба үлдсэн 22 тохиолдлын халдварын шалтгааныг тодруулж байна.

Одоогийн байдлаар 21153 (+1878) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 15116 (+1322) иргэний хариу сөрөг гарч, 6037 (+556) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 17 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 2 иргэн нас барсан.

Манай иргэд БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусний халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд анхаарна уу!

-Амны хаалт /маск/тогтмол зүүх

-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах

-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх

-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх

-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх

-Онц шаардлагагүй бол эмнэлэгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх

-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх 

Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллаж буй/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлэгийн байгууллагад хандаарай. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой. 

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утаснаас мэдээлэл авна уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!  
Үзсэн: 25820 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй