Шууд Chart

ШУУРХАЙ МЭДЭЭ: БНСУ чиглэлийн иргэний тээврийн нислэгийг цуцаллаа

2020-02-24 16:12:23

Монгол Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаад БНСУ руу хийх иргэний тээврийн нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл цуцлах шийдвэрийг гаргалаа. Ингнэснээр БНСУ-аас ирэх 3668 зорчигч, Улаанбаатраас явах 2500 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна. Эдгээр иргэдийн билет үнэгүй буцаах, эсвэл дараагийн удаа зорчихдоо билетээ ашиглах талаар авиа компаниудтай хэлцэл хийсэн гэдгийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээллээ.

Тодруулбал, БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж байгаа нь Монгол Улс руу ирэх эрсдэл өндөр байна гэж үзээд Улсын онцгой комисс өнөөдөр яаралтайгаар хуралдаж, Инчион болон Бусаны бүх нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийнэ. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийлээ. Гуравдугаар сарын 2 хүртэл 18 нислэгийг зогсооно. Нийт 3668 хүн билет захиалсан. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Халдварын тархалтыг газар авхуулахгүйн тулд халуунтай хүнийг онгоцоор зорчуулахгүй. Халдварын бүсээс зорчигч авахгүй байхыг онцгой анхааруулсан байна.

Сануулахад, COVID-19 вирусний халдварын тархац сүүлийн өдрүүдэд БНСУ-д эрчимжиж, ноцтой байдалд хүрээд байгаагаас үүдэн дэлхийн 15 улс орон БНСУ-ын иргэдийг нэвтрүүлэхэд хязгаарлалт хийх болон хориглох шийдвэр гаргаад байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн БНСУ-ын Хууль зүйн яам хуралдаж визийн хугацаа дуусах гэж буй гадаадын 136 мянган гадаадын иргэнд 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл тус улсын гадаадын иргэн харъяатын байгууллагын төв байранд очих шаардлагагүйгээр автоматаар визийг нь сунгаж өгөх шийдвэр гаргасан байна.

Мөн өдрүүдэд БНСУ дахь Элчин сайдын яам болон онгоцны буудал дээр Консулын ажилтнууд ажиллаж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахад анхаарч байна. БНСУ-ын төр засагтай харилцаа холбоотой ажиллаж байна гэдгийг Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар мэдээллээ. Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь монгол иргэдэд анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр ажиллана гэв. Энэ хүрээнд БНСУ дахь монголчууд эмнэлэгийн тусламж авахад ямар нэгэн эмнэлгийн төлбөр авахгүй гэдгийг тус улсаас мэдэгдсэн байна.


ШУУРХАЙ МЭДЭЭ: БНСУ чиглэлийн иргэний тээврийн нислэгийг цуцаллаа  
Үзсэн: 1806 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй