Шууд Chart

НИТХ-ын дарга Р.Дагва уриалга гаргалаа

2020-02-26 15:48:37

Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ.
Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая.

Нөхөж баршгүй хохирол учруулж буй шинэ коронавируст халдвар дэлхий дахиныг түгшээж байна. Өнөө өглөөг бид “Шинэ коронавируст халдвар 42 улсад бүртгэгдэж, халдварын улмаас 2800 орчим хүн нас барлаа” гэдэг харамсалтай мэдээгээр угтлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар гээд төрийн удирдлага, шат шатны байгууллага шаардлагатай арга хэмжээг тухай бүрт авч, олон нийт түүнийг дагаж мөрдсөний үр дүнд коронавируст халдвар манай улсад бүртгэгдээгүй байгааг Та бүхэн мэдэж буй биз ээ.
 
Гэсэн ч та бид коронавируст халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй хэмээн сэтгэл амарч болохгүй өдрүүд үргэлжилж байна. Хөрш зэргэлдээ улсуудад вирусний тархалт идэвхтэй хэвээр байгаа энэ цаг үед та бид сонор сэрэмжээ улам чангатгаж, хүн бүр хувийн сахилга баттай байж гэр бүл, хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалах нь чухал байгаа юм.
 
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс эдгээр өдрүүдэд байнгын үйл ажиллагаатай байж, коронавируст халдвараас сэргийлэх хүрээнд зохих шийдвэрүүдийг цаг тухай бүрт гарган ажиллаж байна. Үүний зэрэгцээ эмч, мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид болон төрийн захиргааны байгууллагын алба хаагчид та бидний төлөө өөрсдийн гэр бүл, хайртай хүмүүсээ орхин цаг наргүй ажиллаж буйг Нийслэл хотын иргэд маань харж, сонсч байх аа.

Нийслэл хотын иргэнд үүрэг, хариуцлага, эрх бий. Вирусний халдвараас сэргийлэхэд Нийслэлчүүд та бүхний оролцоо тун чухал. Иймд нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхнийг үүргээ ухамсарлаж, Эрүүл мэндийн яамнаас хүргэж буй заавар зөвлөгөөг ягштал мөрдөж, өөрийгөө болон бусдыгаа коронавируст халдвараас хамгаалахыг хичээнгүйлэн хүсье.

Нэг дор олуулаа цуглах, ах дүү нараараа айлчлах, амны хаалт зүүхээс татгалзах нь гэр бүлээ эрсдэлд оруулж буй гэдгийг та бүхэн ойлгоорой.
 
Таныг их хотын иргэний үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаална гэдэгт итгэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва

НИТХ-ын дарга Р.Дагва уриалга гаргалаа   
Үзсэн: 2167 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй