Шууд Chart

Ээждээ очоорой

2020-02-27 12:17:50

Эрхэм уншигч танд нэрт сэтгүүлч, нийтлэлч Д.Хатанбаатарын “Ээждээ захидал бичээрэй” номын хэсгээс хүргэж байна. Уг ном 1989 онд 25 мянга, 1990 онд 30 мянган хувь, түүнээс хойш дахин хоёр удаа хэвлэгдсэн.

Шинэ хорооллын 26 дугаар байшингийн хажуугаар өнгөрөх болгонд одоо хэрнэ сэтгэл шимширдэг юм. Олон ч жил өнгөрч. Бүх юм дөнгөж өчигдөр болоод өнгөрсөн юм шиг санаанд даанч тодхон. Энэ л байшингийн 11 давхарт айлын халаасны жижигхэн өрөөнд ээж минь амьдардаг байлаа.

Хаа нэгтээ ээжтэйгээ уулздаг байсан олон биш ч гэлээ ой ухаанд тод үлдсэн өдрүүдийн дүр зураг сэтгэлд өнөөдөр юутай ихийг өгүүлнэ вэ. Чухам яагаад завгүй байдаг байсан, ээжийнхээ гэрийн хажуугаар ажиггүй өнгөрдөг байснаа одоо ч ойлгодоггүй юм.

Хааяа нэг очиход цахилгаан шат нь ажиллахгүй байвал бөөн уур уцаар болж дотроо бухимдана. Хэдхэн мөч хүлээхээсээ залхуурна. Арваннэгэн давхар өөд шатаар өгсөнө гэхээс л яс янгинах шиг болно. За яршиг заавал орох албатай биш дээ. Замдаа тэгж байгаад нэг оръё гэж бодоод эргээд л алга болж өгдөгсөн.

Арваннэгэн давхрын шатаар ганцхан амьсгаагаар гүйж гарсан намрын харанхуй шөнийн аймшгийг би мартаагүй ээ. Яаж ч мартах билээ дээ. Шөнө дунд ирж намайг дуудан эхнэрийн дулаан өврөөс босгосон тэр хүн . Тэгэхэд л би анх удаагаа арван нэгэн давхрын шатаар харвасан сум шиг гарсан юм. Харамсалтай нь би үүрд хожимдсон байлаа. Арваннэгэн давхрын шатаар гарах шиг амархан юм байгаагүй дээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ээждээ очоорой  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй