Шууд Chart

Э.Пүрэвжаргал: "Бүтэн амьдрал" киноны Цэнгэлмаагийн дүрд тоглосноос хойш маш их сөрөг мессеж ирдэг болсон

2020-02-27 17:16:00

Сүүлийн үед “37-р точка”, “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд эсрэг дүр бүтээгээд буй жүжигчин Эрдэнэбилэгийн Пүрэвжаргалтай ярилцлаа. Түүнийг “Өөрт оногдсон дүрээ маш чадамгай бүтээж байна” гэж мэргэжилтнүүд үнэлээд байгаа юм. Иймд түүний уран бүтээл болон хувийн амьдралын талаар цухас ярилцлаа.

-Юуны өмнө танд сар шинийн мэнд хүргэе. Хүн болгон шахуу л "Гэртээ хэвтсээр байгаад уйдаж гүйцлээ" гэнэ. Таны хувьд энэ жилийн цагаан сарыг хэрхэн өнгөрүүлж байна даа ...

-Танд болон танай сайтын хамт олонд сар шинийн мэндийг дэвшүүлэе. Төрөөс гаргасан захирамж, шийдвэрийг дагаад гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэж байна даа.  

-Сүүлийн үед таны тоглосон кино нэлээн гарч байна. Үзэгчид ч тантай илүү танилцахыг хүсч байх шиг ээ. Тэгэхээр жүжигчин мэргэжлийг сонгосон түүхээсээ сонирхуулна уу?

-Багаасаа л урлаг соёлын хүн болохыг хүсдэг байсан минь ийм сонголт хийхэд нөлөөлсөн байх. Мөн олон төрлийн дүрд хувирах сайхан санагддаг юм. “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийнхаа удирдлага дор 2014 онд төгссөн. Тэр цагаас хойш 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан.  

-Анх ямар нэртэй бүтээлийн хэний дүрд тоглосон бэ?

-“Эгэлийн гайхамшиг” нэртэй арилжааны бус киноны Гэгээнээ гэдэг гол дүрийн эмэгтэйн дүрд тоглосон. Хөдөлмөрч, авьяастай, сайхан сэтгэлтэй бүсгүйн дүр. Уг кино маань Мандах, Гантулга нарын хамтын бүтээл. Миний бүтээсэн дүрүүдээс хамгийн эерэг, гоё нь.

-Одоо ид гарч байгаа "37-р точка" кинонд  тоглох саналыг хэн анх тавьсан бэ. Хэрхэн хүлээж авав?

-Дүрүүдэд сонгон шалгаруулалт хийж байна гэхэд нь би өөрөө очиж уулзсан юм. Тэд ч “Эргээд холбогдоно оо” гээд салцгаасан. Ингээд 2018 оны аравдугаар сард жүжигчин Б.Барслхагва ах утсаар холбогдож намайг сонгох болсноо хэлсэн.

-Дараа нь "Бүтэн амьдрал" кинонд тоглосон байсан. Дүрийн хувьд төстэй ч юм шиг. Нууц амрагийн дүр бүтээхэд хэр хүндрэлтэй санагдсан бэ?

-Дүрдээ ажиллаж байх явцдаа Цэнгэлмаа хэмээх өөрт оногдсон дүрээ маш их өмөөрч байлаа. Одоо ч гэсэн киногоо үзэх хүнд байдаг. Гэхдээ “37-р точка” энэ кино хоёрын зураг авалт хоёр жилийн зайтай хийгдсэн. Харин гаралт нь л ингэж ойрхон таараад байгаа юм.

-Үзэгчдээс танд сөрөг мессеж ирж байна уу. Мөн энэ хоёр бүтээлд тоглосны дараа гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Маш их ирж байна. Гэхдээ ихэвчлэн тоглоом, шоглоомоор бичсэн байсан. Тиймээс би тэдгээр мессежийг муугаар хүлээж авахгүй байгаа. Дүр маань үзэгчдэд хүрч байгаа юм байна л гэж бодож байна. Би ер нь их эерэг сэтгэлгээтэй хүн л дээ. Тэгээд ч манай гэр бүлийнхэн миний мэргэжлийг хүндэлдэг. Тиймээс намайг ямар ч дүрд тоглосон эсэргүүцэх тохиолдол гаргадаггүй. Харин ч арын ажлыг минь хариуцаж, дэмждэг.

-Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлд нууц амрагийн явдал олон байдаг гэж та боддог уу?

-Тийм ээ, олон байгаа нь тун муу байна. Үүнийг би эсэргүүцэж, бүтээлээрээ дамжуулан дүрдээ ажиллалаа.   

-Дараагийн уран бүтээлийн ажилдаа орсон уу. Ямар дүр байх бол ...

-Өнгөрсөн жил гадаад, дотоодын маш олон кинонд тоглосон. Харамсалтай нь хөл хорио тогтоосон энэ үед кино театруудаар гаргах боломжгүй боллоо. Тодорхой цаг хугацааны дараа үзэгчдэд хүрнэ. Тэр цагийн тэсэн ядан хүлээж байна даа.

-Тэгвэл тэдгээр бүтээлд өдгөө гараад байгаа шиг дүр дахин давтах уу?

-Мэдээж тэс өөр дүр гарна. Жирийн нэгэн журамтай эхнэр, харын шашны шуламны тухай гэх мэт.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу. Зарим залуу таныг ганц бие гэж бодоод танилцахыг ч хүсч байгаа юм билүү ...

-Гэр бүлтэй. Өрх тусгаарлаад найман жил болж байна. Манай хүнийг А.Нямдаваа гэдэг. Математикийн программ хангамж мэргэжилтэй. Бид нэг хүүтэй.

-Хүүдээ Ханхүү гэж нэр хайрласан байсан. Хэн өгсөн бэ. Юуг билэгдсэн бол ...

-Миний санаа л даа. Олон нэрнээс сонгож байгаад энэ нэрийг нөхөртөө хэлэхэд зөвшөөрсөн. Хүүгээ ханхүү шиг хайрлаж, өсгөхийг билэгдэж, энэ нэрийг хайрласан юм. Гэхдээ манай нөхөр анх сонсоод “Болох юм уу” гээд гайхаж хүлээж авч билээ.

-Та "Орилоон" нэртэй аймшгийн киноны Зулаагийн дүрд тоглосон байдаг. Бусад бүтээлтэй харьцуулахад энэ төрлийн кинонд тоглох ямар байдаг вэ?

-“Орилоон”, “Ороолон”, “АдминZ” гэсэн аймшгийн кинонд ажилласан. Ер нь энэ төрлийн кино жүжигчин хүнийг их задалдаг байх.

-Тэгвэл зураг авалтын үеэр жинхнээсээ айж байсан удаа бий юу. Объектууд нь нэг л эвгүй харагддаг ...

-Тийм үе бий. Учир нь энэ төрлийн киноны зураг авалт ихэвчлэн хаягдсан балгас дотор хийгддэг. Тийм орчинд хийхээр тухайн жүжигчний ур чадвар ч илүү сайн гардаг юм шиг санагдсан. Мөн ихэвчлэн орой, шөнийн цагаар зураг авалт болдог.  

-Таныг гар урлалд сонирхолтой гэж сонссон. Юу нь илүү татдаг вэ?

-Бага байхаасаа л хувцас загвар зохиож оёод өөрөө өмсдөг байлаа. Мөн зураг зурах сонирхолтой. Ер нь гар хийцийн зүйлд дуртай. Гэвч сүүлийн үед ажил их байгаа болохоор амжихгүй юм аа.

-Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Сүүлчийн шөнө” уран сайхны кинонд эротик дүр бүтээсэн байсан. Дахиж ийм санал ирвэл хүлээж авах уу?

-Тийм. “Сүүлчийн шөнө” кинонд Эмагийн дүрд тоглосон. Дээд сургуулиа төгсөөд хүлээж авсан хоёр дахь дүр маань юм. Харин дахиж ийм дүр ирвэл хэрхэн хүлээж авахаа одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний мэргэжил жүжигчин болохоор ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. Тиймээс зөвшөөрөх болов уу. “Сүүлчийн шөнө” бүтээлийн хувьд жүжигчин хүн залуу насныхаа гоо үзэсгэлэн, бие галбирыг кино хальсанд хадгалж үлдээвэл сайхан байх болов уу гэж бодож зөвшөөрсөн.    

-Таныг тулааны урлагаар хичээллэдэг гэж сонссон. Одоо хичээллэж байгаа юу?

-Бага байхдаа таеквондо, кикбоксоор хичээллэдэг байсан. Харин өнгөрсөн жил Монголын орлон тоглогчдын холбооныхонтой хамтарч бие хамгаалах урлагаар хэсэг хичээллэсэн. Харамсалтай нь хэсэг хугацаанд тэрхүү бэлтгэлээ хийх боломжгүй болсон.

-Нууц биш бол ямар шалтгаанаар завсарласан бэ?

-“Бээжин филмм” академиас тэтгэлэг авч, өмнөд хөршид суралцах эрхтэй болсон юм. Ингээд өнгөрсөн жил дотуур байраа үзчихээд буцаж явахдаа Замын-Үүдийн зам дээр машинтайгаа онхолдоод маш хүнд бэртэл авсан. Тухайн үед би нөхөртэйгээ хүний машинд сууж явсан л даа. Бидний сууж явсан машины жолооч хурд хэтрүүлсэн үүднээс тийм осол гаргаж, сар хэртэй хугацаанд хэвтэрт өнжсөн. Биеэ нэлээн олон хадуулсан болохоор дээрх бэлтгэлээ түр хугацаанд хийх боломжгүй гэж эмч зөвлөсөн. Харин ирэх долоодугаар сард бүх хадаасаа авахуулах учраас бэлтгэлээ үргэлжлүүлнэ ээ.  

-Таны үндсэн зан чанар ямар вэ. Миний бодлоор эршүүд юм уу гэж анзаарлаа ...

-Тийм шүү. Зарим эрэгтэй хүнээс ч илүү зан ааштай байх. Хов живэнд орооцолддоггүй, хэн нэгнээс сонссон хэрүүлийн чанартай үгийг бусдад хэлдэггүй. Шударга зантай.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань улам их амжилт хүсье.

 

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Пүрэвжаргал: "Бүтэн амьдрал" киноны Цэнгэлмаагийн дүрд тоглосноос хойш маш их сөрөг мессеж ирдэг болсон  
Үзсэн: 179494 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй