Шууд Chart

Монгол Улсын заан Р.Даваанямын хүү Д.Баасандорж: Миний аав намайг “Үнэнээрээ амьдарч яваарай” гэж захисан

2020-03-04 12:16:02

Монгол Улсын заан Р.Даваанямын хүү Д.Баасандорж: Миний аав намайг “Үнэнээрээ амьдарч яваарай” гэж захисан

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Монгол Улсын хүчит заан Р.Давааням агсны том хүү Баасандорж өнөөдөр фэйсбүүк хуудасдаа аавыгаа санасан тухайгаа бичжээ.

Мөн өмнө нь харагдаж байгаагүй залуу үеийнх нь гэрэл зургийг байршуулсан нь бөх сонирхогчидтой дахин уулзуулах мэт санагдав.

Тэрбээр “Энэ өглөө сэрээд аавыгаа бодлоо. Фэйсбүүкт аавынхаа зургийг нэг ч удаа оруулж байгаагүй юм байна. Миний аав намайг “Үнэнээрээ амьдарч яваарай. Худлаа ярьж болохгүй шүү” гэж надад захиж билээ. Та бүхэн аав, ээжийгээ ханатлаа тэвэрч, үнэрлэж, үнсч, эрхэмлэж, хайрлаж яваарай” гэсэн байв.

Түүний аав 1980 онд зургаа давж улсын начин, 1983 онд тав давж "Улам өрнөх" чимэг, 1984 онд зургаа давж "Цог нэмэх" чимэг, 1987 онд Монголын Бүх Ард Түмний Спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах 34 бөхийн тойргийн тэмцээнд 30 давж хоёрдугаар байр эзлэн, улсын заан хүртсэн юм.

Мөн 1987, 1988 онд тав давж "Өсөн нэмэх", "Үнэн хүчит" чимэг, 1989 онд зургаа давж "Өрнөн дэлгэрэх" чимэг, 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд тав давж "Бат нягт" чимэг нэмсэн билээ.

Харин дунд хүү Д.Лхагвадорж нь үндэсний бөхийн улсын начин цолтой бол бага хүү Д.Бямбадорж нь мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цолтой барилдаж байгаад зодог тайлсан юм.

Сайн аавын нэрийг өндөрт мандуулж яваа "тулгын гурван чулуу". 

Төрсөн ах Р.Нямдорж нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүнээр ажиллаж байлаа. Харин түүний хүү Ганбаатар Монгол Улсын гарьд цолтой.

 

Д.Баасандорж сонсголын бэрхшээлтэй тул пара спортоор мөн хичээллэдэгээс гадна үндэсний бөхөөр ч барилдаж, улсын баяр наадамд зодоглож байв.

Спортын амжилтаас нь дурдвал, 2001 онд Булган аймгийн баяр наадамд тав давж, аймгийн начин цол хүртсэн. Харин 2002 онд улсын баяр наадамд гурав давж, дөрвийн даваанд Төв аймгийн сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын дархан аварга, уран барилдаант, гавьяат тамирчин А.Сүхбатад өвдөг шороодож байв.

Тэгвэл 2013 онд Болгар Улсын София хотод болсон Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны 22 дугаар Дифлимпийн наадмын чөлөөт бөхийн 96 кг-ын жинд, 2015 онд Тайвань Улсын Таяон хотод болсон жүдо бөхийн -100 кг-ын жинд Азийн аваргаас тус бүр мөнгөн медаль хүртэж байлаа.

Түүнчлэн 2017 онд Турк Улсын Самсунг хотод болсон дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны 23 дугаар Дифлимпийн наадмын -100кг жинд мөн мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алтан гадас одонгоор шагнуулсан түүхтэй. 

Түүнийг ойр дотныхон нь Улаанаа хэмээн дотночлон дууддаг. Сонсголын бэрхшээлтэй болсон шалтгаан нь эмчийн буруугаас үүдэлтэй гэсэн.

Тодруулбал, түүнийг төрөхөд эх барьж авсан эмч, хүйг нь бохир хайчаар хайчилснаар цусны өвчин халдварласан гэв.

Гэвч өдгөө ижил бэрхшээлтэй хүмүүст туслахаар хөдөлмөрлөсөөр авай. Түүний мэргэжил Холбооны менежмент. Уг мэргэжлээ Дани Улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн сургуульд эзэмшсэн байна.

Ийнхүү 2010 онд “Сэтгэл төв”-ийг үүсгэн байгуулж, оёдлын цех ажиллуулж, саяхан татан буулгажээ. Тухайн үед ажилчид нь бүгд сонсголын бэрхшээлтэй бөгөөд Япон компанийн захиалгаар ажилчдынхаа оёсон хүнсний уут, гоо сайхны бүтээгдэхүүний уут оёдог байсан аж. Ажилчдаа менежер, нягтлан бодогч, нярав, эсгүүрчин, оёдолчин зэргээр өөр өөрийн гэсэн албан тушаалд томилсон байж.

Харин өдгөө төрсөн дүүгийнхээ байгуулсан “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд сонсголын бэрхшээлтэй 10 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

Тэднийг хоол бэлтгэгч, үйлчлэгч зэрэг ажилд оруулж, амьдралыг нь дэмжсээр байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын заан Р.Даваанямын хүү Д.Баасандорж: Миний аав намайг “Үнэнээрээ амьдарч яваарай” гэж захисан  
Үзсэн: 14906 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй