Шууд Chart

Сайхан хүүхэн харж суугаад роман, туужийнхаа гол баатрыг урлан дүрсэлдэг зохиолч

2020-03-06 09:31:21

Найруулагч хүн киноныхоо гол дүрийг шилж сонгохдоо маш олон хүнийг пробонд оруулан байж тэндээс гол дүрийн жүжигчинээ сонгож авдаг. Харин яруу найрагчид, зураачид бол шүлэглэе гэсэн хүндээ шүлэг бичиж, зуръя гэсэн хүнээ чөлөөтэй зурж урладаг. Үүн шиг хөгжмийн зохиолч нар хэн нэгэн эмэгтэйд зориулж сайхан аялгуу зохиосон нь тоймгүй. Жишээ нь Монголын ард түмнээс “Вальсын хаан” хэмээх эрхэм алдрыг хүртсэн хөгжмийн зохиолч Түмэнжаргал агсан жараад оны алдарт “Дурлалын вальс”-аа тухайн үеийн Дуурийн театрын бүжигчин Энхтуяа хэмээх сайхан бүсгүйд зориулж бичсэн түүхтэй. Харин зохиолч хүн хэн нэгэн эмэгтэйг бодитоор харж суугаад роман, туужийнхаа гол дүрийг урлах нь маш ховор үзэгдэл юм. Утга зохиолын түүхээс үзэхэд ганц нэг тохиолдол байдаг бөгөөд жишээ нь Д.Намдаг гуай “Цаг төрийн үймээн” романыхаа гол баатар Оюундарь хэмээх боловсролтой, авъяаслаг сайхан хүүхний дүрийг бүтээхдээ их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагамдуламыг төсөөлөн байж бичсэн гэдэг билээ.

Үүн шиг хүүрнэн буй зохиолынхоо дүрд тохирохуйц сайхан бүсгүйг хайж олоод, харж суугаад роман, туужийнхаа гол баатрын гадаад болон дотоод үзэмжийг урлан дүрсэлдэг зохиолч өнөө цагт ганц нэг байна. Тэр бол Соёлын гавъяат зүтгэлтэн Дамдины Жамъян юм. Тэрбээр театр-киноны нэрт найруулагч И.Нямгаваагийн урланд арав гаруй жил суралцсан хүн. Тэнд байхдаа Японы “Кадокава харүки” корпорацитай “Бөртө чоно”, Америк, Орос улстай хамтран “Чингис хааны нууц” кино тус тус бүтээлцэх явцдаа дүр сонгох нарийн арга барилыг мэдээд авчээ. Тиймдээ ч зохиолч Д.Жамъян “Чингис хааны мэнгэ” романыхаа Өүлэн эх, “Хубилай сэцэн хаан” романыхаа Зээргэнэ бүсгүй, “Өгөдэй хаан” романыхаа Туракина хатан, “Чорос” романыхаа Анударь, Ахадарь эгч дүү хатад, “Тэнгэрийн чулуу” романыхаа Амила гүнж нарын “сураг дүр”-ийг түүхийн тоосон дундаас сэргээхийн тулд яг л киноны найруулагч шиг бодит хүмүүсийн дүр төрхөөс санаа авч бичсэн байдаг. Ингэж тэр дүрийн эрэлд хатаж явдаг зантай. Амьтай бодитой хүнийг харж суугаад зохиолынхоо дүрийг ургуулдаг иймэрхүү арга барил Хятадын зохиолч нарт бас байдаг гэнэ.

Ингэхэд манай зохиолчид роман, туужийнхаа гол баатрын дүр төрхийг гаргахдаа шууд л санаанаасаа зохиогоод биччихдэг. Тиймээс далд онжид утга тааруухан зарим нь усгал зөөлөн нүдний доор урлаг муутайхан хамар “зоох” бол энүүхэнд... Нарийхан цэмцгэр шанаан дээр навчин омруутай чих “наах” бол энүүхэнд... Харин амьтай, бодитой хүнийг харж байгаад зохиолынхоо баатрыг дүрсэлбэл тун “амьдралтай” болох бөгөөд үүгээрээ Д.Жамъян зохиолчийн гаргасан дүрүүд зохиолч нөхдийнхөө таашаалд их нийцдэг юм. Ямар сайндаа л түүнийг “Эртний хатад эмс болоод орчин цагийн бүсгүй хүний дүрийг урлахдаа гаргууд мэргэшсэн” гэж манай зарим зохиолч үнэлж байсан удаатай.

Эдүгээ Жамъян зохиолч Жамухын дурлалт бүсгүй Мөнгөлөнгоо хатны дүрийг урлах гээд л “хатаж” явна. Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөрөг зураач Н.Орхон Жамухын хатан Мөнгөлөнгоо хэмээх тэр бүр дуулдаж байгаагүй нэгэн эрхэмсэг хатныг сурвалжлан гаргаж иржээ. Тэрбээр "...Мөнгөлөнгоо гэдэг нь Чингис хааны хатдаас хавьгүй илүү үзэсгэлэнтэй, цэцэн ухаантай нэгэн байжээ. Чингис хаан ч гэсэн түүнд сэтгэл алдарч явсан байхыг үгүйсгэх аргагүй. Хардалцаж, харамлаж байсан ч юм билүү. Ямар гоё хүүхэн байсан бэ гэдэг сонин л доо. Чингис, Жамух хоёрын зөрчил Мөнгөлөнгоотой ч холбоотой байж мэднэ...” гэж өгүүлэхийн сацуу сэтгэлийнхээ гүнд төгс сайхнаар хадгалан буй Мөнгөлөнгоо хатнаа Жамухтай хамт зурахаар болжээ.

Харин зохиолч Д.Жамъян Мөнгөлөнгөө хатныг үгээр урлахаар шийджээ. Тэгээд өнгөрсөн зунаас хойш л Мөнгөлөнгоогийн дүрд тохирох бүсгүйг хайгаад явсан юм. Харин саяхан тэрбээр над руу утасдаад “Би Мөнгөлөнгоод тохирох бүсгүйг олсон. Чи надад хань болоод хүүхэн харалцаад өгөөч” гэсэн санал тавив. Өмнө нь түүний товлосон хүүхнийг нэг бус удаа "харалцаж” явсан болохоор би ч дуртайяа зөвшөөрөв. Харин аав ээж нь эзгүй айлд очоод хүүхэд хараад өгөөч гэсэн бол би тийм амархан хөдлөхгүй л байх. Хүүхэн харах, хүүхэд харах хоёр ч өөр шүү. Жамъян зохиолчийн товлосон тэр Мөнгөлөнгоо нь МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч Б.Энхсайхан хэмээх бүсгүй байлаа...

Жамъян зохиолч бид гурав “Туушин”-гийн чимээ багатай ресторанд зөндөөн ярилцаж суулаа. Энхсайханы нүд үнэхээр өвөрмөц гоё юм. Хүүхэн хараа нь солонгорон будантаж харагдаад, бас нүднийх нь эвэрлэг бүрхүүл цаанаа л нэг онцгой бөгөөд нандин... Гэрлийг цахилгаан долгион болгож хувиргадаг нүд бол хүний хамгийн нарийн бүтэцтэй, үйл ажиллагаа нь нэн тодорхойгүй эрхтэн бөгөөд ямар ч камерын дуран авай аливаа дүрсийг тусгах чадлаараа хүний нүдийг гүйцдэггүй юм гэсэн. Энхсайханы нүдийг ерөнхийд нь төсөөлж хэлбэл яг л гөрөөсний нүд шиг...

Ингэхэд би гөрөөсний нүдийг яг дэргэдээс нь олж хараад, тэр нүд нь тэгээд Энхсайхан бүсгүйнх шиг солонгорон будантаж байсныг санахгүй л байгаа юм. Олны жишгийг дагаад л гөрөөсний нүд шиг гээд аваад хаячихлаа. Ер нь ихэнх зохиолчид иймэрхүү ерөнхий байдлаар л зохиолынхоо дүрийг гаргадаг шүү дээ. Гэхдээ утга зохиол, яруу найрагт заавал биеэрээ очиж үзэж, нүдээрээ харсан байх тийм шаардлага байдаггүй. Зохиолч нар огт үзээгүй газар нутгаа үзсэн юм шиг бичдэг. Жишээ нь их зохиолч Д.Нацагдорж Италийн Генуя хотын тухай шүлэг бичсэн байх бөгөөд түүнийг Италид очиж байсан гэх баримт сэлт байдаггүй.

Утга зохиол, яруу найргийг “Сургаар бичнэ” гэж бас байдаг л юм билээ. Ялангуяа манай зарим яруу найрагч огтоос дэргэд нь очиж үзээгүй мөртлөө л “Галбирваасан модны сүүдэрт амраг чамтайгаа...” гэх мэтээр авч өгнө. Мөн огт барьж үзээгүй, сонсож үзээгүй мөртлөө л “Яруухан дуут пийпаа хөгжмийн тансаг аялгуунд мансуураад...” гэж уянгалуулдаг. Ямар сайндаа л би хэдэн жилийн өмнө зарим нэг хоосон уянгалагч нарт агсам тавихдаа,

Сарны туяаг сархадын жүнзтэй холбож хийрхээд
Салхины сэрчигнээг янагийн шивнээтэй хольж зуураад
Өвсний чимээг өнгийн солонготой хоршуулж гурилдаад
Өрнийн соёлыг Дорнын ухаантай хослуулж цэцэрхээд
Үүнийгээ тэгээд уянгын шүлэг гэж үүлгэртэнэ
Үхтэлээ боловсруулсан гүн ухаан гэж солиорно...
Та нар битгий горьд, битгий хуц...
Танхай шүлэгч болох гэж битгий дэмийр... гэж хэлээд хэд гурван хүний хараалыг барж билээ. Үнэн хэрэгтээ тэд бол өвсний чимээ гэж юу байдгийг олж сонсоогүй л нөхөд байсан. Одоо тэгтэл би өөрөө гөрөөсний нүдийг ойрхоноос харсан эсэхээ мэдэхгүй байж л “Гөрөөсний нүд шиг” гэх мэтээр худлаа солиорч л сууна.

За ямартай ч сошиалын буянаар маш олон зохиолч, найрагчид төрж гараад байгаа өнөө цагт, ялангуяа шинэ залуу эхлэн бичигчид Д.Жамъян зохиолч шиг уран бүтээлийнхээ дүрийг сонгож бичихдээ амьтай, бодитой хүн дээр туршаад үзэхэд гэмгүй. Адаглаад л гаргаж ирсэн зохиолын баатар чинь жаахан амьдралтай болж мэдэх юм шүү!

Б.Ойдов

 


Сайхан хүүхэн харж суугаад роман, туужийнхаа гол баатрыг урлан дүрсэлдэг зохиолч  
Үзсэн: 2211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй