Шууд Chart

"Бөгөн хул" азарга болон үр төлүүд нь хэрхэн хурдалж байна вэ

2020-03-12 10:00:37

Монголын хурдан морины уралдааны түүхэнд тодоор бичигдэх шилдэг азарганы нэг бол Хэнтий аймгийн Галшар сумын харъяат, Монгол Улсын анхны алдарт уяач Д.Цэвэгмидийн Бөгөн хул азарга билээ.

Манай клубээс өөрөө хурдлахаас илүү үр, удам нь сайн давхиж байгаагаар азаргыг үнэлж, дүгнэж шалгаруулж байх нь зүйтэй гэж үзэн гадаад, дотоодын шилдэг азаргануудыг уншигч танаа танилцуулж байна.

Өөрөөр хэлбэл азарга бол уралдахаасаа илүү үр удмаа үлдээх зориулалттай үржлийн мал тул үр төлүүд нь хэрхэн хурдалж байгаагаар нь үнэлж байх нь зүйтэй юм. Үр удам нь хэдэн үеэрээ хурдалж байгаа Тогоруу халтар, З.Давааннэрэнгийн халзан зэрэг өмнөх үеийн, Бандгайн Стамбул, Ч.Пэрэнлэйн бор, Г.Алтангэрэлийн хүрэн зэрэг өнөө цагийн азарга яах арга үгүй шилдэг азарганд тооцогдох нь дамжиггүй биз ээ.

Галшарын их уяач, шилдэг хүлэгч Д.Цэвэгмид агсны цогцлоон бий болгосон алдарт Бөгөн хул азарга нь 1948 онд төрсөн цуут хүлэг юм. Уг азарга нь удам, угшлаараа, өөрийн хурдалсан амжилтаараа, мөн үр төлийнхөө амжилтаар ч түүхэнд мөнхрөх цөөхөн адууны нэг билээ.

Удам

Бөгөн хулын дээд удам нь Галшарын их хүлэгч А.Дагмид мээрэнгийн Хулан хонгор азарганы төл Шил зээрд хэмээх азарганд хамаарна гэж судлаачид үздэг.

Д.Цэвэгмид нь багаасаа боловсрол эзэмшиж, тухайн үедээ төр захиргааны байгууллагад өндөр албан тушаал хашиж явсан хүн байжээ. Нутгийнхаа ахмад үеийн уяач А.Дагмид агсанд хэлмэгдэх үед нь их тус болж, албан татварын өрийг нь хүртэл хувиасаа дарж өгч байсан гэдэг. Түүний энэ тусыг бодож А.Дагмид уяач өөрийн хүү Банзрагчид гэрээс болгосны дагуу Банзрагч нэгэн саарал үрээг Д.Цэвэгмидэд бэлэглэжээ. Тэрээр тахийн удамтай, Төрийн наадамд түрүүлж байсан цуут Хулан хонгорын үр Шил зээрд гэдэг азарганы төл саарал хязаалан үрээг өгөхдөө шүдлэнд нь түүнийг унаж үнэг хөөж алж байснаа дурссан гэдэг. Энэ үрээ нь азарга болж 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойн их баяр цэнгэл наадамд түрүүлжээ.

Амжилт

Бөгөн хул азарга нь ер алхдаггүй, дандаа бөг бөг шогшиж явдаг тул Бөгөн гэж нэрлэжээ. Бага наснаасаа орон нутагт болсон наадамд олон түрүүлж, цууд гарсан хүлэг болжээ. Зарим судлаач “Н.Халтар уяачийн Одон улаантай ээлжилж түрүүлдэг” гэж бичсэн байдаг боловч доктор А.Баярмагнай “Бөгөн дандаа түрүүлдэг, Одон улаан Бөгөний очоогүй наадамд хэд хэд түрүүлсэн” гэж бичсэн нь байдаг.

Бөгөн хул хязаалан насандаа 1951 онд, азарга болоод 1953, 1956 онд хоёр удаа, нийт гурван удаа улсын баяр наадамд айрагджээ. Уг нь улсын наадамд үндсэндээ хоёр түрүүлэхээр байсан боловч ялимгүй азгүй тохиолдлоор түрүүгээ айраг болгон сольж байжээ.

Анх 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Бөгөн хул их хурдан байсан ч бага зэрэг доголсон тул Д.Цэвэгмид уяач мордуулалгүй үлдээжээ. Гэтэл хүү нь хязаалан мордсон хойно үрээгээ уралдуулна гэж уйлан өөрөө унаад ирсэнд мордуулжээ. Энэ уралдаанд Д.Цэвэгмид уяачийн Бөгөн хул, Хүрэн халзан хязаалан дараагаараа ирсэн боловч Бөгөн хадуурч буцаж замдаа нийлээд айргийн тавд хурдалжээ. Харин халзан үрээ нь түрүүлжээ. Энэ халзан үрээ Төв аймгийн Баянцогт сумын С.Самдан уяачид зарагдаж, ихэд нийлээд 1957, 1960, 1961 онд нийт гурван удаа айрагдсан байдаг.

Бөгөн 1956 оны улсын наадамд түрүүлсэн боловч азарганы уралдаан будлиад ахиж уралдахад айргийн дөрөвт хурдалжээ. Энэ наадамд зууны манлай хүлэг Ж.Шийтэрийн зээрд азарга түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сумын Санжийн хонгор азарга аман хүзүүдэж, Н.Халтарын Одон улаан айргийн гуравт хурдалсан юм.

Үр төлүүд

Бөгөн хул нь өөрөө ихэд хурдалснаас гадна үр төлүүд нь олон үеэрээ жигд хурдалж байгаа цөөхөн шилдэг азарганы нэг билээ. Түүний үр төлүүдээс дараах хурдан хүлгүүд төрөн гарч улс, бүсийн наадмуудад түрүүлж, айрагдаад байна.

Д.Банзрагчийн саарал, Д.Галсангийн хул

Алдарт Бөгөн хулыг 18 настай байхад Галшарын нэрт уяач Ангасай хэмээх Д.Банзрагч дүү Галсангийн хамт нэг морь, 300 төгрөгөөр худалдан авч гүү хураалгажээ. Д.Банзрагч нь Магнай, Баяр хэмээх хоёр хүрэн азаргаа олон жил хурдлуулж, нэрд гарсан уяач юм. Түүний Баяр хэмээх хүрэн азарга даагандаа улсын наадамд түрүүлж байв. Ах дүү хоёр уяач Бөгөнд тохирно гэж Хэлтэн хэмээх гүү хураалгажээ. Тэгээд энэ гүүнээс гарсан төлийг нь ээлжилж авахаар тохирсон байна. Бөгөн, Хэлтэн хоёрын анхны төл нь охин унага гарсан ба дараа жил нь буюу Галсангийн ээлжин дээр эр хул унага гаргажээ. Мөн түүний дараа жил эр саарал унага гаргасан байна. Галсангийн хул азарга бага наснаасаа хурдалж олон наадамд түрүүлж, айрагджээ. Харин Д.Банзрагчийн саарал азарга багадаа хөхрөөд төдийлөн уяж гавьсангүй. Соёолондоо арай дээрдэж сумынхаа наадамд 16-д хурдалжээ.

Саарал азаргыг хавчиг болох жил нь Ардын хувьсгалын 50 жилийн ой болж, Хэнтий аймгийнхан, ялангуяа Галшар сумынхан олноороо улсын наадмыг зорьжээ. Д.Банзрагчийн саарал азарга төдийлөн давхил орохгүй байж. Ихэвчлэн ганцааранд нь ажил хийсээр дунд сунгаанд нийлүүлэхэд араас нэхсээр 6-7 хавьд ирж гэнэ. Харин Долооны их сунгаанд түрүүлсэн байна. Ингээд улсын наадамд Д.Банзрагчийн саарал азарга түрүү магнайд хурдалж, эзнийхээ магнайд наадмын од харвуулжээ. Саарал азарга өөрийн эцэг Бөгөн хулын амжилтыг давж, өвөг эцэг Д.Цэвэгмидийн саарал азарганы амжилтыг давтжээ. Саарал азаргыг улсад түрүүлэхэд Д.Галсангийн хул азарга сумандаа түрүүлжээ.

1971 оны улсын наадамд Баянцагааны нэрт хурдан хүлгүүдийн нэг Б.Банзрагчийн Толбот бор азарга зуузай холбон аман хүзүүдсэн байдаг. Зарим эх сурвалжид Толбот борыг саарал азарганы буруу талаар нь цээж илүү гарч түрүүлсэн боловч зөв талын азаргыг нь түрүү магнайд барьсан гэж тэмдэглэсэн байдаг билээ. Жаргалант цус орсон Толбот бор азарга нь улсын наадамд хоёр аман хүзүүдсэн ба таван жил сунгаа давхилд өмнөө адуу гаргаж үзээгүй гайхамшигт хурдан хүлэг байжээ.

Бороохой Готовын саарал

1956 оны наадамд Д.Цэвэгмид гуай Бөгөний үр нэгэн саарал адууг зарсан байна. Энэ адууны үр нь Төв аймгийн Батсүмбэр сумын Бороохой хэмээх Готовын буюу түүний хүү Г.Яахүүгийн нэрээр цуваанд орсон саарал азарга юм. Г.Яахүүгийн саарал азарга нь шүдлэн, хязаалан насандаа 1964, 1965 онд улсын наадамд түрүүлж, 1966 онд соёолондоо мөн түрүүлж ирээд зурхай гишгэхээс өмнөхөн сууж, айргийн тавд багтжээ.

Энэ саарал азарганы үр төлөөс Т.Жавчивын хул, Д.Цэвэгжавын саарал, Д.Түвдэнгийн Хилэн хар, Лхүндэвийн хул, Нямжавын хул, Д.Чойжамцын саарал гэсэн зургаан шилдэг хурдан азарга төрөн гарч, улсын наадамд олон удаа түрүүлж, айрагджээ. Эдгээрээс хамгийн хурдан нь Т.Жавчивын хул.

Партизаны Сангийн аж ахуйн уяач Т.Жанчивын хул азарга нь анх 1979 оны улсын наадамд шүдлэндээ аман хүзүүлж, соёолондоо аман хүзүүлж, хавчигтаа мөн аман хүзүүлж, долоотойдоо айргийн гурав, наймтайдаа айргийн тав, естэйдөө мөн аман хүзүүджээ. Ийнхүү нийтдээ долоо уралдахдаа, зургаа айрагдаж, үүний дөрөвт нь аман хүзүүджээ. Харамсалтай нь энэ хүлэг дөнгөж 10 хүрээд ахиж уралдаагүй юм. Зарим мэдээнд 10 мяган төгрөгөөр зарагдсан, шинэ эзэн нь будаанд оруулж үхүүлсэн ч гэж бичсэн байдаг.

Бороохой Готовын саарлын удмын өөр нэгэн хурдан хүлэг бол Лхүндэвийн Түмний эх хул азарга юм. Энэ азарга 1988 онд соёолондоо улсын наадамд анх түрүүлж, азарга болоод 1991, 1995 онд айрагдаж, 1993 онд түрүүлжээ.

Монгол Улсын анхны алдарт, манлай уяачдын нэг Д.Түвдэнгийн Хилэн хар азарга бол мөн л Готовын саарлын үр төл юм. Энэ хар азарга бага дөрвөн насандаа улсын наадамд завсаргүй айрагдаж нэгэн дээд амжилт тогтоосон юм. Д.Түвдэн агсан саарлын үр төлөөс хар, саарал хоёр унага худалдаж авсанд даагандаа хар нь айргийн тавд хурдалж, саарал нь зургаад оржээ. Харамсалтай нь саарал нь мал болоогүй гэдэг.

Саарлын үр төл болох Д.Цэвэгжавын саарал азарга улсын наадамд гурван удаа зургаад хурдалж, 1990 онд аман хүзүүджээ.

Саарлын өөр нэгэн төл бол Д.Чойжамцын саарал. Ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт хурдалжээ.

Бяраа улаан

Бяраа улаан болон түүний үр төлүүд ихэвчлэн орон нутагтаа л хурдалж байснаас биш улсын наадмын дэвжээнд сайн танигдаагүй боловч Бороохойн саарлаас дутахааргүй төлөрхөг азарга байжээ. Түүний үр Нүхийн Дугаржавын далиу хонгор, Жаргалтхааны хар Базарын цагаан, Баянхутагийн Лувсандамдингийн улаан морь зэрэг хүлэг орон нутагтаа айраг, түрүүнээс салдаггүй байжээ. Мөн түүний үр төлүүд зэргэлдээ аймаг, суманд тархаж их хурдалжээ.

Тухайлбал, Бяраа улааны үр бор азарга өндөр Гансүх гэдэг хүнд байжээ. Тэрбээр Дорнод аймгийн Хэрлэн суманд шилжин суурьшсан байна. 1997 оны Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд энэ бор азарганы төл Дорнод аймгийн Хэрлэн сумын Дондовын бор азарга айргийн дөрөвт хурдалж, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Сүхсайханы бор соёолон аман хүзүүджээ.

Бөгөний төл Гантигоогийн саарал азарга сум орон нутагтаа олон түрүүлж, айрагдсан ба хамгийн сүүлд 15 настайдаа Галшар сумандаа түрүүлж байв.

Л.Дэмбэрэлийн цавьдар халзан

Бөгөний гурав дахь үеийн төл буюу Банзрагчийн саарлын төл азарганы үр нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Л.Дэмбэрэлийн цавьдар халзан юм. Энэ азарга хязааландаа Мөнгөнморьт суманд түрүүлж, соёолондоо Баяндэлгэр суманд найм, 1996 онд долоон настайдаа улсын наадамд аман хүзүүдэж байв. Нутгийнхандаа “Начин” гэж авгайлагддаг Дэмбэрэл гуай нь Цэргийн начин цолтой бөх хүн төдийгүй улсын сайн анчин хүн юм. Тэрбээр 90-ээд оны дундуур улсын наадамд 2-3 удаа ирэхдээ нэг түрүү, дөрвөн айраг авч байв.

Ц.Цэнгэлийн саарал

Бөгөний охин үрийн угшилтай Бандагадай Баяраагийн буюу Юндэнгийн саарал нь шүдлэн насандаа анх уягдаж сумынхаа наадамд түрүүлээд хязааландаа Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд 2000 онд түрүүлжээ. Түүнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүүгийн зөвлөсний дагуу манлай уяач Ц.Цэнгэл худалдаж авсан байна. Энэ саарал үрээ Ц.Цэнгэлд ирээд соёолондоо (2001 онд) улсын баяр наадамд аман хүзүүдэж, хавчигтаа (2002 онд) түрүүлж, Төрийн түмэн эх болжээ. Мөн 2004 онд Дүнжингарав, 2006 онд Багануур дүүрэгт болсон Төвийн бүсийн хаврын уралдаанд түрүүлж, Манлай саарал гэж алдаршсан билээ.

Үүлэн бор

Бөгөний үрийн үр Дийлдэг Дамдингийн бор гэж сайн азарга байв. Түүний үр нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяат, Монгол Улсын алдарт уяач З.Сүндэвийн Үүлэн бор азарга юм. Үүлэн бор азарга нь сум орон нутагтаа ихэд хурдалснаас гадна үр төлүүд нь жигд хурдалж бараг л нэгэн бэсрэг угшил үүсгэсэн юм. 1980-1990-ээд оны үед Төв аймгийн зүүн талын сумын азарга эргэхэд үзүүр тал нь цайрч харагддаг байсан гэж нутгийн өвгөчүүд ярьдаг байв. Тэд бол Үүлэн борын үр төлүүд юм. Үүлэн борын төл бор азарга 1990 онд зохиогдсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд Х.Сүрэнхорын алдарт босоо хээр азаргатай ойрхон уралдсаар аман хүзүүдсэн юм. Харамсалтай нь энэ уралдаанд хүүхэд нь ойчсон тул нэг ухрааж айргийн гуравт барьсан билээ.

Мөн Үүлэн борын төл Өлзий агсны бор азарга, Батхуяг агсны халтар азарга их хурдан байв. 1993 онд зохиогдсон Төв аймгийн 70 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаан будлиж, хоёр тасарч уралдсан юм. Эхнийхэд нь О.Маарын алдарт хээр азарга 16 насандаа түрүүлэхэд Өлзийн бор азарга аман хүзүүдэв. Харин сүүлийн азарганд Батхуягийн халтар азарга аман хүзүүдсэн юм. Тэгэхэд азаргаа хасуулж бухимдаж байсан Өлзий уяач “Алийг нь ч барьсан аман хүзүүнд орлоо” гэж байсан гэдэг.

1995 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын 70 жилийн ойн баяр наадамд манай их хүрэн азарга түрүүлэхэд энэ хоёр азарга аман хүзүү, айргийн гуравт дараалан орж байлаа. Мөн Батхуягийн халтар азарга нь 1996 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон хаврын анхны бүсийн уралдаанд 500 гаруй азарганаас сугаран түрүүлж байв. Халтар азарга хаврын бүсийн уралдаанд 1997 онд түрүүлж, 1999 онд айрагдаж байлаа.

Үүлэнгийн төл хул азаргыг манай сумын Жаргалсайхан гэдэг хүн авч хязааланд нь Баяндэлгэр сумынхаа наадамд хол түрүүлгэв. Түүний төл нэгэн хул азаргыг манай хүргэн ах Д.Дамдиндорж авч, дараа нь би худалдаж авсан юм. Би энэ хул азарганы төл халтар үрээг өөрийн нагац ах, аймгийн аймгийн алдарт уяач Г.Батбаярт бэлгэнд өгсөн билээ. Г.Батбаяр ах халтар үрээг н.Самъяабазарт өгсөнд Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд гурав түрүүлж, хоёр айрагдаад байна. Энэ жил хавчиг настай халтар азарга нь Бөгөний 6-7 дахь үеийн төл нь болно.

Өсгий цагаан хар азарга

Монгол Улсын манлай уяач Д.Гарамжав агсан морин тойруулгад уяачаар ажиллаж байхдаа үржил селекцийн ажилд ихээхэн ач холбогдол өгч байжээ. Тэрбээр тойруулгын эрлийз азаргануудад шилдэг удамтай Монгол гүү хураалган одоо яригдаад байгаа шинэ Монгол адууг 30-аад жилийн өмнө гарган авч байсан шилдэг бридер байлаа.

Д.Гаравжав нь эртний хурдан удамт адууны өлгий нутаг Галшараас, тэр дундаа их хүлэгч Д.Цэвэгмидээс сайн гүүнүүд шилж сонгон авч тойруулганд азарганд хураалган хурдан адуу гарган авч байв. Тэгэхээр Тойруулгаас төрөн гарсан зарим хурдан хүлэг алдарт Бөгөн хулын цус шингэсэн байхыг үгүйсгэх арга үгүй юм.

Д.Цэвэгмид гуай хожим нь Д.Гаравжав гуайд Бөгөний угшилтай хээр үрээг “Азарга тавиарай” гээд бэлэглэсэн гэдэг. Энэ хээр азарганы үр нь Жаргалант гүүний төл алдарт Өсгий цагаан хар азарга. Өсгийн цагаан хар азарганы хурд нь багаасаа л тодорч шүдлэндээ улсын наадамд түрүүлсэн байна. Улмаар Монголын Нууц Товчооны 750 жилийн ой буюу анхны даншигт аман хүзүүджээ. Тэгэхэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нэрт уяач Ишийн зээрд халзан үрээ түрүүлж байв. Энэ халзан азарганы үр төлүүд орон нутагтаа одоо ч хурдалсаар байгаа билээ.

Өсгий цагаан хар азарга хавчиг, долоо, найман насандаа 1993, 1994, 1995 онд улсын наадамд дараалан айрагдаж тэр үеийн тэргүүн хурдан азарганы нэг байв. Ер нь 90-ээд оны дунд үед Цолмон халтар, Өсгий цагаан хар, Хорлоодойн хар гэсэн азарга л төрийн наадмын азарганы өнгийг тодорхойлж байсан гэхэд хилсдэхгүй биз.

Тэр үед Д.Гаравжав гуай Өсгийн цагаан хар азаргаа мордуулаад явж байхад нь Д.Даваахүү гуай таарч “Ах юунд яараа вэ. Манайхаар орж цай уу” гэхэд “Улсын наадамд азарга түрүүлгэх гээд яарч явна” гэсэн гэдэг.

Бөгөний угшилтай Өсгий цагаан хар азарга улсын наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан хурдан хүлэг байв. Харамсалтай нь энэ азарга 1995 онд болсон Өндөр гэгээний даншиг наадамд уралдаж ирээд эндсэн юм.

Өсгий цагаан харын төл Г.Ганболдын Өсгий цагаан хээр азарга 2003 онд Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдэж байв.

Мөн Бөгөний үр хээр азарганаас Д.Гаравжавын алдарт Гоё хүрэн морь гарсан гэдэг. Гоё хүрэн нь хязааландаа улсын наадамд түрүүлж, хожим хаврын болон ойрын зайн уралдаануудад олон түрүүлсэн цуут хүлэг болсон юм. Гоё хүрний дүү гүүнээс буюу хээр азарганы төл гүүнээс тод манлай уяач Г.Сандуйжавын улсад түрүүлж, айрагдаж, бүсийн хоёр наадамд айрагдсан хээр азарга гарчээ.

Ер нь Д.Гарамжав гуайг Бага тогоруу, Бөгөний удмын хээр азарга хоёрын дундаас нэгэн бэсрэг угшил гарган авсан ардын авьяастан, суут бридер байсан гэж судлаачид үздэг. Түүний бий болгосон хурдан удмын адуунууд сүүлийн 20-иод жилийн турш улс, бүсийн наадамд завсаргүй түрүүлж, айрагдаж байгааг хурдан морь сонирхдог хэн бүхэн мэдэх биз ээ.

Халхын их уяач, хүлэгч Д.Цэвэгмид гуайн хүү Ц.Минжүүр аавынхаа их эрдэм, хурдан адууг өвлөн авч олон жил сайхан наадсан байна. Тэрбээр ихэвчлэн сум, орон нутагтаа уралдаж олон айраг түрүү авсан гэдэг.

Ц.Минжүүр уяач, түүний хурдан хүлгүүд нь Монголын хурдан морины уралдааны түүхэнд ховор тохиолдох амжилт үзүүлсэн тухай дараах мэдээлэл байдаг. Ц.Минжүүр нь Бөгөний угшлийн таван даага Галшар сумандаа завсаргүй оруулж, дараа жил нь мөн л таван шүдлэн дараагаар нь түрүүлгэж айрагдуулж байв.

Ц.Минжүүр уяач болон түүний хөвгүүд нь буурлынхаа буяныг олон жил таслахгүй сайн авч яваа бөгөөд цаашид ч Бөгөн хулын удам Халхын дэвжээнд тасрахгүй гэдэгт итгэж байна.

Их уяач Д.Цэвэгмид гуай Артын Мэргэн Бандид нэгэн бор даага бэлгэнд өгсөн нь улсын наадамд даагандаа түрүүлж, хавчигтаа айрагдаж байжээ. Мэргэн Банди улсын наадамд явахдаа Д.Гал гуайтай нэгэн уяа болж хамт явдаг байсан гэдэг билээ.

Эцэст нь тэмдэглэхэд Д.Банзрагчийн саарал, Ц.Цэнгэлийн саарал, Д.Гарамжавын Өсгий цагаан хар, Бороохой Готовын саарал, Д.Түвдэнгийн Хилэн хар, саарал, Т.Жанчивын хул, Д.Цэвэгжавын саарал, Д.Чойжамцын саарал, З.Сүндэвийн Үүлэн бор, Дондовын бор азарга, Сүхсайханы бор соёолон, Л.Дэмбэрэлийн цавьдар халзан, Г.Ганболдын Өсгий цагаан хээр, Г.Ганбатын Гоё хүрэн, Г.Сандуйжавын Идэр хээр, н.Батхуягийн халтар, Д.Галсангийн хул гээд хурдан морь сонирхогч хэн бүхний танил хурдан хүлэг бүгд Бөгөн хулын үр удам болж байна. Мөн эдгээрээс өөр хэчнээн ч хурдан хүлэг халхын хавтгай дээр тоосоо өргөж байгааг би мэдэхгүй юм.

Ямартай ч дээрх бүгдээс үзэхэд Галшарын их хүлэгч Д.Цэвэгмидийн Бөгөн хул азарга Монголын хурдан морины уралдааны түүхэн дэх хамгийн шилдэг азарганы нэг болж мөнхрөх нь тодорхой буй за.

Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн алдарт уяач Г.Дашзэвэг

 

 

 


"Бөгөн хул" азарга болон үр төлүүд нь хэрхэн хурдалж байна вэ  
Үзсэн: 3903 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй