Шууд Chart

Сэм авгын бөхчүүд нэгээс бусад жинд олимпын эрх авлаа

2020-03-17 10:07:55

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох Ази, Европ, Африк тивийн тэмцээн коронавирусний улмаас хойшлогдсон.

Ганцхан Пан-Америк тивийн тэмцээн хуваарийн дагуу энэ сарын 13-15-нд Канадын нийслэл Оттавагийн “Shaw Centre”-т боллоо.

Төв болон Өмнөд Америкийн 18 орны 158 тамирчин олимпын 36 эрхийн төлөө өрсөлдөв. Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын бөхчүүд эрэгтэйчүүдийн 74, 97, эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жинд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас олимпын наадмын эрхээ аваад байв.

Тэгвэл тэд Канадын нийслэлд долоон жинд эрхээ авлаа. Ганцхан эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Зейн Ретерфорд хагас шигшээд Аргентиний Августин Дестрибаст цэвэр ялагдснаар эрхээ авч чадаагүй.

Эрэгтэйчүүдээс энэ тивийн шилдгүүдээс 23 хүртэлх насны дэлхийн аварга Кубын Рейнери Ортега дэлхийн дэд аварга Томас Гилманд, түүний нутаг нэгт Пан-Америкийн хошой аварга Юриески Торребланка 2018 оны дэлхийн аварга Дэвид Тэйлорт ялагдснаар эрхээ авч чадаагүй. Куба залуус зургадугаар сард Софид болох дэлхийн тэмцээнээс олимпын эрхийн сүүлийн дайралтаа хийнэ.

Нэгэнт олимпын эрхээ авсан бөхчүүд шигшээ барилдаанд дэвжээнд гарч ирээгүй юм. Сэм авгын бөхчүүд дөрөвдүгээр сарын 4-5-нд Пенсильванияд болох АНУ-ын олимпын багийг сонгон шалгаруулах тэмцээн гол анхаарлаа хандуулж биеэ нөөсөн.

Тус тэмцээн ялагчид АНУ-ыг төлөөлж олимпод зорих болохоор аргагүй. Гэхдээ сонгон шалгаруулах тэмцээн “Ковид-19” өвчний улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдож магадгүй.

Эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн зохион байгуулагч орон канадууд хүнд хоёр жинд түрүүлж Токиог зорих болсон бол үлдсэн дөрвөн жинд эрхээ авч чадаагүй.

“Агч навчтанууд”-ын бүсгүйчүүд хагас шигшээд бүгд Америкчуудад ялагдав. Тодруулбал 50 кг-д 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд Сара Хильдебрандад 0:10-аар, 53 кг-д Саманта Стюарт Жакарра Винчестерд 4:8-аар, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Линда Мораис олимп, дэлхийн аварга Хелен Марулист 2:12-оор, ДАШТ-ий хүрэл медальт Мишель Фаззари АНУ-ын Кайла Мираклад 3:12-оор тус тус дийлдсэн.

Олимпын наадамд эрх авсан бөхчүүд
57 кг: Томас Гилман (АНУ), Оскар Тигрерос (Колумби)
65 кг: Алехандро Вальдес (Куба), Августин Дестрибас (Аргентин)
74 кг: Франклин Гомес (Пуэрто-Рико), Геандри Гарзон (Куба)
86 кг: Дэвид Тейлор (АНУ), Поль Амбросио (Перу)
97 кг: Рейнерис Салас (Куба), Жордан Стин (Канад)
125 кг: Ник Гвяздовски (АНУ), Амар Дхеси (Канад)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Юснейлис Лопес (Куба), Сара Хильдебрандт (АНУ)
53 кг: Лианна Монтеро (Куба), Жакарра Винчестер (АНУ)
57 кг: Валенсия Эското (Мексик) Хелен Марулис (АНУ)
62 кг: Лаис Оливейра (Бразил), Кайла Миракл (АНУ)
68 кг: Даниэле Лаппаж (Канад), Юдари Родригес (Куба)
76 кг: 1. Эрика Виебе (Канад) 2. Алин Феррейра (Бразил)

 



















Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэм авгын бөхчүүд нэгээс бусад жинд олимпын эрх авлаа  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй