Шууд Chart

Бороон дусалд нуугдсан хүн (яруу найрагч Д.Нямсүрэн)

2020-03-17 11:26:15

Эртний дорно дахины яруу найрагчид байгалийг, бүсгүй хүнийг шүтэн дээдэлсэн шүлэг найраг бишгүй нэг бичсэн байдгаараа онцлог. Байгаль бүсгүй хүн хоёр дээд гоо үзэсгэлэн, эх үүтгэл гэдгээрээ яруу найргийн амин сүнс болж байдаг биз. Манайд байгаль, бүсгүй хүнийг шүтсэн яруу найргийн дээд оргилыг Эрээнцавын "эвдрээгүй" найрагч Д.Нямсүрэн бүтээсэн гэдэгт эргэлзэх хүнгүй билээ. Нэгэн намар есөн эрдэнийн нэртэй есөн бүсгүйд зориулсан шүлэг тэрлэж, дорнын бүсгүйн дотоод гоо сайхныг нээн харуулсан тухайгаа

"Есөн сард, есөн чимэгтэй дуу зохиолоо би

Есөн эрдэнээр үсэг цохин чамайгаа магтлаа, би..." хэмээн дурдсан нь бий.

Үнэхээр л борог өвсөнд хайртай найрагч маань бүсгүй хүний гоо үзэмжийг байгальтай жишин зүйрлэж, эгэл энгийн төрхөөс үлэмжийн сайхныг мэдэрч, үгээр урлаж чаддаг сэтгэлийн яруу үгсийн уран дархан байжээ.

89976070_1922953251170451_9189260328553152512_n

"Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт, өвсөн дотор

Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй" хэмээн уулга алдсан сонгодог найрагч маань

"Миний ууж баралгүй орхисон

Цор ганц амтат дарс бол бүсгүй хүн!" гэж гэрээслэл мэт бичиж үлдээсэн нь байгаль эхтэй адил бүсгүй хүний сэтгэл зүрхний дотоод нандин нууц нь үл тайлагдам гүн гүнзгий болохыг сэрж мэдэрсэн хэрэг биз. Яруу найраг гэдэг ухамсарлагдаагүй зөн билиг, сэрэл мэдрэмж юм даа.

Санаандгүй байтал гэнэт сэрхийн орж ирдэг шүлгийн мөрүүд гэдэг болгоомжтой байхгүй бол дэрхийн нисэж одох шувуухай л гэсэн үг. Ухамсрын хяналтгүй зөнгөөрөө үйлдэгдэж байгаа бүхэн хамгийн үнэн байдаг. Тиймээс яруу найраг бол дээд гоо сайхан, дээд үнэн билээ. Тэр хүршгүй холын яруу дээдийг бүтээгч хүмүүн гэхээр юутай хайрлам, юутай шүтэм билээ. Яруу найраг бичих, унших алинд нь ч зүйрлэшгүй таашаал, тайтгарал авч бас гунигт автдаг билээ. Ай, сайхаан...

"Шивэрч байнаа бороо, зөөлөн шивэрч байна

Сэтгэлийн гунигаа орхиод би

Ширхэгийнх нь ганцхан дусал дотор

Сэмхэн тэгээд нуугдчих юмсан" гэж "Зөн билгийн шувуу" шүлэгтээ бичсэн нь яруу найргийн нэн уран нээлт юм. Борооны дусал дотор нуугдах хүсэл гэнэн балчир хүүхдэд л төрж болох мэт санагдавч, түүнийг яруу найргаар илэрхийлнэ гэдэг өөр хэрэг. Хүүхдийн гэнэн цагаан, сониуч зан нь хязгааргүй, зөн совин нь гэгээн тунгалаг байдаг шиг яруу найрагчийн сэтгэхүй бас тийм байдаг биз. Тиймээс хорвоогийн юмс үзэгдлийг хуурмаггүй үнэн сэтгэлээр бодож бясалгаж, сэрж мэдэрч, утга төгс уран яруу шүлэг найраг туурвидаг бизээ.

...Алдар цол, гавьяа шагнал нь биш бүтээл туурвил нь үлдэж хоцордог хорвоо гэж үнэн юм даа. Ардын, гавьяат, төрийн гэх мэт уртын урт цол гуншинтай хүмүүс олон байвч зарим нэгий нь чухам юугаараа алдартай гавьяатай юм бэ гэж асуувал санаанд юу ч буухгүй. Харин эгэл даруу, энгийн сайхан амьдарсан Эрээнцавын Нямсүрэн гуайн тухайд бол шүлэг найраг, утга уянга сонирхдог захын хүн л

"Өдөр бүхэн би

Өвсөн дээр гишгэнэм билээ.

Өнө холдоо тэд

Над дээр урганам билээ" гэсэн гүн ухааны 4 мөрийг төвөггүйхэн хэлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Сайхан хүмүүний тухай бодохоор сэтгэл гэрэлтэж, амьдрал утга учраар дүүрэн болдог билээ. Ай, хорвоо гэж..."

Д.Нямсүрэнд Тэр хүн

"Бүдэг цагаан дэрсний гэрэлд дүүгээ хүлээх" тэр хүн

Бүүр эрт биш ээ саяхан л алхаж явсан

Бүүрцэгхэн амьдралд насыг элээсэн даруухан төрхтэй

"Бөн бөн будан залгилсан" тэр хүнийг би хүлээдэг ээ

Огт оргүйн зүг одсон тэр хүнийг хачин их санана

Одод ирмэлцэх шөнөөр тэнгэрийн зүг ширтэхэд

Онгодын цагаан хүлэг янцгаах шиг аялгуу сонстоно

Орчих жамыг сөрж болохгүйд уйтгар төрөөд

Одоохон ирэх юм шиг санаашран хүлээнэ

"Борооны дусал" дотор нуугдаж тоглодог тэр хүнийг

Борог өвсөнд хайртайг бодохоор сэмхэн уйлмаар

Босон суун харуулдах миний сэтгэлийн зүүдэнд

Бодол дундуур туучсаар тэр хүн айсуй!

Хөх Толбот Д.Төмөр-Очир

  


Бороон дусалд нуугдсан хүн (яруу найрагч Д.Нямсүрэн)  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй