Шууд Chart

Б.Чинзориг: Токиогийн олимпын дараа би мэргэжлийн боксоор хүч үзнэ

2020-03-17 17:52:12

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Баатарсүхийн Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр Йордан Улсын Амман хотод хэдхэн хоногийн өмнө болсон Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээнд 63 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртэн “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхтэй болсон юм. Хоёр дахь олимпдоо хүч үзэх гэж буй түүний сэтгэгдлийг ийнхүү сонсов.

-Юуны өмнө танд “Токио-2020” олимпын наадмын эрх олгох тэмцээнийг амжилттай дуусгаж, олимпын эрх авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Энэ удаагийн тэмцээнд өмнө нь ДАШТ-д хожигдож байсан Энэтхэгийн тамирчин Манож Каушектэй олимпын эрхийн төлөө тулалдаж хожсондоо маш их баяртай байна. Өмнөх тактикаа өөрчилж алдаагаа засан бэлтгэл хийсэн минь үр өгөөжөө өглөө.

-Аль улсын боксчин илүү чанга байсан бэ. Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?

-Энэтхэгийн тамирчин хамгийн хэцүү өрсөлдөгч байлаа. Алтан медаль хүртэх боломж бүрэн байсан. Узбекистан Улсын тамирчинтай зооны аваргын төлөө тулалдаж байхад Кубын шүүгч ринг дээр шүүж байсан. Хоёрдугаар раундад надад цохилт ороогүй байхад тоолохоос эхлээд миний зөрчөөгүй маш зүйлд санаатайгаар сануулга өгч байсан. Уг нь би оновчтой цохилтын тоогоор би илүү байсан. Гэхдээ эрхээ авах гол зорилгоо биелүүлсэн учраас олимпод очиж хариугаа авна аа.

-Эх орноосоо хүлгийн жолоо залахдаа ямар төлөвлөгөөтэй байсан бэ. Тэр зорилгоо биелүүлж чадсан уу?

-Олимпын эрхээ найдвартай авна гэдэгт маш их итгэлтэй байсан. Тоглолтын хувьд тактикаа өөрчилж, бэлтгэл хийсэн болохоор түүнийгээ туршиж үзэхийг хүсэж байсан. Бага зэрэг засах зүйл байгаа ч үр нөлөөгөө өглөө. Хуучны 60, 64 кг-ийн жингийн тамирчид 63 кг-д нэгдэж өрсөлдөж байгаа болохоор голчлон өрсөлдөнө гэж бодсон тамирчдын тоо олон байлаа.

-Шүүлт хэр шударга явагдав. Булхай их ордог гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

-Энэ удаад олон улсын олимпын хороо тэмцээнийг зохион байгуулсан учраас өмнөх шүүлтүүдийг бодвол илүү чанартай, шударга талдаа байлаа гэж анзаарсан. Боксын хамгийн том асуудал бол шүүлт. Ялалтаа авч чадахгүй байх мэдрэмж хамгийн хэцүү. Урам хугарах ч тохиолдол бий. Маш цөөхөн тулаанд алдаа гарсныг эс тооцвол тэмцээний ихэнх шүүлт өмнөхөөсөө илүү шударга болсон.

-Та 14 настайгаасаа боксын спортоо хичээллэж эхэлсэн юм билээ. Чухам яагаад энэ төрлийг сонгосон юм бэ?

-Анх “Алдар” спорт хороонд сагсан бөмбөгийн секцэд явдаг байсан юм. Тэр үед миний хамгийн сайн найз Б.Гансүх боксын секцэд явдаг байлаа. Нэг өдөр миний бэлтгэл арай эрт тарсан тул би найзынхаа бэлтгэлийг очих үед Б.Гансүх жингээ хасаад маш өндөр ачаалалтай бэлтгэл хийж байсан нь надад маш сонирхолтой санагдсан. Тэгээд л би найзыгаа дагаад сагсан бөмбөгнөөс бокс руу урваж, А.Гантулга багшид 2005 онд шавь орсон.

-Таны аав Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажилладаг бол ээж тань хувиараа бизнес эрхэлдэг гэсэн. Аав, ээж тань “Зодоон нүдээнээс хол бай” гэж зэмлэж байсан уу?

-Би эмээ, өвөөгийнхөө дэргэд өссөн болохоор олон ах, эгчтэй. Эгч нар их дургүйцсэн ч ах их дэмждэг байлаа. Тэмцээнд амжилт гаргаад УАШТ-ээс алтан медаль зүүсний дараа л эгч нар дэмждэг болсон. Гэхдээ ээж, аав маань надад маш их итгэдэг. “Миний хүү юу ч хийсэн чадна” гэж үргэлж хэлдэг байсан болохоор би өөртөө итгэлтэй болсон. Гэр бүлийн дэмжлэг ч их байсан.

-МУИС-ийн эдийн засгийн ангийг 2013 онд төгссөн гэдэг. Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-МУИС-д Эдийн засгаар сурч байсан ч сургуулиа төгсч чадаагүй. Хичээлийнхээ ихэнх цагт сууж чаддаггүй байсан болохоор дүн гарахад хэцүү байдаг байлаа. Шалгалтаа гайгүй дүнтэй өгдөг ч ирц, явц муу болохоор дүн гарахгүй. Харин Токиогийн олимпын дараа дутуугаа гүйцээж, сургуулиа төгсөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Мөн таныг англи хэлтэй гэж сонссон. Бие дааж сурсан уу эсвэл ямар нэгэн сургалтад суусан уу?

-Англи хэлний сургалтад сууж байсан ч мөн адил төгсөж чадаагүй ээ. Гэхдээ би англи хэлний түвшин, мэдлэгээ ахиулах шаардлагатай гэж боддог. Одоо дотнын найз “Comedy lab” клубын комедиан Н.Амаржингийн “Universal” англи хэлний сургалтын төвд сурдаг. Найзаараа заалгуулдаг болохоор тэмцээнд явж ирээд дууссан хэсгээсээ үргэлжлүүлж сурахад амар байдаг юм.

-Ямартай ч одоо олимпын эрх авч “Айдсаа авдартаа хийнэ” гэдэг боллоо. Гэхдээ эцсийн зорилго Токиогоос медаль хүртэх. Яг одоо юу бодогдож байна вэ?

-Бэлтгэлээ хийж өөрийгөө улам сайжруулмаар байна. Тэмцээн бүрээс алдсан алдаагаа засч бэлтгэлээ сайжруулдаг. Энэ удаагийн тэмцээнд ч мөн засах зүйлс харагдлаа. Илүү их төвлөрч, илүү их хичээх хэрэгтэй.

-Гэхдээ энэ таны анхны олимп биш. “Рио-2016” олимпын наадмын дэвжээ дээр гарч үзсэн хүний сэтгэлзүй арай өөр байгаа байлгүй. Өрсөлдөгчдөө хэрхэн судалж байгаа вэ. Юунд гол анхаарлаа хандуулах вэ?

-Хоёр дахь олимп учраас сэтгэл хөдлөл багасах нь мэдээж. Гол ажлын маань нэг бол өрсөлдөгчдөө судлах. Интернетээр олимпын эрхийн тэмцээнийг үзэж, судалгаагаа хийнэ дээ. 2019 оны ДАШТ-ээр гол өрсөлдөгчид тодорсон учраас ерөнхийд нь мэдэж байгаа. миний хувьд хамгийн гол анхаарах зүйл бол өөрийнхөө хүч, техник үзүүлэлтээ сайжруулах. Тиймээс өөртөө илүү төвлөрч ажиллана аа.

-“Рио-2016”-д өрсөлдөхдөө юунаас үүдэж тэмцээнээ амжилт муутай өндөрлүүлсэн гэж боддог вэ?

-2016 оны олимп шүүлтийн хувьд хамгийн шударга бус болсон. Мөн өөрийнхөө маш том дутагдлыг мэдэж авсан. Боксын шүүлтийн систем өөрчлөгдөх бүрт тамирчдын тоглох арга барил хамт өөрчлөгдөж байдаг. Миний хувьд өмнөх цохилт шууд оноо ордог байсан үеийн тоглолтын арга барилаар тоглодог байсан нь алдаа болсон гэж боддог. Шүүлт оноо өгөх системд тохируулж тоглолтоо маш хурдан өөрчлөх хэрэгтэй юм билээ.

-Та 2014 оны Армийн дэлхийн аварга, 2015 оны Химийн цомоос алт, мөнгөн медаль хүртэж байсан. Тэр тэмцээнд ялж байсан тамирчид “Токио-2020”-д өрсөлдөхөөр нэрс нь тодорсон байна уу?

-Тухайн үед тулалдаж байсан тамирчдын ихэнх нь жин өгсч, 69, 63 кг руу орсон болохоор надтай нийлээд таваас хэтрэхгүй байх.

-Хэрэв тийм бол тэднийг ялж, алтан медаль хүртэх боломж хэр их байгаа гэж бодож байна вэ?

-Тэр үед тоглож байсан тамирчидтай таарвал ялна гэж боддог. Өмнө нь тулалдаж байсан хүнтэйгээ тулалдахад гол оноо авч чаддаг. Довтолгоон, цохилт, тоглолтын арга барилыг нь мэддэг учир илүү амар.

-Таны тоглолтын үндсэн тал болон давуу тал юу вэ?

-Тоглолтын давуу тал гэхээсээ илүү сул талдаа төвлөрч бэлтгэл хийдэг. Раунд бүр тусдаа оноотой байдаг болохоор үргэлж идэвхитэй ажиллагаа шаардагддаг. Мөн бэлтгэлийн ачааллаа тааруулахад их ач холбогдол өгдөг.

Боксоос өөр ямар нэгэн авьяас бий юу?

-Сагс тоглох дуртай. Түүнчлэн амьд хөгжмийн тоглолт, сонгодог урлаг үзэх дуртай. Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх сонирхол их байдаг. Гэвч тэр бүр чөлөөт цаг гардаггүй болохоор хүссэнээрээ хөгжүүлж чадахгүй л байна.

-Манай боксчид мэргэжлийн тулаан руу “урвах” нь их боллоо. Энэ оны олимпын дараа танд ч ийм бодол арай байгаа юм биш биз ...

-Тийм ээ, байгаа. Токиогийн олимпын дараа би мэргэжлийн боксоор хүч үзнэ. Олимпын бокст намайг залгамжилж гарж ирэх авьястай, мундаг дүү нартаа зайгаа тавьж өгнө. Тэд улам сайжирч, туршлагатай болохын тулд олон тэмцээнд өрсөлдөх хэрэгтэй. Миний нас ч энэ жил 29 хүрч байна. Олимпын бокст хангалттай олон жил тоглолоо. Мэргэжилд гарч байгаа залуу тамирчдын хувьд УАШТ-д амжилт гаргаж, шигшээ багт багтсан. Тэгэхээр тэд мэргэжлийн бокс руу гарахгүй зөвхөн олимпын боксдоо тоглон. 

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Чинзориг: Токиогийн олимпын дараа би мэргэжлийн боксоор хүч үзнэ  
Үзсэн: 1633 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй