Шууд Chart

Т.Энхбат: Би Монгол Улсынхаа болон аавынхаа нэрийг сэвтээхгүй юмсан л гэж хичээж ажилладаг

2020-03-23 09:00:55

ОХУ-ын Пермь хотын Дуурь, бүжгийн театрын дуучин Т.Энхбат хэдхэн хоногийн өмнө Буриадын дуурийн театрт урилгаар дуулсан юм. Тэрбээр Жорж Бизегийн “Кармен” дуурийн бухтай тулалдагч Эскамильогийн дүрийг бүтээв. Түүнтэй холбогдож тоглолтынх нь талаар болон сонгодог урлагтай хэрхэн холбогдсон түүхээс нь хуваалцлаа. 

Тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалын хүү, МУГЖ Т.Баясгалангийн дүүгээс гадна Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны авга дүү билээ.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та Буриадын дуурийн театрт Жорж Бизегийн “Кармен” дуурийн Бухтай тулалдагч Эскамильогийн дүрийг бүтээлээ. Уг тоглолтын талаар сонирхуулна уу. Үзэгчид хэрхэн хүлээж авав?

-Ёстой сайхан тоглолт боллоо. Буриадын ард түмэн үнэхээр сайхан хүлээж авдаг юм байна. Миний хувьд энэрүү театрт анхныхаа дүрийг бүтээлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Ийм сайхан хүлээж авна гэж огт бодсонгүй ээ. Олон алдартай уран бүтээлч энэ театр бүтээлээ туурвиж ирсэн билээ.

-Энэ дүрд тоглох санал танд хэрхэн ирсэн бэ?

-Улаан-Үдийн театраас холбогдохдоо “Гуравдугаар сард манай театрт Кармен дуурь тоглогдоно. Өөрийг тань дуулуулах гэсэн юм” гэж хэлсэн. Үнэхээр сайхан санал байсан болохоор дуртайяа хүлээж авсан. Тус театрын хамт олон, уран бүтээлчдэд баярлалаа.

-Та Мариинский театрт дуулдаг гэсэн. Одоо хэвээрээ юу. Эсвэл өөр театрт харьяалагддаг болсон уу?

-Энэ тетарт би 2016 онд орсон. Жил жилээр гэрээгээ сунгаж ажилладаг. Сүүлчийн гэрээ 2019 онд дуусч, дахин сунгах гэж байх үед П.И.Чаяковский нэрэмжит Пермийн театраас санал ирсний дагуу гоцлол дуучнаар ажиллаж байна. Гэхдээ Мариинский театртайгаа үргэлж холбоотой байдаг. Шаардлагатай үед очиж дуулах тохиолдол ч бий. Бусад үед шинээр гэрээ байгуулсан Пермийн театраа ажиллаж байна. 

-Жилд хэдэн тоглолтын хэдэн дүрд ажилладаг вэ?

-Тухайн театрын удирдлагуудын зүгээс тавигдсан төлөвлөгөөнөөс хамаарч дүрд тоглодог. Шинээр орсон театрт ажилласнаасаа хойш буюу өнгөрсөн есдүгээр сараас одоог хүртэл зургаан дүрд гараад байна.

-Мариинский театрт ажиллах болсон үеэ эргэн дурсвал. Тэр том театрт хүссэн аавын хүү болгон ороод байдаггүй гэдэг ...

-Мэдээж сайхан сэтгэгдэл үлдээсэн. 2016 онд консерватороор сурч байхдаа Мариинский театрын залуучуудын группт орсноор Монгол хүн анх удаа энэ театрт ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд би гол болон туслах 20 дүрд гарсан. Дэлхийн том дуучид ажилладаг энэ сайхан байгууллагад Монгол хүн ажиллана гэдэг маш их хувь тавилан, аз юм. Мөн багш, хамт олны минь хүч дэмийн хөшүүрэг нөлөөлсөн. Тэд маань намайг сойж, уралдсан “хүлэг” миний бие сайхан “давхилаа”. Ер нь 20 дуурьд тоглоно гэдэг чанга шүү. 

-“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ театрт дуулдаг гэсэн. Та хоёр уран бүтээлийн талд хэн хэндээ зөвшилцөж, санал бодлоо солилцдог уу?

-Мариинский театртай хийсэн миний гэрээ 2019 онд дуусхад Г.Ариунбаатар зөрөөд ирсэн байна билээ. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа сайхан залуу дуучин. Гэхдээ би түүний талаар одоохондоо илүү ихийг мэдэхгүй учир өөр зүйл ярих нь илүүц биз ээ. Бид хоёр бие биенээ танихгүй. 

-Таныг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 2016 онд оролцож байсныг санаж байна. Түүнээс өмнө олон улсын ямар тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Олон улсын 11 уралдаанд би оролцсон. Тэдгээрээс нэгт нь мултарч байсан. Мариинский театрын гоцлол дуучин М.И.Кит гэдэг хүн миний мэргэжлийн багш. Оюутан байхдаа би олон улсын тэмцээнд өрсөлдөх хүсэлтэй байсан ч багш маань намайг зөвшөөрдөггүй байлаа. Харин төгссөнийхөө дараа чөлөөтэй оролцдог болсон. 

-Та 2010 оноос дуурийн урлагт хөл тавьсан юм билээ. Энэ төрлийг сонгоход аав тань нөлөөлсөн болов уу гэж уншигчид харж байгаа ...

-Аавыг маань уртын дуучин мэргэжилтэйг хүмүүс мэднэ. Миний бага нас тухайн үеийн нэрлэж заншсанаар ҮДБЭЧ-д өнгөрсөн. Учир нь тэнд аав ажиллаж байсан юм. Тэр том чуулгын тайз, кородиороор гүйж, тоглож байсан үе олон. Аавын найзууд ч урлагийнхан болохоор би энэ салбарт илүү ойр өссөн учир өнөөдөр дуучин болсон байх. Гэхдээ сонгодог урлаг бол арай өөр өнцгөөс яригдана л даа. Ямартай ч уртын дуу бүх сонгодог урлагийн ноён оргил гэж боддог. Намайг дуучин болоход аав маань СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн багш, профессор, гавьяат жүжигчин М.Найдалмаа багшид хөтөлж аваачиж шавь оруулсан. Тэгж л би дуурийн дуучин гэдэг мэргэжлийг өвлөж эхэлсэн дээ.

-Ээжийнхээ талаар ярина уу. Сүлжмэлийн үйлдвэрт ажилладаг байсан гэж сонссон ...

-Ээжийг маань Сааралын Оюунбилэг гэдэг. Жирийн сайхан Монгол эмэгтэй. Дүү бид хоёрыг хүний дайтай хүн болгохын төлөө залуу сайхан насаа БНСУ-д ажиллаж өнгөрүүлсэн. Одоо ч гэсэн Монгол, БНСУ хоёрын хооронд ирэн очин байдаг. Энэ ташрамд танай сайтаар дамжуулж, ээждээ мэнд хүргэж, хязгааргүй их хайртайгаа дахин хэлье ээ. Хүү нь таныхаа ачыг хариулахын төлөө үргэлж хичээж явдгаа дайя. Миний ижий миний амьд бурхан шүү.

-Таны аав бөхийн удамтай. Мөн барилддаг байсан гэдэг. Та ч мөн адил жүдо бөхөөр хичээлээж, тэмцээнд оролцож байсан юм билээ. Бөхийн спортоор дагнан хичээллэх сонирхлоо яагаад гээсэн юм бэ?

-Аавын маань үеэл дүүг Монгол Улсын харцага Ч.Даваадорж гэдэг хүн байсан. Тэр ах маань намайг бага байхад ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны жүдо бөхийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Ц.Шийрэв багшид хөтөлж аваачиж бөх болгох хүсэлтээ хэлж байж билээ. Ийнхүү мундаг бөх болохын хүслэнтэйгээр БЗД-ээс барилдаж, самбо бөхийн өсвөр залуучуудын УАШТ-ээс алтан медаль хүртэж, ДАШТ-д хүртэл хүч үзэж байлаа. Мөн жүдо бөхийн шигшээ багт хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох багшийн шавь болж ноцолдож байв. Дараа нь БНСУ-ын Юнионы их сургууль руу жүдо бөхийн чиглэлээр суралцсан. Эхний жил нь өөрийн зардлаар сурчихвал хоёр дахь жилээс нь Засгийн газрын тэтгэлэгээр суралцана гэсэн боломж гарсан. Ингээд эхний жилдээ аав, ээжээсээ мөнгө авч сурч байтал дараа жил нь Засгийн газрын өнөө тэтгэлэг цуцлагдчихсан. Тэгэхээр нь би “Аав, ээжийгээ ингэж зовоож сураад ч яах билээ” гэж бодоод больсон. Аав маань ч намайг “Миний хүү бөхийн спортоо орхиод дуучин болвол яасан юм бэ” гэсэн. Ингээд л одоо эзэмшсэн мэргэжлээ сонгосон доо.

-Тэгэхээр Монгол Улсын харцага Ч.Даваадорж агсны хүү ОУХМ Д.Төмөрхүлэг та хоёр үеэл болох нь ээ ...

-Тийм. Д.Төмөрхүлэг бол миний хайртай дүү. Би улаан фэйн нь. Монголын жүдо бөхийн холбоог би сайн ойлгохгүй юм. Миний дүүг олон улсын тэмцээнд оролцохыг нь арай л эрт зогсоочхов уу гэж харж, харамсдаг. Уг нь дахиад олимп, ДАШТ-д өрсөлдсөн бол “Юм дуулгах байсан байх” гэж боддог. Гэхдээ хүн мэдэхгүй зүйлээ ярих утгагүй л дээ.

-Түүнчлэн Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан та хоёр төрсөн эгч дүү. Бага байхдаа та эгчтэйгээ хэр дотно байсан бэ?

-Т.Баясгалан бид хоёр эцэг нэг, эх ондоо. Тус тусдаа өссөн болохоор дотно байгаагүй ээ. Т.Баясгалан гэдэг хүн өөрийнхөө замаар, бид ч мөн адил өөрсдийнхөө замаар явсан. Гэхдээ одоо мэндтэй, устай явдаг. Би нэг дүүтэйгээ хамт өссөн. Ээжийг БНСУ-д ажиллаж байхад аав өөр газар амьдарч, дүү бид хоёр Ж.Бадамхорол гэдэг хамаатныхаа эгчтэй хамт байдаг байлаа. Тухайн хүндхэн цаг үеийг хамтдаа туулж, өмөг түшиг болж байсан эгчдээ одоо болтол баярлаж явдаг.

-Та дүү мөн л дуучин мэргэжилтэй. Нэг гэр бүлээс олон дуучин байх нь ховор шүү. Чухам яагаад бүгд ийм мэргэжилтэй болсон юм бол ...

-Дүүг маань Т.Энхдулам гэдэг. Ээжээс бусад нь дуучин мэргэжилтэй болж байна. Гэхдээ ээж маань мэргэжлийн бус ч гэсэн сайхан дуулдаг. Ээжийн ээж буюу эмээ маань их сайхан дуулдаг хүн байсан гэдэг. Бөмбөгөр ногоон театрт дуулж явсныг нь хүмүүсээс сонссон. Гэхдээ бүгд дуучин байх хэцүү шүү дээ (инээв.сурв).

-Манай улсын хэчнээн дуурийн дуучин олон улсад ид өрсөлдөж байна вэ. Одоогоор ихэнх хүн Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нараар л төлөөлж байна л даа ...

-Ер нь манай улсын уран бүтээлчид сонгодог урлагийн олон төрлөөр дэлхий дахинаа гарч, ажиллаж, амьдарч байна. Гэхдээ би яг тэр, энэ гэж хэлж мэдэхгүй юм. Өөртөө оногдсон ажлаа сайн хийж байвал л Монгол Улсдаа оруулж буй хувь нэмэр энэ байх болов уу. Тэр ч утгаараа миний хийж бүтээсэн зүйл энэ биений минь өмнөөс хэлэх байх. 

-Та Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Санкт-Петербургийн хөгжмийн академийг төгссөн юм билээ. Энэ сургуулийг манай шилдэг уран бүтээлчдийн төлөөлөл ардын жүжигчин Ч.Мөнхшүр, гавьяат жүжигчин Ж.Цэцгээ нар төгссөн. Сургуулиа төгсөөд эх орондоо яагаад ажлаагүй юм бэ?

-Сургуулиа төгссөн жилээ эх орондоо ажиллая гэж бодоод очсон. Гэтэл орон тоо байхгүйн улмаас бүгд татгалзсан хариу өгсөн. Тухайн үед аав, багш хоёртойгоо ярилцсаны үндсэнд Санкт-Петербург руу буцаж, дахин хоёр жил консерватороор суралцсан.

-Монголд ажиллаж байгаа уран бүтээлчид олон улсын тэмцээнд оролцохдоо ихэвчлэн хувиасаа замын зардлаа гаргадаг. Харин ОХУ-д яадаг вэ?

-Дэлхий дахинд бараг ижил дээ. Харин ивээн тэтгэгч байгууллагатай бол түүгээрээ шийдвэрлүүлэх тал бий. Миний хувьд зөвхөн аав, ээж, ах дүү нараасаа л туслалцаа авдаг байсан.

-Таны үндсэн багш Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд. Та хоёрын барилдлага хэрхэн эхэлсэн бэ. Багш тань мэргэжлийн болон хувь хүн талд юуг илүү онцолдог байв?

-БНСУ-руу яваад ирсэн жилээ СУИС-д буцаад орох гэсэн боловч “Ирэх намар ир” гэсэн хариу өгсөн. Тухайн үед би тэгж олон сар хүлээхийг хүсээгүйн улмаас Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч орсон. Тухайн үед аав энэ коллежид багшилдаг байсан болохоор “Миний хүү манай сургуульд юу ч гэсэн шалгалт өгөөд үзээч” гэсэн зөвлөмж өгсөн л дөө. Ингээд тэнцэж орох болоход М.Найдалмаа багш “Тэр коллежид А.Бүтэд гэдэг багш бий. Би чамайг тэр хүнд даатгья” гээд хүлээлгэн өгч байлаа. А.Бүтэд багш бол намайг дуурийн урлагт хөл тавих, хүн байхыг заасан. Аавын эзгүйд аав, ээжийг холд ээж болж байсан ачтан даа.  

-Та бүрэн хэмжээний ямар дуурьт тоглосон бэ. Мөрөөдөж явдаг дүр гэвэл юу байгаа бол ...

-“Сибирь”, “Алеко”, “Золушка” зэрэг дуурьд гарч мөрөөдлөө биелүүлсэн. Мөн “Кармен”-д тоглочихвол хүсэл мөрөөдлийнхөө бага хэсэгт ч гэсэн хүрэх гээд л байна. Одоо энэ сарын 31-нд “Богема”-д дуулах гээд тоглолтын өдрөө хүлээж байна. Сонгодог урлагт эцэс төгсгөл гэж байдаггүй учраас цаашдаа ч суралцаад, сураад явна даа. Нэмж хэлэхэд “Евгени онегин” дуурьд би тоглож үзэхийг эртнээс хүсч байсан. Гэтэл П.И.Чаяковскийн нэрэмжит театрын намрын нээлт өнгөрсөн есдүгээр сард болж “Евгени онегин” дуурь тавигдахад миний бие Онегиний дүрд тоглосондоо баяртай байгаа. Цаашид ч олон том театр, олон дуурьд оролцох байх. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг болохоор хичээж л явна даа. Би өөртөө оногдсон бүх дүрийг жинхэнэ утгаар нь амилуулахыг мөрөөддөг.

-Манай улсын дуучдын чадварыг олон улсын шүүгч, багш нар сонсоод хамгийн түрүүнд ямар асуулт тавьдаг вэ?

-“Хаана сурсан бэ, хэний шавь бэ, Монголчуудын хоолойны цар хүрээ тал нутаг шигээ уудам байдаг. Танай улсын мэргэжлийн багш нар ямар хүмүүс байдаг бол” гэж ихэвчлэн асуудаг.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Монгол Улсынхаа болон аавынхаа нэрийг сэвтээхгүй юмсан л гэж боддог. Мөн дэлхийн томоохон театруудад тоглож, дуу хоолойгоо үзэгчдэд хүргэхийг хүсдэг.

-Эх орондоо та ямар үед ирэхийг хүсдэг вэ?

-Хүссэн үедээ л очно. Сайн ч бай, муу ч бай Монгол гэдэг миний эх орон. Ялангуяа зуны улиралд очиж, уул усандаа залбираад буцдаг.

-Уртын дуу дуулах сонирхолтой юу?

-Сонирхолтой. Монгол уртын дуу гэдэг бол энэ ертөнцийг бүхлээр нь агуулсан өвөг дээдсийн үлдээсэн үнэт өв. Тиймээс би дуурьд гарахаасаа өмнө уртыг дууг нэг сайхан аялахаар хийморь сэргэх шиг болдог.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүн дуучин мэргэжилтэй. Бид хүү, охин хоёртой.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.

  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Энхбат: Би Монгол Улсынхаа болон аавынхаа нэрийг сэвтээхгүй юмсан л гэж хичээж ажилладаг  
Үзсэн: 3867 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй