Шууд Chart

Австралид вирусний халдвар авсан тохиолдол 1700 давжээ

2020-03-25 12:12:13

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Австрали Улсаас манай тусгай сурвалжлагч О.Оюунцэцэг мэдээ ирүүллээ. Гуравдугаар сарын 24-ний мягмар гарагийн өглөө Шинэ Өмнөд Вэльс мужид коронавирусний 818 тохиодол бүртгэгдэж, нэг өдрийн дотор 149 шинэ тохиолдол нэмэгдлээ. Одоогийн байдлаар Австралид коронавирусний халдвар авсан тохиолдол 1700 давсан, 8 хүн нас барсан, 100 орчим хүн бүрэн эдгэж эмнэлгээс гарсан байна. Гуравдугаар сарын 20-ны 21:00 цагаас эхлэн түр визтэй буюу аяллын, боловсролын, ажлын болон мэргэжилтэн гэх мэт түр хугацаагаар оршин суух визтэй хэнийг ч Австралийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Ингэснээр тус улсын хилээр зөвхөн Австралийн иргэн, байнгын оршин суугч болон Шинэ Зеландын иргэд орох боломжтой болж байна. Коронавирусний халдварын үед авах эдийн засгийн алхмуудын тухайд Австралийн томоохон банкнууд орон сууцны зээлийн төлөх хугацааг 6 хүртэлх сараар хойшлуулж байна. Коронавирусний тархалттай энэ эмзэг үед Австралийн Засгийн газраас иргэддээ ажилтай байлгах, Жижиг дунд бизнесээ дэмжих зорилгоор 84 тэрбум доллар төсөвлөлөө.

Анх 17 тэрбум гаруй долларыг Моррисоны Засгийн газар төсөвлөж байсан боловч нөхцөл байдалдаа тохируулан ийнхүү нэмэгдээд байна. Одоогоор 2 сая гаруй Австраличууд ажилгүй болсон бөгөөд ихэвчлэн үйлчилгээний ажил хийдэг хүмүүс болон цагийн ажилчид байна. Ажилгүй болсон хүмүүс 2 долоо хоногт 1100 Австрали долларыг ажилгүйдлийн тэтгэмж хэмээн авах болно. Мөн Австралийн 6.8 сая хүнд 750 долларын тэтгэмжийг нэг удаа өгч байна. Энэ нэг удаагийн тэтгэмжийг жирэмсэн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийнхэнд олгохоор болжээ. Энэ их бэлэн мөнгө тараалт, халамжийн бодлогыг зарим топ эдийн засагчид эсэргүүцэж байгаа юм байна. /2020.03.24/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид вирусний халдвар авсан тохиолдол 1700 давжээ  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй