Шууд Chart

ХБНГУ-д оюутан залуусыг байрнаас нь гаргасан, хөөж байна гэх ташаа мэдээлэл цахим орчинд тарж байна

2020-03-25 12:21:15

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Шинэ төрлийн коронавирус Герман Улсад хурдацтай тархаж өнөөдрийн байдлаар нийтдээ 26 мянга гаруй хүн халдвар аваад байна. Бүрэн эдгэрсэн 270 орчим тохиолдол байгаа ч, нас барсан хүний тоо 100 даваад байна. Герман Улсын Засгийн газар хөл хорио тогтоогоогүй боловч өчигдрөөс өндөржүүлсэн арга хэмжээг муж улс даяар хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд нэг гэр бүлийн гишүүд биш бол олон нийтийн газар, гудамжаар хоёроос дээш хүн хамтдаа явахыг хориглох, олон нийтийн газар бие биеэсээ доод тал нь 1.5 метрийн зай барих, олон нийтийн газар болон гэртээ бөөнөөр цуглаж баярлаж цэнгэх, хувийн уулзалт цуглаан хийхийг хориглолоо.

Энэ хоригийг зөрчсөн тохиолдолд өндөр хэмжээний торгууль оноож хариуцлага хүлээлгэхээр болж, энэ хоригийг өнөөдрөөс эхлэн доод тал нь 2 долоо хоногийн хугацаатайгаар мөрдөнө. Германд вирусний эсрэг тестийг зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд үнэ төлбөргүй хийнэ. Иргэн өөрөө зайлшгүй хийлгэх хүсэлттэй нөхцөлд даатгалд хамрахгүй тул хувиараа мөнгө төлж хийлгэхээр журамлажээ. Тест хувиараа хийлгэх үнэ хот, мужаас шалтгаалан 150-200 еврогийн хооронд хэлбэлзэж байна. Эмнэлгийн ачааллаас шалтгаалан хүлээх хугацаа 6 цаг хүртэл, хариу гарах хугацаа 5-6 цаг, цаашлаад 12 цаг хүртэл хүлээгдэж байна. Мөн энэ долоо хоногт Холбооны Засгийн газраас айл өрхийн болон ААН-үүдийн түрээсийн төлбөрөө барагдуулаагүй удсан нөхцөлд түрээслэгчээс гэрээг цуцлахыг хориглох хуулийг батлуулахаар өргөн бариад байна.

Энэ журмыг өнөөдөр муж улсын Засгийн газрууд, 3 дахь өдөр Холбооны Засгийн газар хэлэлцэн дэмжсэн нөхцөлд дөрөвдүгээр сараас 8 сар хүртэл мөрдөх юм байна. Оюутан залуусыг байрнаас нь гаргасан, хөөж байна гэх мэдээлэл цахим орчинд тарж байгаа нь ташаа мэдээлэл гэж манай сурвалжлагч мэдээндээ дурдсан байна. Харин Монголоос ажлын шугамаар болон аяллаар зорчиж яваад саатсан иргэдийн хувьд аяллын эрүүл мэндийн даатгалаа хүчинтэй байлгах, сунгуулах, тус вирусээр өвчилсөн тохиолдолд даатгалд хамрах эсэх талаар тодорхой бус байдал шинээр үүсч байна./2020.03.24/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ-д оюутан залуусыг байрнаас нь гаргасан, хөөж байна гэх ташаа мэдээлэл цахим орчинд тарж байна  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй