Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Хойд ээждээ хайртай

2020-03-25 17:13:37

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

 Дундговь аймгийн Баянжаргалан сумын Моломжамцийн нэрэмжит 9-н жилийн сургуулийн 9А ангийн сурагч Э.Мөнгөн-Өлзий ээж Р.Отгонбаатартаа

ХОЙД ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ           

Ачлал буян нэхдэггүй амьд бурхан гэж байдаг тэр бол ээж. Ээж болох хувь заяа эмэгтэй хүн бүрт заяадаггүй  ч,  ээж болох хувь тохиосон эмэгтэй хүнд төрүүлсэн үр хүүхэд нь амьдралд тохиох хамгийн том бэлэг, аз жаргал нь байдаг. Тиймээ ээжээ та минь миний хамгийн том аз жаргал шүү.

Аав минь намайг эхийн хайраар дутаахгүй гэсэндээ эгэл даруухан, ажилч, хичээнгүй тантай ханилж, намайг сайхан ээжтэй бас инээд хөөр цалгисан гурван сайхан дүүтэй болгосон. Тиймээс би юугаар ч дутахгүй бүтэн гэр бүлтэйгээ сайхан амьдрах болсон.

Санаж байна уу? Ээжээ!  би таныг анх аавтай ханилах гэж байхад чинь Отгонбаатар ээж ээ! гэж дуудаад мөөмийг чинь барьдаг байсан. Одоо ч гэсэн тандаа үнсүүлээд, тэврүүлэхэд үнэхээр гоё байдаг шүү.

Ээжтэйгээ өдөр болгон хамт амьдардаг мөртлөө ээждээ яагаад захиа бичмээр санагдсан гэхээр Намайг хөдөө байхад гэнэт утас дуугарч төрүүлсэн ээж яриад төрсний гэрчилгээг минь авч алдарт эх болмоор байна гэхэд,  миний дотор нэг л сонин болсон. Тэгээд би гэрчилгээгээ тэмцээнд явж байгаад алга болгочихсон гээд хэлчихсэн. Тэгсэн чинь та өгөөд явуулцан байх юм. Би бодохдоо 4 наснаас минь намайг өсгөж,  хайрлаж,  намайг юугаар ч дутаагаагүй та минь л Алдарт эх болох ёстой гэж бодсон. Төрүүлсэн ээж, аав бид 2-ыг орхихдоо 2 ой гарантай намайг яаж хүн болог гэж бодож хаясан бол гэж заримдаа боддог.  Харин ч би азтай юмаа. Та минь намайг тэр хүнээс илүү хайрлаж, би таныхаа хайранд жаргалтай өсөж байгаа. Бас би таниас төрсөн бол яаг таныг дуурайсан хөөрхөн байх байсан даа.  

Хүн бүрийн ээж хүүхдүүддээ хамгийн сайн нь, сайхан нь, ухаалаг нь байдаг. Харин миний ээж надад хүн хүний дээд, юм болгоны дээж нь, хамгийн шилдэг, ухаалаг, найрсаг хатагтай. Бүхнээс илүү гэрэл цацруулсан  аз жаргал минь юм. За за охин нь таньдаа амлаж байна аа. Заавал сайн хүн болж таныгаа баярлуулна. Бас тэр алдарт эхийн одонгоос илүү алдар нэр зүүлгэж чадахгүй ч, та миний хуриманд минь  ирэх ганцхан ээж минь шүү.  

Бүх хүнээс илүү намайг олгож хайрладагт тань баярлалаа ээжээ

ТА МИНИЙ ЖИНХЭНЭ ЭЭЖ...


Ээждээ бичсэн захидал: Хойд ээждээ хайртай  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй