Шууд Chart

Бусад улс, орнууд "COVID-19" вируст халдварын тархалтын эсрэг...

2020-03-27 11:05:04

ӨМНӨД СОЛОНГОС ХӨЛ ХОРИОНЫ ТАЛААРХ “АПП”-ИЙГ  УТСАНДАА СУУЛГААГҮЙ ИРГЭДИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Бусад орнуудын адилаар Өмнөд Солонгос улс гадаадаас ирж байгаа бүх иргэдийг 14 хоногийн хугацаанд хөл хорионд байхыг шаардаж байгаа. Тухайн иргэн шаардлагын дагуу өөрийгөө тусгаарлаж байгаа эсэхийг утасны тусгай аппликейшны тусламжтайгаар хянах юм. Энэхүү апп-ийг утсандаа суулгаагүй иргэд Өмнөд Солонгос уруу нэвтрэхгүй гэдгийг анхааруулжээ. Тус улсад 9241 хүн "COVID-19"-ээр өвчлөөд байна.


ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ТУСГАЙ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛНА 

Япон улсын засгийн газар шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотой яаралтай арга хэмжээг авах зорилго бүхий тусгай комиссыг байгуулахаар ажиллаж байна. Энэ үйл явдал нь үндэсний хэмжээнд онц байдал зарлахад ойрхон буйг илтгэж байна гэж  олон улсын зарим хэвлэл мэдээлжээ.  Гэхдээ Японы Эдийн Засгийн Сайд  засгийн газар одоогоор  онц байдал зарлах талаар төлөвлөөгүй байгаа гэдгийг хэлжээ. Японд халдвар авсан хүний тоо 1300-д хүрээд байна.


“COVID-19"-ИЙН ХАЛДВАРЫГ АВСАН ХАМГИЙН ӨНДӨРТЭЙ НАС ЭМЭГТЭЙН БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ БАЙНА  

Өмнөд Солонгос улсад өдгөө 97 настай эмэгтэй шинэ коронавирусний халдварыг авчээ. Гэхдээ "COVID-19"-ээр өвчилсөн хамгийн өндөртэй настай эмэгтэйн биеийн байдал сайжирч байгаа эерэг мэдээг Ёнхап мэдээллийн агентлаг дамжуулжээ. Үүнээс өмнө 100 настай эрэгтэй коронавирусээр өвчилж, эдгэсэн тохиолдол Хятад улсад гуравдугаар сарын эхээр бүртгэгдэж байсан юм.


ОХУ-Д БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААНД ЗОГСООНО

Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор ОХУ-д бизнесийн үйл ажиллагааг ирэх ням гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 05-ыг хүртэл түр хугацаанд зогсоохоор болоод байна. Харин засгийн газрын агентлаг, эмнэлэг, эмийн сан, банк,  жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүд болон нийтийн тээврийн үйлчилгээ хэвээр явагдана гэдгийг Оросын ерөнхийлөгч хэлжээ. Орос улсад нэг өдрийн дотор 100 гаруй хүн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Голдуу Итали болон Европын орноос ирж буй иргэдээс халдвар илэрч байна.


АНУ-Д КОРОНАВИРУСНИЙ ХАЛДВАРЫН ТОО ӨДӨРТ 10000-ААР  НЭМЭГДЛЭЭ

АНУ-д нэг өдрийн дотор 17 мянга гаруй хүнээс "COVID-19" илэрсэн байна. Америкийн бүх мужид халдвар бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 86 мянгад дөхөж байгаа бол 1200 гаруй хүн нас баржээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бусад улс, орнууд "COVID-19" вируст халдварын тархалтын эсрэг...  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй