Шууд Chart

Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа

2020-03-29 08:53:34

Улсын Онцгой комиссын 2020 ны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан COVID-19-ийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргасан.

Үүнд:

- ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс найм хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.  Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны  350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

- 2020 оны дөрөвдүгээр сарын 02, 04-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020 оны дөрөвдүгээр сарын 03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина.  Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана.

- Сөүл, Токиогоос захиалгат нислэгээр ирэх иргэдийг нэг бүрээр нь тусгаарлан байрлуулах саналыг Эрүүл мэндийн сайд гаргасныг Улсын Онгцгой комиссын гишүүд дэмжиж,  тусгаарлах байрны нөөцийн талаарх дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгааг гаргаж танилцуулахыг УОК-ын шуурхай штабд даалгав. Мөн тус судалгаанд тулгуурлан дараагийн захиалгат нислэгүүдийг төлөвлөхөөр болсон байна.


Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй