Шууд Chart

“Хайр өвтгөдөггүй”

2020-03-29 12:37:46

Аав минь надад үргэлж хайртайгаа, ээж минь үргэлж аз жаргал баяр хөөрөөр бялхаж явах учиртайг хэлнэ. Би аавынхаа удам залгах хүү, ээжийнхээ эрэлхэг ухаантай хүү. Харин эгч үзэсгэлэнтэй, эрх ялдам охин нь...

Би аавдаа, ээждээ, эгчдээ хязгааргүй их хайртай. Тэд минь миний амьдралын утга учир.

Аавыгаа олон хоногоор ажилд явахад нь дургүй. Гэр эзгүйрээд цаанаа л нэг гунигтай. Ээжийг нэг хоног л эзгүй байхад би өлсдөг, даардаг бас санадаг. Эгч байхгүй бол уйдаад сэтгэл санаа цаанаа л гунигтай.

Ямар азаар би ийм сайхан хүмүүсийн хайран дунд бялхаж амьдардаг юм бол доо. Бид жижигхэн зүйлсээс ч аз жаргал мэдэрдэг болохоор тэр юм болов уу?

Аав хааяа хоол хийхдээ бүтэлгүйтнэ. Ээж тэрийг нь хоол хийхийн өмнө дандаа сануулна. Ханиа, чи хоол хийхдээ ёс юм шиг заавал нэг бүтэлгүйтдэг шүү гэж ирээд л... Аав хэд хоногийн өмнө хоол хийж байгаад унтчихсан байсан. Тэгээд хоол нь түлэгдээд бид нар бараг л нүүрстэй хоол идсэн. Тэрний өмнө хоолоо буцалгаж байх зуураа дэлгүүр явахад шөл нь дэврээд гэрээр нэг хиншүү болж орой нь унтаж чадахгүй хоолой хорсож байсан. Мөн ч хөгжилтэй дөө.

Би бас аав шигээ бүтэлгүй ээ. Хэрвээ намайг ганцааранг маань дэлгүүр явуулвал би бас бүтэлгүйтнэ. Өчигдөр дэлгүүр явахад ээж зөндөө юм захисан. Түүнээс болоод шар будаа авчрахаа, тэрний урд нь хариултаа авахаа мартчихсан. Харин бүүр өмнө нь барьж байсан талхныхаа мөнгийг нь өгөлгүй явчихсан байсан.

Аав намайг алдаа гаргавал дахин алдаа гаргахгүй байхыг, ээж яагаад алдсаныг тайлбарлаж, харин эгч сэтгэл санаагаар унахгүй байж, аливаад анхаарлаа төвлөрүүлж байхыг зөвлөдөг. Харин би дахин алдаа гаргахгүйг хичээдэг.

Би телевиз, интернэтээр юм үзэж байхдаа “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг үгийг эхлээд ойлгоогүй. Тэгээд аав, ээж, эгч гурваасаа асуугаад маш сайн тайлбарлуулсан.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хохирогчдын 90 хувь нь эмэгтэй, 5 хувь нь эрэгтэй, 5 хувь нь хүүхэд байдаг гэдгийг сонсоод бүр их би маш ихээр гуниглаж, уйтгарлахын зэрэгцээ би юу хийж чадах вэ гэж бодсон.

Бодож бодож би хүчирхийллийг биш хайрыг өвлөж авахаа ойлгосон.

Хэзээ нэгэн цагт би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүнтэй таарвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж заавал тэр гэр бүлийн хүчирхийллийг таслан зосооно. Гэхдээ би Монгол Улсын айл, өрх, гэр бүл болгон хүчирхийллээс ангид байж аз жаргалтай байгаасаа гэж чин сэтгээлээсээ хүсэж байна.

Манайх хүчирхийлэлгүй гэр бүл. Би итгэж байна. “Хайр өвтгөдөггүй” гэдэгт.


“Хайр өвтгөдөггүй”  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй