Шууд Chart

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

2020-04-06 09:22:28

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр болно. УИХ нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдааныг цахимаар хэвийн явуулах техникийн бэлтгэлийг бүрэн хангаад байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулна.

УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана.

УИХ-ын Тамгын газар хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын хугацаанд сэтгүүлчид ажиллах түр цэгийг Төрийн ордны хоёрдугаар давхрын фойенд байгуулсан байна. УИХ-ын чуулган, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаа, хуралдаанаар хэлэлцсэн болон хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар тухай бүрд нь түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах бөгөөд УИХ-ын дэд дарга, гишүүд, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хэвлэл мэдээлэлд мэдээлэл, ярилцлага өгөхдөө зөвхөн энэ цэгийг ашиглахаар зохицуулсан аж.

Хэрэв УИХ-ын гишүүд тухайлсан хэвлэл мэдээллийн байгууллагад албан өрөөндөө ярилцлага өгөх бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн удирдлагад урьдчилан мэдэгдсэний дагуу тус хэлтэс болон  Төрийн ордны хамгаалалтын алба хамтран зохион байгуулах юм байна.

Мөн зайлшгүй шаардлагаар сэтгүүлчдийг заасан цэгээс бусад байршилд нэвтрүүлэх тохиолдолд үйл явдлын цаг хугацаа, оролцох сэтгүүлчдийн тоог урьдчилан товлож зохион байгуулах, хуралдааны танхимуудад цахимаар явагдах чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны  хуралдааны явцыг мэдээлж, сурвалжлах боломж, нөхцөлийг хангах зорилгоор Төрийн ордны нэгдүгээр давхрын сэтгүүлчдэд зориулсан өрөөг хүртээмжтэй ашиглуулах, уг өрөө болон хоёрдугаар давхрын фойенд нэмэлт төхөөрөмж байршуулах зэргээр хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордонд ажиллах боломжийг хангах арга хэмжээг Тамгын газар авч хэрэгжүүлэх аж.


УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй