Шууд Chart

Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

2020-04-06 17:54:05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн 40 гаруй улс оронтой Улаанбаатар хот ах, дүүсийн харилцаатай хамтран ажилладаг бөгөөд эдгээр хотуудтай "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож байгаа талаар дурдлаа.

Өнөөгийн байдлаар Нью-Йорк хотод халдвараар өвчлөгчдийн тоо хоёр дахин нэмэгдэж байгаа нь иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа учраас иргэдийг амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн ариун цэврээ сайтар хангахыг уриаллаа. Тэрбээр хэлэхдээ “Иргэдийг тоо баримтаар айлгаж, сэтгэл санаагаар зовоохоос илүүтэйгээр бодит мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан шуурхай авч ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Испани улсын Мадрид хотод 37 мянга гаруй иргэн өвчилж хөл хориогоо сунгасан бол БНСУ-ын Сөүл хотод халдвараар өвчлөгсөд эдгэрсэн ч дахин өвчилж байгаа мэдээлэлтэй байгаа аж. Харин ОХУ-д өвчлөлийн тархалт буурсан ч нас барсан иргэдийн тоо өндөр үзүүлэлтэй гарчээ. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг дагаж, иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангах нь нэн чухал байгааг дурдлаа.

Хотын Захирагч С.Амарсайхан "COVID-19" халдвараас үүдэж, иргэн аж ахуйн нэгжийн орлого тасарч эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа инженерийн байгууламж хариуцсан аж ахуйн нэгжүүдэд тог цахилгааныг тасалж, төлбөр тооцоо нэхэж иргэдэд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриаллаа.


Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ   
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй