Шууд Chart

Чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

2020-04-09 14:08:43

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 54.7 хувийн ирцтэйгээр “Их хуралдай” танхимд эхлэв.

УИХ-ын гишүүд нэгдсэн чуулганы цахим хуралдаанд “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас цахимаар оролцож байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 07-ны өдөр хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Их хуралдай” танхимаас нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулга хийсэн бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудпыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гишүүдээс гаргасан саналыг ажлын хэсэг анхаарч судлан, санал гаргасан гишүүдтэй ярилцаж ойлголцсоны үндсэн дээр бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 12 саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүн үг хэлэх эрхийг хасна” гэсэн зарчмын зөрүүтэй саналд цөөнх болохоо илэрхийлсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга С.Бямбацогт, төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан нар хариулт, нэмэлт тайлбар өгсөн юм. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийн үед Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг “5.5.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно.” гэж өөрчлөн найруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, М.Энхболд нар гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нар уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.7 дахь заалтын “заасан” гэсний дараа “болон Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль,” гэж нэмэх санал гаргасан нь дэмжигдэв. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 21.11 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлнэ” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхээр тогтов.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, М.Энхболд, О.Баасанхүү нарын саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг шуурхай хэлэлцэх талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр боллоо.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Г.Занданшатар, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлийн 63 дахь хэсгийг “Гишүүн товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудпаар гишүүний үг хэлэх эрхийг хасна” гэж өөрчлөн найруулах санал гаргасан нь 77.3 хувийн саналаар дэмжигдэв. Энэ санал дээр цөөнх болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн гишүүдээс гаргасан саналаар “Энэ хуулийн 5.5-д заасан онцгой нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно", “Нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар явуулна”, “Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан хуулиар зохицуулна” гэсэн агуулгатай хэсгийг төслийн зохих заалтад тус тус нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлийн 612 дахь хэсгийн 1 дэх өгүүлбэрийг “Санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулна" гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа нарын саналаар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 6 дүгээр зүйлд “Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардпагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно" гэсэн агуулгатай хэсэг нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхөөр болов.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Чуулганы хуралдааны дэгийн хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй