Шууд Chart

Р.Оюунчимэг: Баяраар хүмүүсийн захиалгыг хийсээр гэртээ бялуугүй болчих үе бий

2020-04-28 11:57:38

Манай сайт “Редакцын зочин” булангийнхаа шинэ дугаараар Fondant cake буюу гоёмсог хийц, хэлбэр дүрстэй бялуу “урладаг” Р.Оюунчимэг бүсгүйтэй яриа өрнүүллээ.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Р.Оюунчимэг гэдэг. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг жирийн л гэрийн эзэгтэй. Олон улсын бизнесийн дээд сургуулийн аялал жуулчлалын менежерийн ангид суралцаж байсан. Би захиалгаар бялуу хийгээд долоон жил болж байна.

-Таны хийсэн пүүзний хэлбэртэй бялууны зураг сошиал орчинд нэлээд тренд болсон. Анх удаа пүүзний хэлбэртэй бялуу урлав уу?

-Миний ээлжит захиалга байсан л даа. Урьд нь иймэрхүү хэлбэртэй бялуу хийе гэж боддог байсан ч чадах болов уу гээд зүрх хүрдэггүй байсан юм. Тэгсэн пүүзний хэлбэртэй бялууны захиалга орж ирэхээр нь өөрийгөө сорьж үзье гэж бодоод хийсэн. Захиалагч нь эмэгтэй хүн байсан. Эрэгтэй дүүдээ бэлэглэх гээд захиалсан юм билээ. “Ямар гоё бялуу хийгээ вэ. Дүү маань их баярлана даа” гэж хэлээд захиалгаа авсан.

-Та бялуу тэр дундаа fondant cake хийхийг анх хэрхэн сурсан бэ?

-“Sweet kitchen” фэйсбүүк группээс хоолны жор сонирхож байгаад fondant бялуу хийсэн хүн бялууныхаа зургийг оруулсан байхыг хараад үнэхээр алмайрсан. Маршмэллоу гэдэг элсэн чихрийн пудр өөрөөр хэлбэл зефиртэй төстэй нэг төрлийн нунтаг чихрээр хийдэг бялуу.

Тэр үеэс би ийм төрлийн бялуу хийж сурмаар санагдаад “Sweet kitchen” группийн бүх постыг нэг бүрчлэн ухтал “Уркагийн гал тогоо” гэдэг нэртэй сургалт явуулдаг эгч заадаг гэдгийг мэдээд сургалтад нь сууснаар ерөнхий анхан шатны мэдлэг олж авсан. Тэрнээс хойш гэртээ “юбүт”-ээс элдэв бичлэг үзэж, өөрийн гэсэн жор, арга барилаа олж авах гэж хэсэг дагаж дуурайж хийсэн. Би тавдугаар сарын сүүлээр сургалтад суусан. Харин аравдугаар сараас нь фэйсбүүкээс бялууны захиалга авч эхэлсэн. Учир нь захиалга авахгүй бол өөрийгөө дайчлахгүй, залхуураад бялуу хийхээ хойш нь тавиад байсан. Тиймээс шууд захиалга авч идэвхтэй бялуу хийе гэж шийдсэн л дээ.

-Анхны захиалагч нар найз нөхөд, танилаас чинь байв уу. Эсвэл танихгүй хүмүүс ихээр захиалсан уу?

-“Торт захиалга” нэртэй фэйсбүүк хаяг нээсэн чинь хүмүүс маш ихээр сонирхож захиалга өгсөн. Нэр нь ойлгомжтой болохоор хайлт хийвэл шууд гарч ирдэг байсан байх. Мөн мэдээж гэр бүл, найз нөхдийн хүрээнээс захиалга ирсэн.

-Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор хэр их бялуу хийв. Мөн хамгийн өвөрмөц хэлбэр хийцтэй нь ямар бялуу вэ?

- Ер нь захиалагч нар бялууныхаа хэлбэр хийцийг хэлдэг. Би захиалгынх нь дагуу аль чадахаараа адилхан хийх гэж хичээдэг.

-Мэдээж танай гэр бүл баяр ёслолоор дэлгүүрээс бялуу авдаггүй байх. Та гэр бүлийнхэндээ бүх л баярынх нь бялууг хийж өгдөг үү?

-Үгүй шүү(инээв). Загасчны морь усгүй гэдэг шиг л юм болдог. Хүмүүсийн захиалгыг хийсээр өөрсдөө хоосон, өөр газраас авах үе байдаг. Захиалга ихтэй, байнга л бялуу хийдэг болохоор гэрийнхээ бялууг хийнэ гэхээр жаахан залхуураад байдаг юм. Манай хэд намайг гуйж байж л бялуу хийлгүүлж иддэг. Fondant cake хийхэд цаг их ордог, ажиллагаа ихтэй хэцүү. Тиймээс захиалга ирээгүй үед сайхан амармаар байдаг.

-Та өөрийн цех, туслах ажилтантай юу. Мэдээж баяр ёслолын үеэр захиалга илт нэмэгддэг байх?

-Одоогоор гэртээ хийж байгаа. Манай дөрвөн хүүхэд бүгд бага насных. Тиймээс хүүхдүүдээ харангаа гэртээ бялуу хийх нь амар байдаг. Ганцаараа хийдэг учраас хэт олон тооны захиалга авчихлаар амждаггүй. Тиймээс өөрийн хийж амжих, чадах хэмжээнд цөөхөн захиалга авдаг. Баяр ёслолоор ч олон тооны захиалга авах жаахан дургүй ээ. Захиалга их аваад бялуугаа хийгээд ирэхээр гэр бүлийн баярын уур амьсгал байхгүй болчихдог юм. Гэрийн эзэгтэй нь завгүй өөр ажил хийгээд байвал нөхөр, хүүхдүүд яаж баярлаж амжих вэ дээ. Тиймээс олон нийтийн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр захиалгаа цөөлсөн нь зөв гэж боддог.

-“COVID-19 вирусний хөл хорионоос болж захиалгад чинь ямар өөрчлөлт оров?

-Эрс багассаан. Захиалга өгсөн хүмүүсийн ч захиалгаа цуцалсан. Ирсэн захиалга бүгд жижиг бялуу захиалж байгаа. Учир нь баяраа гадуур тэмдэглэх боломжгүй, гэртээ цөөхөн хүрээнд тэмдэглэх учраас том бялуу хэрэггүй болчихлоо гэдэг.

-Улаанбаатарт fondant cake хийдэг хэр олон нарийн боовны үйлдвэр, цех байдаг вэ. Мөн хэр олон гэрийн эзэгтэй бий бол?

-Над шиг гэрийн эзэгтэй нар олон байгаа. Үйлдвэр, цехийн тухайд сайн мэдэхгүй юм. “Бат байгаль”, “Жүр үр” хийдэг гэсэн. Гэхдээ бялуунуудыг нь харж байгаагүй.

-Fondant cake амт чанарын хувьд энгийн бялуунаас ямар ялгаатай вэ. Мөн таны хийдэг бялууны жор, үнэ цэнэ нь юундаа байдаг вэ?

-Харахад өвөрмөц чамин болохоос бусад бялуутай адилхан амттай. Гэхдээ хийж буй хүнийхээ жор, орц найрлагаас шалтгаалж, хэрэглэгч нарт амттай, амтгүй санагдах байх. Харин өнгө үзэмжийг нь чамин тансаг, өвөрмөц захиалагчийн хүссэн хийц, үзэмжээр хийх боломжтой. Fondant бялуу муухай гэсэн ойлголт зарим хүнд байдаг. Тухайн хүн хаанаас, ямар бялуу авч амталснаас л шалтгаалдаг байх. Одоо захиалгаар хийдэг хүн маш олон болсон болохоор сайн, муу нь бас байгаа. Үүн дээр нэмээд хэлэхэд, хувь хүмүүсийн хийсэн бялуу баталгаагүй гэх ойлголттой хүмүүс байдаг. Минийхээр хувь хүмүүс хэдэн өдрийн өмнөөс бялуу хийчихээд тэрийгээ зардаггүй. Учир нь хэн хэзээ ямар бялуу захиалахыг мэдэхгүй. Зөвхөн захиалга авч хийдэг учраас байнга шинэ бялуу хийж өгдөг. Би бол захиалгаа авах өдрийнх нь өмнөх өдөр л хийж эхэлдэг.

Мөн хэрэглэгчид ямар нэг зүйл таалагдахгүй бол шууд над дээр буух учраас хүн бүрт цоо шинэ, амт чанартай бялуу хийж өгөхийг хүсдэг. Захиалгаар хийдэг бусад хүмүүс ч надтай адилхан бодолтой байдаг байх.

 

-Хөл хорионы үеэр гэртээ байгаа гэрийн эзэгтэй нарт fondant бялуу хийх талаар заавар зөвлөгөө өгөөч?

-Надаас хүмүүс “сургалт хийдэг үү” гэж их асуудаг. Өнгөрсөн зун сургалт зохион байгуулж үзсэн. Сургалт хийх хэцүү санагдсан. Сургалтаа дуусчихаад сурагчид маань сурсан, ойлгосон болов уу. Өөрсдөө fondant бялуу хийж чадаж байгаа болов уу, би олигтой зааж чадаагүй бол яанаа гэж бодогдоод хэцүү юм билээ. Одоо хөл хорионы үеэр онлайн сургалт хийвэл хийдэг юм билүү гэж бодож байгаа. Гэхдээ хэр их хүн сонирхохыг мэдэхгүй байна.

Fondant бялуу хийхэд ажиллагаа ихтэй, цаг их ордог, тодорхой хэмжээнд авьяас шаарддаг болохоор хийж байгаа хүнийхээ зүрхийг мохоочихдог талтай. Сонирхож хийсэн хүмүүс нэг удаа хийгээд л дахин энэ төрлийн бялуу “урлах”-аа больчихдог юм шиг санагддаг. Үнэхээрийн хийж суръя гэсэн хүмүүс л уйгагүй оролдож байж сурдаг. Түүнээс зүгээр нэг сонирхож хийж байгаа хүмүүс дороо шантарна.

Миний хувьд гэр бүлийнхэндээ хийж өгөх гэж байгаа бол бусад төрлийн бялуу, амттанаас хийвэл амархан, хугацаа ч бага орно гэж зөвлөх байна. Мөн fondant бялуу хийх маш хэцүү болохоор сургалтад хамрагдаж, арга барил, жорыг нь сураад хийвэл тухайн хүндээ ч хялбар.

-Манай урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Мөн “Sweet kitchen” фэйсбүүк группийн админ Б.Тэмүлүндээ ийм гоё групп нээсэнд нь баярлалаа гэж хэлмээр байдаг юм. Би их юм сурсан болохоор хамгийн дуртай групп минь. Мөн “Bayan kitchen” фэйсбүүк пэйжийн админ Ундараадаа их баярлаж явдаг. Маш гоё энергитэй, надад их тус болж байсан тусч мундаг найз минь байгаа юм.





























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Р.Оюунчимэг: Баяраар хүмүүсийн захиалгыг хийсээр гэртээ бялуугүй болчих үе бий  
Үзсэн: 2829 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй