Шууд Chart

Д.Номундалай: Бурхан багш зовлонг ялж, амар амгаланд хүрэх арга замыг хүн төрөлхтөнд амьдралаараа үлгэрлэсэн

2020-05-18 08:37:45

Энэ удаад “Редакцын зочин”-оор “Жавзандамба хутагт” төвийн лам Д.Номундалайг урилаа. Түүнтэй 2013 оноос хойш Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлж буй “Өвчтөний сэтгэлийг асрахуй” төсөл болон Бурхан багшийн сургаал, номлол, Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдэд хүрч буй “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит киноны талаар ярилцсан юм.

-Юун түрүүн манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та анх хэдэн настай бурхны шавь болж байв?

-Би бурхны шашинтай гэр бүлд төрж, өссөн. Манай дээд үеийн хүмүүс дунд олон сайн лам байсан юм билээ. Мөн миний ээж машид их сүсэг бишрэлтэй. Тиймдээ ч бага байхаас минь намайг ринбүүчи багш нар сүнчой номоо хурах үест гандан хийдээр дагуулж явдаг байлаа. Тэгэхээр бага балчир нас минь бурхны шашинтай их ойр өнгөрсөн байгаа биз.

Харин миний лам болсон эх үндэс гэвэл хүүхэд байхдаа хүнд өвдсөнөөс эхтэй. Тухайн үед намайг номтой лам руу авч очиход тэр лам бурхны ном уншиж өгөөд, миний бие ч тэр шөнөдөө бүрэн эдгэрсэн. Ингэж л би хамгийн анх бурханд, бурхны номонд итгэсэн. Дараа нь 2000 онд Энэтхэгээс Монгол Улсад сууж байсан Элчин сайд Бакула ринбүүчи лам болох сонирхолтой хүүхдүүдээс шалгаруулалт авна гэдгийг ээж олж дуулаад намайг шалгуулж, би ч тэнцэж лам болсон доо. Одоо яг 20 жил өнгөрч.

-Бакула ринбүүчи бурхны шавь болох хүүхдүүдийг ямар шалгуураар сонгосон бэ?

-Уг нь миний бага нас хурдан морины нуруун дээр өнгөрсөн. Хээр азарга, бор морь гэсэн хайртай хоёр хүлэгтэй байлаа. Тэгсэн 13 нас хүрдэг жил улсын наадмын морьдыг тойргоор уралдуулах шийдвэр гарч, морины хүүхдүүд анх л удаа ийм уралдаанд орж байгаа юм хойно гараанаас 50 км давхиад маш олон азарга үхсэний нэг нь миний унаж уралдсан хайртай хээр морь минь. Ингээд дууссангүй хөдөөнөөс хотод орж ирсэн улаан хацартай, бакал гуталтай бор хүү А.Сүхбат аваргын Улсын арслан цолны найран дээрээс бор морио хулгайд алдаад сэтгэл хов хоосон болчихсон. Хөдөөгүүр одоо ч малын хулгай их байдаг юм билээ. Би хааяа хөдөө гадаа явна. Очсон газрын хүмүүс “Малчдад хамгийн их аюул учруулж буй дайсан нь “сүүлгүй чоно” буюу малын хулгайч нар” гэж хэлдэг. Ер нь хулгай гэдэг зүйл Монголд хот, хөдөөгүй л байна. Уг нь монголчууд бид чинь хулгайч ард түмэн биш шүү дээ.

Буцаад лам болсон яриа руугаа оръё. Сэтгэл хоосон оргисон наадмын тэр өдөр ээж надад “Энэтхэгийн их том мундаг лам хүүхдүүдээс шалгалт авч байгаа гэнэ. Чи цээж сайтай юм чинь сайн лам болно” гэж хэлсэн нь тухайн үед надад бурхны аврал шиг л санагдсан. Би яагаад энэ бүхнийг яриад байна вэ гэвэл Буддын шашинд магад гарахын сэтгэл төрж гэмээнэ тойн хувраг(лам) болох ёстой гэж байдаг юм. Миний тухайд хайртай морьд минь нэг нь уралдааны үеэр үхэж, нөгөөг нь шөнө уян дээрээс хулгайд алдсанаас маш их шаналсан. Тэгээд хүүхэд байхад гандан хийдэд багш нарын ярьж байсан хорвоо хуурамч гэж хэлж байсныг санасан. Одоо бодох нь тухай үеийн тэр үйл явдлууд лам болоход нөлөө үзүүлсэн байх нь.

-Энэтхэгээс Монгол Улсад сууж байсан Элчин сайд Бакула ринбүүчиг нутаг буцахад нь та сурахаар хамт явсан уу?

-Би Энэтхэг яваагүй. Элчин багш маань Бэтүб хийдээ байгуулчихсан байсан үе л дээ. Бэтүб гэдэг нь монгол хэлээр үлгэр жишээ гэсэн үг. Багш маань нутаг буцахынхаа өмнө Монгол оронд өөрийн хөрөнгөөр энэ үлгэр жишээ хийдээ байгуулж, шалгуурт тэнцсэн хүүхдүүд эх орондоо төвд, ладак багш нараар ном заалгасан.

-Таны зам мөр “Жавзандамба хутагт” төв, гавж Д.Нямсамбуу багштайгаа хэрхэн холбогдов?

-Гавж багш бол энэ цагийн шалгарсан мэргэдийн нэг, өрнө, дорнын философийн ухаанд нэгд нэгэнгүй нэвтэрсэн хүн. Ялангуяа энгийн хүмүүст буддизм(бурхны шашин)-ыг ойлгуулах тал дээр гавж багшийг гайхан биширдэг.

Мөн зовж зүдэрсэн зон олонд нийгэм хүмүүнлэгийн ажлыг үнэн зүрхнээсээ энэрэн хайлж хийдэг нь надад маш гүн бишрэл төрүүлсэн. Энэ үйлсэд нь туслах юмсан, энэ сайхан эрдэмтэй хүн шиг болох юмсан хэмээн Жавзандамба төвийн хурал номонд сууж, номын ачийг нь хүртэж шавь нь болсон юм.

Анх 2013 онд Жавзандамба төвийн болон ХБНГУ-д мэс заслын эмчээр ажилладаг Т.Тэрбиш түүний дүү хуульч Т.Алтангэрэл нарын буянтнууд Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж буй өвдсөн зовсон, сэтгэлээр унасан, ар гэр, эргэлт муутай хүмүүст туслах “Өвчтөний сэтгэлийг асрахуй” төслийг санаачилсан. Ийн ХСҮТ-д ажиллах лам нарын сургалтыг Бэтүб хийдийн Найдан уламжлалт эмнэлгийн эмч Д.Ганзориг, гавж багш, Их хөлөгний уламжлалыг хадгалах төвийн ани(эмэгтэй лам) нар явуулж, би ч тухайн үед мэргэжлийн боловсон хүчин болон бэлтгэгдэн онол, практик хосолсон сургалтад сууснаар “Өвчтөний сэтгэлийг асрахуй” төсөлд ажиллахаар болсон.

Ийн Шашны их сургуульдаа болон ачит багш нараасаа сонссон бага сага мэдлэгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирсэн нь энэ юм. Анх ХСҮТ-д ажиллахад хэцүү үе их байсан. Хавдраар өвдсөн хүн үгээр хэлэхийн аргагүй зовдог. Зарим өвчтөний үнэр танар, нас нөгчих мөч, талийгаачийн тэргүүн дээр хонх цохин эцсийн замд үдэх, ар гэрийнх нь хүмүүсийн зовлон шаналал энэ бүхэн амар байгаагүй. Тэр үед надад ганцхан зүйл л хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Тэр нь юу вэ гэвэл бодь сэтгэлийг аль чадахын хэрээр өөртөө төрүүлэхэд суралцах хэрэгтэй гэж. Жаахан ч гэсэн нигүүлслийн сэтгэлийг төрүүлээд ирэхээр айх эмээх, сэжиглэх сэтгэлүүд алга болдог. “Би ч гэсэн өвдвөл яах вэ?”, “Хорвоо галт гуу жалга мэт сана”. “Хүний амь гэдэг усны хөөс мэт хэврэг”. Миний сурсан номонд урьд төрөлдөө эх болоогүй амьтан байхгүй гэж гардаг. Тэгвэл өвдсөн нэгэн өмнөх аль нэг төрөлдөө миний ээж болж явсан гэж бодохоор өөрийн эрхгүй тусалмаар санагддаг.

-Та ХСҮТ-д  долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт очиж, хими, туяа эмчилгээ, мэс засал, хөнгөвчлөх болон яаралтай тусламжийн тасгийн өвчтөнүүдийг сэтгэл зүйгээр асраад долоон жилийн нүүрийг үзжээ. Бүр танд зориулан туяа эмчилгээний тасгийн сувилагчийн постны хавьд жижиг өрөө гаргаж өгсөн юм билээ. Та болон өвчтөнүүдийн хооронд ямар яриа өрнөдөг вэ?

-Манай төслийн нэрнээс авахуулаад л ойлгож байгаа байх. Бид хүмүүсийн сэтгэл зүйд тусалдаг. Сэтгэлийн өглөг өгдөг. Энэ өглөгийг өгөхөд өглөгийн орон буюу нөгөө хүн ямар байдалтай байна тухайн нөхцөлөөс шалтгаалан яриа үүснэ. Түүнээс яг тэгнэ ингэнэ гэж хэлэхийн аргагүй. Зарим үед үүрээр л нөгөө хүнийг сайн сонсох хэрэг гарна. Эсвэл хамтдаа залбирна, бурхны ном уншина зөвлөгөө өгч харилцан ярилцана. Шашин ном, нутаг ус ч ярих үйл явц болдог. Ер нь ямар яриа өрнөхийг хэлэхийн аргагүй юм даа.

Хамгийн гол нь тухайн өвчтөнд таарсан аргаар энэ хорвоод төрсөн л бол өвдөнө, бүх юм мөнх бус хувьсан өөрчлөгддөг. Тэр өөрөөс нь хамаарна гэсэн буддизмийн тулгуур ойлголтуудыг тэг дундуур нь ойлгуулах хэрэгтэй байдаг.

-Таны асарч байсан өвчтөн дунд санаанаас тань гардаггүй ч юм уу бусад хүнээс онцгой содон хүн таарч байв уу?

-Өвчтөнүүд дунд гадаад хүмүүс ч байсан. Хүүхдүүд л харахаар хэцүү байдаг юм. Гэхдээ юм гэдэг сонин. Найдваргүй болсон өвчтөн хөнгөвчлөх тасгаас гараад эмчилгээгээ хийлгээд 10 жил амьдарсан нь бий. Тэгсэн эрүүл саруул хэрнээ автын осолд орж нас барж байгаа ч хүн байна. гэж бодогддог.

-Та хүүхэд ахуй насандаа хайртай морьдоо алдаад хорвоо хуурамч гэдгийг таньж мэдсэн бол, ХСҮТ-д ажиллаад нүдээр харж санал нийлжээ. Тэгвэл таны ажлын нэг том зорилго хорвоо хуурамч гэдгийг өвчтөнд хэлж, ойлгуулах гэж ойлгож болох уу?

Би одоо ч таньж мэдээгүй, суралцаж л байна. Хавдраар өвдсөн хүн өөрийгөө “яагаад заавал би” хэмээн бодоод өвдөхөөс илүү хохирогч болсон мэтээр сэтгэл нь шаналдаг юм шиг байгаа юм. Миний өвчтөнүүдэд ойлгуулах хамгийн чухал зүйл бол үйлийн үр. Хүн үйлийн үрийн эрхэнд байдаг. Гэхдээ үйлийн үр гэдэг зүйлийг өөрчлөх боломж өөрт байдаг учир яг одооноос ухамсарлах нь чухал гэдгийг ойлгуулах. Дэлхийн хамгийн баян хүн Стив Жобс хүртэл хавдраар өнгөрлөө шүү дээ. Гэхдээ баттай, ноттой зүйл хэлэхгүйгээр хорвоо хуурамч гээд зүгээр л яриад цаад хүн ч ойлгох хэцүү. Үүнийг сууриар нь сайн судалж, эргэцүүлэн бодсоны эцэст үнэхээр л тийм юм байна гэж ойлгох. Тэгвэл юу үнэн юм, хорвоо буюу амьдралын жинхэнэ үнэн хаана байгаа. Бид юуны төлөө хорвоод амьдардаг вэ. Амьдралын жинхэнэ утга учир яг юу юм гэсэн асуултын хариултыг буддизм надад ойлгуулж өгсөн. Аливаа зүйлийг ойлгосон төдийгөөр мэдчихлээ гэх хэцүү л дээ. Хамгийн гол нь нигүүлслийг өөртөө эзэмшүүлэх, дадал болгох л чухал байгаа юм. Одоо ч хорвоо шуналын эрхэнд, үйлийн үрийн эрхэнд байна. Үйлийн үр сэтгэлийн эрхэнд байдаг.

Бурхан багш “1000 жил үнэнийг танихгүй амьдарсан мөчөөс нэг хоромд үнэнийг ухаарсан амьдрал үлэмж илүү” гэж айлдсан байдаг.

-Хүмүүс үйлийн үр гэхээр дандаа зовлон боддог?

-Үйлийн үр гэдэг нь сайн муу бүх зүйл, үйл түүний үр дүн. Жаргал ч үйлийн үр. Яагаад хүмүүс зовлон бодоод байдаг вэ гэхээр таагүй зүйл тохиолдоход “энэ яасан үйлийн үртэй юм бэ дээ” гэж ярьсаар байгаад үйлийн үр гэдэг чинь зовлонг л гаргадаг зүйл юм байна хэмээн ташаа ойлгогдог. Үйлийн үрийн сургаал бол аз жаргалд хүргэх ёс суртахуун, ёс зүйн хамгийн том онол. Мөн үйлийн үр гэж юу юм бэ гэхээр үүнийг Бурхан багш зохиочихоод хүний жаргаж, зовохыг шийдээд байгаа зүйл биш. Үйлийн үр гэдэг нь нэг ёсондоо байгалийн хууль, амьдралын зүй тогтол. Энэ зүй тогтлыг хүмүүс тайлбарлаж чадахгүй, ойлгохгүй байсныг Бурхан багш Үйлийн үрийн сургаал, онолоороо ойлгуулж тайлбарлаж, өгсөн.

-Монголд сүүлийн үед хулгай дээрэм, хүчирхийлэл бүр аюултай гэмт хэрэг ч чих дэлсэх боллоо. Энэ бүхэн хүн өөртөө нигүүлсэл эзэмшээгүйгээс улбаатай үйлдэгдэж байна гэж тайлбарлаж болох уу?

-Яг тийм. Бүх муу муухай зүйл амин хувиа бодох, бүх сайн сайхан зүйл бусдын төлөөх сэтгэлээс урган гардаг.

-Та Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч буй “Бурхан багш” киног өмнө нь үзэж байв уу. Энэ кино үзэгчдэд хүрч эхлээд удаагүй байхад та фэйсбүүк орчинд “Бурхан багш кино сонирхогчид” групп нээсэн байсан.

-Өмнө нь өөр орны хэл дээр үзсэн ч бүтэн үзэж, дуусгаж чадаагүй ээ. Миний хувьд МҮОНТ “Бурхан багш” Энэтхэгийн олон ангит киног гаргаж байгаад маш их баяртай байгаа. Түүхийг бага сага судалдаг хувь хүний хувьд хэлэхэд Бурхан багш зовлонг ялж, амар амгаланд хүрэх арга замыг хүн төрөлхтөнд амьдралаараа үлгэрлэн харуулсан, төгс амьдралын хэв маягийг үлгэрлэгч багш юм. Энэ хүнийг одоогийнхоор хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, ардчиллын анхдагч хүн сүргийн манлай, бусдын аз жаргал сайн сайхны төлөө үнэнийг хайсан түүнийгээ олсон эрэлчин, хүн бүхэн гэгээрэх боломжтойг хэлж ухааруулсан багш зэргээр өөрийнхөөрөө уртаас урт нэрээр нэрлэмээр байвч судар номонд ялж төгс гэгээрсэн, дайснаа дарсан, үнэнээр туулсан хэмээн нэрлэдэг.

Ялсан гэдэг нь бүх муу сэтгэлээ ялан дийлснийг нь хэлж байгаа юм. Мөн  гэм бүхнийг дарж, эрдэм бүхнийг эрхшээсэн хэмээн тэмдэглэн үлдээсэн. Өнөө ч хүн төрөлхтөн сайн сайхан нийгэм бий болгох гээд хичээж байна. Энэ зөв үү гэвэл яахын аргагүй зөв. Гэхдээ нэг алдаа байгаа нь гадна талаасаа материаллаг зүйлээр аз жаргалыг бий болгох гээд хэт туйлшраад байна. Харин Будда үүний чанх эсрэг буюу хүн жаргал, зовлонг дотоод сэтгэлээрээ мэдэрдэг тул дотоод сэтгэлдээ хувьсгал хийх хэрэгтэй, шунал тачаал, уур мунхгаа асрал нийгүүсэл, ёс суртахуунлаг байдлаар ялан дийлж гэмээнэ хүний нийгэмд аз жаргал ирнэ гэсэн. Ийм л амархан зүйлийг хүн төрөлхтөнд санал болгосон. Өөрөө ч тэр замаараа замнан сургаал номлолоороо дамжуулан бидэнд жинхэнэ үнэн, аз жаргалыг заасан гэж би боддог.

-Тэгэхээр таныг “Бурхан багш” олон ангит кинонд маш өндөр ач холбогдол байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Яагаад гэвэл шударга хэлэхэд өнөөдөр монголчууд бидэнд ганц л зовлон  байна. Хэт шуналтайгаасаа болоод зовоод байгаа нь сонин биш байна гэж үү. Будда анх гэгээрээд зовлон номлосон. Яагаад гэвэл бүх хүн зовлонг хүсдэггүй, жаргалыг хүсдэг. Тэгсэн хэрнээ л зовоод байдаг. Яагаад гэвэл зовлон юунаас бий болоод байгааг ухаараагүй. Үүн шиг бид эхлээд зовлонгийн шалтгаан хээл хахууль, шударга бусын, бүх муу муухайн үндсэн болсон амиа бодох шуналаас салах хэрэгтэй, ядаж үүнийгээ багасгах. Тэрнээс одоо шударга ёс гэж мянга орилоод нэмэргүй. Шударга ёс гэсэн уриа үг бус шударга бус зүйлийг ярих хэрэгтэй. Энэ нь нөгөө л шунал. Тийм болохоор хүмүүсийг МҮОНТ-ээр гарч буй “Бурхан багш” киног ганц удаа ч болтугай үзээсэй, бидний жаргал, зовлонгийн тухай ойлголт юу байсан байна гэдгээ, өөрийнхөө сэтгэлийг ганц удаа ч болтугай анзаараад хараасай хэмээн хүсэж “Бурхан багш кино сонирхогчид” фэйсбүүк групп нээсэн. Ингэснээр гадаадад байгаа болон ажил ихтэй хүмүүс нөхөж үзэхэд хялбар байх болов уу гэж санасан юм. Мөн кино задлан, тайлбар хийхээр төлөвлөж байгаа.

-Эгэл жирийн үзэгч, сүсэгтэнтэй харьцуулбал Бурхан багшийн намтар, сургаалыг гүн гүнзгий судалсан шашин номын хүний тань хувьд асуухад энэ бүтээлд Бурхан багшийн намтар, сургаалыг хэр үнэн зөв, орхигдуулалгүй багтаасан гэж харж байгаа вэ?

-Бурхан багшийн намтрыг Замба тивд заларсан нь, Эхийн хэвлийд оршсон нь, Төрсөн нь, Гэрээс гарсан нь, Тойн хувраг болсон нь зэрэг 12 зохионгуйд хуваадаг. Тиймээс амьдралынх нь дээрх 12 гол үйл явдал бүгд орсон учир үзэгчид энэ киноноос Бурхан багшийн намтрыг хангалттай мэдэж таньж авах боломж бий.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Номундалай: Бурхан багш зовлонг ялж, амар амгаланд хүрэх арга замыг хүн төрөлхтөнд амьдралаараа үлгэрлэсэн  
Үзсэн: 1852 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй