Шууд Chart

Сириателээс чөлөөлөгдөх Засгийн газрын шаардлагыг Рами Махлоуф хүлээж авахгүй

2020-05-22 13:55:49

Эх сурвалж: https://www.aljazeera.com

Сирийн тэрбумтан Рами Махлоуф өнгөрөгч ням гарагт эрх баригчдын зүгээс түүнийг үүрэн холбооны Сириател компанийнхаа албан тушаалаасаа огцрох сүүлийн хугацааг зааж, эс биелүүлбэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох тухай мэдэгдсэн гээд албан тушаалаасаа огцрохгүй гэв.

Махлоуфийн мэдэгдсэнээр Засгийн газар түүнд дарамт шахалт үзүүлж, компанийнхаа ашгийг өгөхгүй бол баривчлана гэж заналхийлжээ. Өөрийн үеэл бөгөөд Сири улсын ерөнхийлөгч Башар Ал Асадтай холбогдуулан Фэйсбүүкээр хийж буй видео бичлэгтээ тэрээр Засгийн газрын орлогын гол эх үүсвэр болох Сириателийн нуралт нь эдийн засагт маш хортой нөлөө үзүүлж болох тухай ярьжээ.

Махлоуф нь цахилгаан холбоо, үл хөдлөх хөрөнгө, барилга, газрын тосны худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулдаг бизнесийн эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд ерөнхийлөгчийн дотоодын иргэний дайны явцад шаардагдах зардлыг санхүүжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн түүний дотнын хүрээллийн хүн гэдгийг барууны албаны хүмүүс дурдсан билээ.

Засгийн газрын зүгээс “Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална, ням гараг гэхэд шаардлагыг биелүүлэхгүй бол компанийн хөрөнгийг битүүмжилнэ” гэсэн шаардлагыг Махлуфт тавьсан гэсэн боловч чухам өнгөрөгч ням гараг уу эсвэл ирэх ням гараг уу гэдэг нь тодорхой бус байгаа юм. Мөн эрх баригчид компанийнхаа ашгийн 120 хувийг өгөх эсвэл баривчлагд гэсэн тулгалт хийснийг хэлжээ.

Махлоуфийн зүгээс өөрийнх нь нэг хүнийг аюулгүйн албаныхан урьд өмнө хэзээ ч байгаагүй халдлага хийж хүнлэг бус аргаар баривчилсан хэмээн буруутгасан мэдэгдлийг саяхан хийсэн.

Өнгөрөгч зун эрх баригчид түүний Ал Бустан буяны байгууллага, мөн түүний цэргийн байгууллагыг татан буулгаснаас хойш Сирийн хамгийн том үүрэн холбооны оператор болох Сириател болон Ал Ассадын засаг захиргаа хоёрын дунд эрх мэдлийн төлөөх тэмцэл эхэлсэн юм.

Тус улсын Сангийн яам өнгөрсөн оны 12 дугаар сард хэд хэдэн бизнесс эрхлэгчдийг татвараас зайлсхийсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хөрөнгийг нь битүүмжилсний дотор Махлоуф болоод түүний эхнэрийн компаниуд ч багтсаныг Сирийн хэвлэлд мэдээлсэн. Бараг 9 жил үргэлжилсэн Сирийн дайны явцад олны анхааралд өртөж байгаагүй Махлоуф харин энэ оны 4 дүгээр сарын сүүлчээс эхлээд цахим хэрэгслээр эрх баригчид руу дайрч эхэлсэн байдаг.

Түүний мэдэгдсэнээр эрх баригчид 185 сая ам.долларыг Сириателээс төлөхийг шаардсан бөгөөд тэрбээр хөнгөлөлт үзүүлэх, мөн төлөх хугацааг өөрчилж өгөхийг хүссэн юм. Үүнээс гадна түүнийг албан тушаалаас нь огцруулахын тулд аюулгүй албаныхан ажилчдыг нь айлган сүрдүүлж баривчилж, саатуулдаг гэж буруутгажээ.

Их Британид төвтэй дайны нөхцөл дахь Сирийн Хүний эрхийн ажиглалтын төвийн мэдээлснээр 4 дүгээр сараас хойш Сириателийн 40 орчим, Ал Бустаны 19 ажилтныг баривчилсан байна. Махлоуф  ажилчдыг нь баривчилсныг эсэргүүцэж буйгаас гадна эрх баригчид 185 сая ам.долларыг төлбөл, мөн Сириателийн захирлын албан тушаалаасаа огцорвол ажилчдыг нь суллах тухай мэдэгдсэнийг онцолсон.

Түүний хувьд шаардаж буй мөнгийг төлөхөд татгалзах зүйл байгүй ч албан тушаалаа өг гэсэн эрх баригчдын шаардлага хэрээс хэтэрсэн зүйл гэж үзэж байгаа юм.

2000-аад оны үед Ал Ассад эцэг Хафэзийгээ залгамжилж, эрх мэдэл нэмэгдэх цагаас л Махлоуф Сирийн засаг захиргааны нэгэн тулгуур багана нь байсаар ирсэн билээ. Харин улсынхаа санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх авлигын эсрэг компанит ажлыг эхлүүлсэнтэй зэрэгцэн сүүлийн саруудад Махлоуф болон Ал Ассад хоёрын дунд хурцадмал байдал үүссэн гэсэн цуу яриа ч явж эхэлсэн байна.

Сирийн ерөнхийлөгчийн хувьд өнгөрөгч оны 10 дугаар сард нэгэн телевизийн ярилцлагын үеэр улсын төсвийн мөнгийг үрж шамшигдуулсан хувийн хэвшил дэх хүмүүсийг мөнгөө буцаан өгөхийг уриалсан юм.


Сириателээс чөлөөлөгдөх Засгийн газрын шаардлагыг Рами Махлоуф хүлээж авахгүй  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл MNB.mn сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй