Шууд Chart

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үүрэг чиглэл өглөө

2020-05-25 13:37:22

MNB Монголын Мэдээ суваг үзүүлж байна: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын 22 дугаар өргөтгөсөн хуралдаанд оролцож, үүрэг чиглэл өглөө.

Улсын Онцгой комиссын гишүүд ээ.

Эрхэм Хүндэт ард иргэд алба хаагчид аа.

КОВИД-19 халдварын цар тахлын тархалт дэлхий нийтийг түгшээж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.

БНХАУ, ОХУ-тай хил залгаа Монгол Улсын хувьд цар тахлын эрсдэл өндөр байгаа ч халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсэний үр дүнд өнөөг хүртэл халдварын тохиолдол гадаад улсаас зөөвөрлөгдөн ирснийг эс тооцвол дотооддоо халдварласан тохиолдол гараагүй байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварын болзошгүй тархалтаас урьдчилан сэргийлэх үйлсэд эрүүл мэнд, төрийн цэргийн болон хууль сахиулах, мэргэжлийн хяналт, гадаад харилцаа, зам, тээвэр, холбогдох бүх байгууллагуудын ажилтан, алба хаагчид хичээл зүтгэл, хүчин чармайлт гарган ажиллаж байгааг өндрөөр үнэлж байна.

Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

2019 оны 11-р сарын 14-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль мань шинэчлэн батлагдсан билээ. Ийнхүү 1992 оны Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулагдан,

- Монгол улсын аюулгүй байдал, ардчилал, тогтвортой хөгжлийн суурийг бэхжүүлэх,
- Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй ажиллуулах, түүнд тавих парламентын хяналтыг сайжруулж хууль тогтоох ажиллагааг чанаржуулах,
- улс төрийн намыг бэхжүүлэх,
- сонгуулийн тогтолцоог иргэний сонгох эрхийн шаардлагад нийцүүлэх, шүүхийг хараат бус, шударга болгох,
- нутгийн удирдлагыг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглах зарчмыг тодорхой болгох боломжийг бүрдүүлсэн Үндсэн хуультай болсон.

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс орон даяар дагаж мөрдөж эхэлж байгаа түүхт өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын иргэн бүрт Засгийн газрын нэрийн өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар баяр хүргэе.

Мөн 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 276 дугаар тогтоол гарч, байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхт болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж хамгаалах, хор хөнөөлийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Улсын байнгын онцгой комиссыг Сайд нарын Зөвлөлийн дэргэд байгуулж, комиссын бүрэлдэхүүн, ажиллах дүрмийг баталсан өдөр тохиож байна. Улсын онцгой комиссын нийт гишүүд та бүхэнд баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

КОВИД-19 халдварын тархалтаас улбаалан улс даяараа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ амаргүй цаг үед бидэнд дараа дараагийн сорилтуудыг эрсдэлгүй даван туулахын тулд Улсын Ерөнхий сайдын зүгээс дараах үүрэг чиглэлийг өгч байна.

Улсын онцгой комиссын гишүүд, холбогдох байгууллагуудад:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг зохион байгуулах;

2. КОВИД-19 халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарахыг дахин сануулмаар байна;

3. Улс, нийслэл, аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эсрдлийн үнэлгээг тогтмол үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг нь тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг зохион байгуулах;

4. Халдварын болзошгүй эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байуулах бэлтгэлийг хангах;

5. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороонд өгөх;

6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, эрүүл ахуйн ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэх;

7. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл, мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх;

8. Өндөр эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй нийт төрийн албан хаагчдад болон тэдний гэр бүлд дэмжлэг туслалцаа, шагнал, урамшуулал олгоход онцгой анхаарч ажиллах;

Иргэд олон нийтэд:

1. Бид сахилга, дэг журамтай байж, энэ аюулт халдвараас өөрсдийгөө хамгаална. Иймд иргэн бүр хувийн ариун цэврээ сахиж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг хатуу мөрдөх хэрэгтэй.

2. Төр засаг үүргээ гүйцэтгэж, гадаад улс орнуудаас иргэдээ үе шаттайгаар татан авч ирж байна. Цаашдаа ч манай Засгийн газар иргэдээ татан авчирна гэсэн байр суурьтай байгаа.

3. Оюутан, залуучууд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон энэ үед цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном, сурах бичиг, цахим эх сурвалжийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх.

4. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, олон нийтийг турхирах, төөрөгдүүлэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байх.

Эрхэм УОК-ын гишүүд, иргэддээ хандаж нэг юмыг дахин сануулж хэлэе. Бид маргааш юу болохыг тааж мэдэхгүй ч бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллах нь бидний хамгийн чухал гэдгийг дор бүрнээ анхаарч ажиллах цаг болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 6, 7-р саруудад халдварын тархалтын дахин давалгаа гарах эрсдэл өндөр байгааг бидэнд байнга анхааруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ сулруулахгүй байхыг зөвлөж байгааг бид сайтар даган мөрдөх хэрэгтэй байна.

Манай Эрүүл мэндийн яам ч халдварын тархалтын эрсдэл маш өндөр байгааг судалгаагаар нотолж байна.

Иймд иргэн бүр, байгууллага бүрийг хариуцлагатай ажиллахыг уриалж байна.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үүрэг чиглэл өглөө  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй